Сурвалжлага: Залуучууд зүрхний шигдээс болж, харвах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Залуучууд зүрхний шигдээс болж, харвах нь ихэсчээ

Сурвалжлага: Залуучууд зүрхний шигдээс болж, харвах нь ихэсчээ

Зуны ид халуун өдрүүд Монголд "айлчлан" иржээ. Зургадугаар сарын эхэн үед нийслэлчүүд цув, хүрэмтэй явж байсан бол сүүлийн өдрүүдийн аагим халуунаас болж цусны даралт нь ихсэх болсон байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үүдэнд сүүдэр бараадан зогсох настайвтар өвгөний даралт ихссэнээс болоод ийнхүү үзүүлэхээр эмнэлэг барааджээ. Их үд болоод тэрүү гадаа ёстой л "шатам" халуун байлаа.  Аагим халуунаас болж түүний даралт ихсэх болсон гэнэ. Ялангуяа Covid-19-өөр өвдсөнөөс хойш зүрхний хэм алдагдаж, цусны даралт  буухгүй болсон, байнгын эмээ уухгүй л бол хэцүүддэг тухайгаа хэллээ.  Харамсалтай нь, өглөөнөөс хойш дугаарлаад, үзүүлэх цаг авч чадаагүй гэнэ. Тус эмнэлэгт үзүүлэхийн тулд 7 хоногийн дараа дахин ирэхээр болжээ.

Өөрийгөө Б.Мөнхтайван гэж танилцуулсан залуу Covid-19-өөр өвдсөнөөсөө хойш тус эмнэлгээр байнга үзүүлж яваа гэнэ. Сүүлийн өдрүүдэд гадаах халуун 30 хүрч халж байгаагаас болоод мөн л зүрх нь тавгүйрхэж, даралт нь ихсэх болсон байна. Тиймээс дахин үзүүлж зөвлөгөө авах, ууж байгаа эмээ таарч буй эсэхийг хянуулахаар ирсэн ажээ.  Тус эмнэлгийн зүрх, судасны ачаалал ихтэй болсон байна. Сүүлийн үед хэт халуунаас болж зүрх өвдсөн, цусны даралт ихэссэн гэх шалтгаанаар эмнэлэгт үзүүлэх хүмүүсийн тоо өсчээ.

Тус эмнэлэгт өдөрт 100 гаруй хүн даралт ихэссэн гэх шалтгаанаар үзүүлдэг аж.  Харин энэ өвчнөөр 10 мянган хүн тутмын 14 нь нас бардаг гэнэ.  Монголд төдийгүй дэлхийд цус харвалтаар нас барах явдал нэгдүгээр бичигддэг аж.

 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн дарга, анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Л.Анхбаяр  цусны даралт хэлбэлзэлтэй байдаг хүмүүс үүнийгээ байнга анхаарч,  хэмжиж, уудаг эмээ халаасандаа авч явахыг зөвлөлөө.

-Зуны аагим халуун зүрх судасны болон цусны даралт өндөртэй хүмүүст сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн өдрүүдэд хэт халж байгаа тул даралт ихсэхээс хэрхэн сэргийлэх вэ, ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Температурын хэт халалт нь судасны агшилт сулралтад нөлөөлдөг. Үүнтэй холбоотойгоор даралтын түвшин нэмэгдэхэд хүрдэг. Нэгэнтээ ийм нөхцөл байдал үүссэн учир даралт ихсэх эмгэгтэй хүмүүст хандаж зөвлөхөд даралтынхаа эмийг тогтмол уух, таны хэрэглэж байгаа эм даралтыг зорилтот түвшинд барьж байгаа эсэхийг шалгах, өглөө өдөр орой бүр эм уусны дараа даралтаа хэмжих, эмийн тун буруу, эсвэл хэрэглэж байгаа эм тохирохгүй байна уу гэдгээ мэдэж авах хэрэгтэй.

-Он гарснаас хойш зүрх судасны өвчнөөр хэчнээн хүн эмнэлэгт хандсан бэ, нас барсан тохиолдол бий юу?

-Зүрх судасны тогтолцооны эмгэг нь дэлхийд ч, Монголд ч нас баралтын шалтгаанаар нэгдүгээрт бичигддэг өвчин. Учир нь даралт ихсэх өвчний цочмог хүндрэл нь харвалт, шигдээс байдаг. Эдгээр нь нас барахад хүргэдэг. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус таван өвчний гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин бичигддэг. Зүрх судасны өвчин гэдэг өөрөө маш том өргөн хүрээний ойлголт. Үүний дотор цусны даралт ихсэх өвчин илүү байдаг. Нийт өвчлөлийн 47.6 хувь буюу 10 мянган хүн тутмын 640 нь цусны даралтаар өвчилдөг.  Цусны даралт ихсэх өвчин хүн амын дунд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нэгдүгээр шалтгаан болж байгаагаас гадна  нийт нас баралтын 41.9 хувийг эзэлж байгаа юм. Цусны даралт нь зүрхний шигдээс болон цус харвалтын үндэс болж байна. Тиймээс эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх шаардлагатай.

-Сүүлийн үед зүрх судасны болон цусны даралт ихсэх өвчнөөр залуучууд өвчилж байгаа нь эмзэг асуудал болсон. Энэ нь Covid-19-тэй холбоотой юу. Яагаад эдгээр өвчнөөр өвчлөх хүмүүсийн нас залуужаад байна вэ?

-Covid-19 цар тахлыг үүсгэгч вирус нь зүрх судасны үйл ажиллагааг зохицуулагч системд нөлөөлдөг. Тэр утгаараа зүрх судасны суурь өвчтэй хүмүүсийг илүү хүндрүүлдэг.  Covid-19-өөр өвчилсөн хүмүүсийг шинээр зүрх судасны өвчинтэй болгох хандлагатай байдаг. Нөгөөтэйгүүр,  зүрхний шигдээс, харвалт, зүрхний дутагдалд хүргэх эрсдэлтэй.. Цаашлаад бөөрний дутагдалд ороход хүргэдэг. Тиймээс Монгол Улс "Монголын мянганы сорилтын сан"-д зүрх судасны өвчний тогтолцооны нас баралтыг шат дараатайгаар буулгая гэсэн зорилт тавиад, ажиллаж байгаа.

Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс нас залуужиж байгаа нь үнэхээр эмзэг асуудал. Биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст амьсгаадах, хавагнах, даралт  ихсэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Нэг кг жин нэмэгдэхэд нэг миллиметр мөнгөн усны баганаар даралт нэмэгдэж байдаг. Таван кг жин нэмэхэд нэг нас хорогдож байдаг. Тэгэхээр таргалалт нь нь зүрх судасний өвчин үүсгэх нэг томоохон шалтгаан болж байна. Мөн өөх тосны солилцооны алдагдал, хөдөлгөөнгүй байдал, давсны хэрэглээ ч үүнд нөлөөлнө гэлээ.

Тус эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө аваад гарч буй 40 эргэм насны эмэгтэй ярихдаа "Сүүлийн үед толгой нь байнга эргэж, нүд нь бүрэлзэж, амьсгаа давхцах болсон. Эмч үзээд даралт өндөр байна гэсэн.  Covid-19-өөр өвдөөд үзүүлсэн чинь цус өтгөрсөн байсан. Одоо байнга цус шингэлэх эм ууж байгаа.  Covid-19-өөр өвдсөн хүмүүс биеэ тэнхрүүлэхгүй байснаас үүдэж зүрх судасны хамааралтай өвчлөлд өртөх нь ихэссэн бололтой. .Covid-19-ийн дараах сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөнт дасгал, сэтгэлзүйн засал, реабилитаци зэрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэйг эмч зөвлөсөн" гэлээ.

Цар тахал нөлөөлсөн үү, эсвэл идэж ууж байгаа зүйлээсээ болсон уу сүүлийн үед зүрх судасны болон цусны даралт ихсэн өвчнөөр өвчлөх хүний тоо нэмэгдэхээс гадна нас залуужих болсон байна. Дөнгөж гуч шүргэж байгаа залуус зүрхний шигдээс болж, цус харваж эмнэлэгт хүргэгдэх нь нэмэгджээ. Иймээс аль болох өөх тостой зүйл идэх, согтууруулах ундаа хэрэглэхээ багасгахыг эмч зөвлөж байна.  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний тасаг Даваа гаригт бусад өдрөөсөө хамгийн их ачаалалтай байдаг аж.  Нааш цааш гүйх эмч, сувилагчид "завгүй, маш их ажилтай" болохоо учирлана. Харин тэнд үзүүлэхээр зогссон иргэд ачаалал өндөр, оочер их байгаад бухимдах.  Нэг нь үзүүлэхээр оронгуут л хаалгаар шагайж байгаад нэгэн эмэгтэй эмчид загнуулах нь ч сонсогдлоо.


ДААВРЫН ЭМ, ХАНИАДНЫ ДУСААЛГА УДААН ХУГАЦААНД ХЭРЭГЛЭХЭД ДАРАЛТ ИХЭСДЭГ

Тус эмнэлгийн эмч нарын хэлснээр "Даралт ихтэй хүнд артерийн даралт ихсэхээс өөр онцын шинж тэмдэг илэрдэггүй. Толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд өөр өвчний үед ч үүсч болдог" гэнэ.  Артерийн даралт ихсэх нь амин чухал эрхтэнүүдийг гэмтээдэг аж.  Тодруулбал, тархи, зүрх, судас, нүдний торлог, бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Артерийн даралт ихсэх өвчин нь зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн саатал зэрэг судасны өвчин үүсч хүндрэхэд хүргэдэг хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйл аж.  Иргэд өөртөө анхаарал тавихгүй явсаар зүрхний шигдээс, цус харвалт, уушгины хаван, энцефалопати, таталт болж хүндэрсэн тохиолдолд л эмнэлэгт ханддаг байна.

Дэлхийд 60-аас дээш насны хүмүүсийн 50 орчим хувь нь даралт ихсэх өвчтэй байна. Тэдгээрийн 1/3 нь л эмчид хандаж эмчилгээ хийлгэдэг ажээ. Зөвхөн 12 хувь нь эмчийн хяналтад байдаг бол 45 хувь нь өвчтэй гэдгээ мэдэлгүй явдаг байна.

Ямар даралтыг хэвийн гэж үзэх вэ? ДЭМБ-аас даралт 120/80 мм м.у.б байхыг хэвийн гэж тооцдог. 140/90 мм м.у.б болон түүнээс дээш бол даралт ихсэх өвчин гэж үзнэ. Артерийн даралт 150 мм м.у.б-аас дээш бол тухайн хүнд зүрхний шигдээс болох магадлал энгийн даралтыг бодвол 3 дахин, харин цус харвалт 2,5 дахин их тохиолддог гэнэ.

Даралт ихэсгэдэг 5 шалтгаан

Хүнс. Давс, кофе, бэхжүүлсэн вино, шар айраг нь даралт ихэсгэнэ.

Шарталт. Согтууруулах ундааны задрал нь тархины судсыг агшаадаг.

Нуруутай холбоотой асуудлууд. Яс мөгөөрсжил нь залуу хүмүүсийн даралт ихсэх шалтгаан болох нь элбэг.

Өвчтэй бөөр. Пиелонефрит болон шээсний чулуу өвчин даралт ихэсдэг.

Эм. Дархлаа дэмжих, дааврын эм, тэр ч бүү хэл ханиадны дусаалгыг удаан хугацаанд хэрэглэхэд даралт ихэсдэг.

Хэрэв таны даралт ихэсдэг бол юу хийх хэрэгтэй вэ? Юуны өмнө жингээ барих хэрэгтэй. Идэж буй хоолныхоо илчлэг, хэмжээг багасгавал жингээ барьж чадна. Мөн дасгал хөдөлгөөн тусална. Өдөр бүр 30-60 минут алхах, дугуй унах, усанд сэлэх хэрэгтэй аж.

Хоолондоо их хэмжээний давс хэрэглэхгүй байхыг зөвлөв. Давсны хэрэглээг өдөрт 5 гр хүртэл бууруулахад эерэг үр дүн өгч, бие тань дээрдэнэ.

Кальциар баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй гэв. Үүнд тослог багатай сүү, чангаанз, лууван, тоор, хар чавга орно. Мөн самар, ногоон ногоо (энэ нь кали, магнигаар баялаг), хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн (бичил элемент, амин дэм, эслэгээр баялаг) хэрэглэхийг зөвлөлөө.

Амьтны гаралтай өөх тос, транс тос (үйлдвэрийн чихэр, маргарин, майонез, түргэн хоол), мөн чихэрлэг хийжүүлсэн ундаанаас татгалз. Архи бага уух, тамхи татахаа зогсоосноор зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэв.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж