Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

МАН-ын "гар, хөл"

МАН-ын "гар, хөл"

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаараар УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Тогмидын Доржхандыг танилцуулж байна.


Парламентын гишүүд дундаа ганц гайгүй эдийн засагч, санхүүч гишүүдийн нэг нь Т.Доржханд гэгддэг. Гэхдээ Төрийн ордны босгоор алхсан анхны өдрөөсөө буюу гишүүний үнэмлэхээ авахдаа пүүз өмсөж, ангийнхнаасаа "онгойрсон" нь  олны шүүмжлэл, магтаал дагуулсан юм.

МУИС-ийг төрийн санхүүч, мэргэжлээр дүүргэж, Японы Хитоцубаши их сургуульд, төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр магистр хамгаалсан. Англи, орос хэлтэй. Ажлын гараагаа Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээр эхлүүлсэн. Тус яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, Олон улсын валютын санд Ази, Номхон далайг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх хийж байсан туршлагатай гээд намтар түүхээс нь дурдаж болно.

Харин улс төрийн түүх нимгэнтэй. 2016 оноос эхлэн С.Ганбаатарын угшилтай Хөдөлмөрийн үндэсний намд удирдах зөвлөлийн даргын алба хашиж, 2020 онд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, гишүүн болсон. Тэрбээр өдгөө ХҮН-ын даргын албан тушаал хашдаг.

Өнгөрсөн хоёр жил тэрбээр "шинэков" байхыг хүссэнгүй. Чуулганы хуралдаан дээр архагуудтай "ам зөрж",  ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж ирсэн юм. Олонд "зүслэгдэх"-ийн тулд пиартаа популизм ашиглаж, ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж, эрх баригчдыг наанаа байнга шүүмжилдэг. Харин цаанаа түүнийг, ХҮН-ыг МАН-ын утсан хүүхэлдэй гэж харах хүмүүс улс төрийн хүрээнд олон.

Өөрөөр хэлбэл, ХҮН ба түүнийг МАН-ын захиалгаар ажилладаг гэх хардлага бий. Учир нь, эрх баригч нам хийгээд парламентад суудалтай намууд зөвшилцөж, тунхаг бичигт гарын үсэг зурснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр болсон. Үүний эхлэлийг ХҮН-ын Т.Доржханд, АН-ын Н.Ганибал, Ш.Адьшаа нар тавьсан.  Тэрбээр сүүлийн хэдэн сарын турш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог улс төрийн гол сэдвээ болгоод зогсохгүй намынхаа чиг хандлагыг өөрчилснөө зарласан. Зүүний үзэлтэй ХҮН барууны үзэл баримтлалтай болсон нь  өнгөлөн далдлалт байж мэднэ.

Өнгөрсөн хавар Т.Доржханд гишүүн төв талбай дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд 100 мянган хүний гарын үсэг цуглуулж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэх жагсаал хийсэн.  Харамсалтай нь, түүний жагсаалыг дэмжсэн нь цөөхөн. Гэхдээ жагсаал хийсэн цаад шалтгаан нь МАН-ын өгсөн даалгавар байлаа. Уг жагсаалаас гарсан санал санаачилгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснээр эрх баригчид эцэг хуульд гар дүрэх боломжтой болж байгаа юм.

Т.Доржхандын гомдлоор Үндсэн хуулийн Цэц түүний санасныг гүйцэлдүүлж, сонгуулийн тогтолцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.  Тэрбээр “Төсөв алдагдалтай, өр өсдөг, эдийн засаг хүндэрдэг жижиг 76 тойрогтой парламент өнөөдөр дуусгавар болж байна. Пропорциональ тогтолцоо бий болж байна гэж ойлгож болно. Монгол Улс нэг том тойрог боллоо. Сонгогдсон гишүүн 3.5 сая хүний төлөө бодлого ярьдаг, кноп дардаг нөхцөл бүрдлээ” гэж хэлсэн. Гишүүдийн тоог нэмж, пропорциональ системтэй болгочихвол ядаж л нэг суудлаа нэмэх боломжтой гэж тэрбээр тооцож байгаа нь худлаа биш.

Үндсэн хуулийн өөрчлөлт МАН тустай ч, ХҮН-д бас хэрэгтэй байгаа. Тиймээс МАН-ын даалгаврыг гүйцэтгэхээс татгалзаагүй бизээ.

Т.Доржханд гишүүнийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд 2021 онд хамгийн бага орлоготой гишүүдийн тоонд бичигдсэн. Тухайлбал, түүний жилийн орлого 13  сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 145 сая төгрөг байжээ. Мөн нэг тэрбум, 90 саяар үнэлэгдэх орон сууц, нэг зуслангийн байшинтай хэмээн дурджээ. Үүнээс гадна нэг тэрбумын авлагатай бөгөөд “Монре даатгал”, “Монреимпекс”, “Стандарт инвестмент”, “Айтүүлс” ХХК, “Авто Хаб” зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Хоёр жил гаруй парламентад суухдаа банкны реформ, тогтолцоог өөрчлөх, авлига, төсвийн хулгайг таслан зогсоох ёстой талаар ярьснаас биш түүнээр овоглох хууль бараг байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. УИх-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийн тоонд багтдаг.

Т.ДОРЖХАНДЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ

1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1999 онд МУИС, төрийн санхүүч, бакалавр
2004 онд Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр
2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” магистр
2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1999-2002 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтэн
2003-2004 онд Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан
2005-2012 онд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, “НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч
2012-2013 онд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга
2013-2015 онд АНУ Вашингтон хот. Олон улсын валютын сан,. Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх
2016-2020 онд Хүн намын удирдах зөвлөлийн дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

2012 онд "Алтан гадас" одон

ГАДААД ХЭЛ

Англи, орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж