НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2022.06.28/ Испанийн Мадридад эхэлж байна. Уулзалт гурав хоног үргэлжлээд, Пүрэв гаригт өндөрлөнө. Дайны асуудал энэ удаагийн уулзалтаар түлхүү яригдах нь тодорхой хэдий ч сүүлийн үед Орос болон Хятадын нөлөө Африкийн орнуудад улам их нэмэгдэх болсонтой холбоотойгоор тус эвслийн стратегийн шинэ үзэл баримтлал Африк руу чиглэж байна.
Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчийн хувьд Испани улс Европын өмнөд жигүүрт илүү их анхаарал хандуулахыг хүсэхийн зэрэгцээ Африкт ойр байгаагаа онцлон тэмдэглэхийг хүсч буй юм. Оросын "Вагнер" группийн хөлсний цэргүүд Кремлийн нөлөөг Африк тивд идэвхийлэн түгээж байгаа бол Хятад улс өөрийн оролцоогоо чимээгүйхэн бэхжүүлж байна. Иймд Орос, Хятад хоёрт анхаарлаа хандуулаасай гэж Испани тэргүүтэй бусад гишүүд барууны холбоотнуудаасаа хүсч буй аж.
НАТО-гийн үндсэн стратегийн үзэл баримтлал 1949 оны Хойд Атлантын гэрээгээр баталгаажсан. Уг гэрээнд эвслийн нэг гишүүн рүү халдсан тохиолдолд бусад бүх улс руу халдаж байна гэсэн үг гэж заасан байдаг. Барууны аюулгүй байдлын хөтөлбөрийг шинэчлэхийн тулд арван жил тутамд үзүүлэлтүүдийг шинэчилдэг байна.
Одоогийн мөрдөгдөж буй хувилбарыг 2010 онд Лиссабонд баталсан. Энэ хувилбарт НАТО-гийн нутаг дэвсгэрт ердийн дайны эрсдэл бага гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдөж, Орос улс НАТО-гийн зүүн хилд дайныг ойртууллаа. Тиймээс НАТО Украиныг зэвсгээр хангаж, тулалдаанд татагдан орох бодит эрсдэлээс зайлсхийн ажиллаж байна.
ОРОС БА АФРИК
Эндээс харвал НАТО-гийн нэн тэргүүний санаа зовох асуудал Орос болжээ. Гэхдээ дэлхийн хэмжээнд үзэл баримтлалаа өргөжүүлэх ёстой гэдэг дээр эвсэл санал нэгдэв. Тодруулбал, дайны хөлд нэрвэгдсэн орнуудад Оросын "Вагнер" группийн нөлөө асар их ажээ. Африк дахь нөхцөл байдал нь Орос, Хятад хоёроос хамааралтай гэж НАТО үзэж байна.
Улс төрийн мөргөлдөөн, терроризм, ган гачигт нэрвэгдсэн Сенегалаас Судан хүртэлх Сахелийн бүс нутагт Орос хүчээ авчээ. Неонацистууд болон барууны хэт даврагчидтай холбоотой "Вагнер" групп Сирийн дайнд оролцож, түүнээс хойш Ливи, Мали, Судан, Төв Африкийн бүгд найрамдах улсад байр сууриа улам бэхжүүлсэн.
Хуучин Францын колони байсан Малид л гэхэд "Вагнер"-ын цэргүүд колоничлогчдын хоосон орон зайг нөхөх болов. Харин Суданд Орос улс эдийн засгийн холбоо байгуулахыг санал болгосноор Улаан тэнгист цэргийн бааз байгуулах амлалтад хүрсэн. Төв Африкийн бүгд найрамдах улсын алт, очир эрдэнийн уурхайг "Вагнер"-ын дайчид хамгаалж буй. Хариуд нь Путин уурхайн нөөцөөс авдаг ажээ. Энэ мэтчилэн Африкийн орнуудад Оросын цэргийн нөлөө үлэмж их болжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон НАТО-г Сахелийн бүс нутагт илүү их оролцоотой байхыг шаардсаар ирсэн. "Вагнер"-ын цэргүүд очсоноор Төв Африкийн бүгд найрамдах улс, Ливи, Сирид хүний эрх зөрчигдөх болсон гэж Францын эрх баригчид буруутгаж байна. Сирид олон жил үргэлжилсэн иргэний дайны үеэр Орос улс тэднийг дэмжиж байсан.
Тэр үеийн цэргийн кампанит ажил Оросыг зоригжуулж, дэлхийн энэ хэсэгт илүү идэвхтэй байж болох юм байна гэсэн сэдэл төрүүлсэн гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хавьер Солана хэлжээ. Сахел, Марокко, Алжир зэрэг улсад тогтворгүй байдал улам газар авч буй тул НАТО-гийн өмнөд хэсгийн орнууд дэлхийн энэ хэсэгт нүдээ нээж, анхаарлаа хандуулаасай гэж хүсч буйгаа Хавьер Солана илэрхийлэв.
НАТО-д суугаа Италийн Элчин сайд Франческо Мария Тало хэлэхдээ, “Африк дахь хүмүүнлэгийн хямрал НАТО-гийн бүх холбоотонд хамаатай” гэжээ.
ХЯТАД БА АФРИК
НАТО стратегийн шинэ баримт бичигтээ Хятадын цэргийн хүч Номхон далайд өсөн нэмэгдэж буй талаар дурдах төлөвтэй байна. Хятад улс Африкийн эрэгт тэнгисийн цэргийн бааз байгуулахаар оролдож байгааг АНУ-ын Африк дахь командлалын командлагч, армийн генерал Стивен Ж.Таунсенд анхааруулсан. Нэгэн цагт Африкийн цорын ганц колони байсан Хятад улс Экваторын Гвинейд цэргийн баазаа байгуулахаар чармайж байгаа аж.
Хятад улс Зүүн Африкийн Жибутид цэргийн баазтай. Энэ нь гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц бааз нь юм.
Африк өөрийн нутаг дэвсгэр дээр гадаадын цэргийн бааз байгуулах тал дээр хатуу байр суурьтай байдаг. Тиймээс ирээдүйд Хятад улс илүү олон цэргийн бааз байгуулах уу гэдэг асуулт урган гарч ирээд буй юм. Африкт гадаадын цэргийн баазууд хэдий олон байгуулагдана төдийчинээ тус тивийг гаднын өрсөлдөөний талбар болгоно гэж үзэж байна.
Маврикийн Агалега арал дээр Энэтхэг улс хамгаалалтын байгууламж барихаар төлөвлөж буй. Энэтхэгийн далайд Хятад улс улам бүр нөлөөгөө тэлж буйтай энэ үйл явдлыг холбон ойлгож байна. Ихэнх тохиолдолд Африкийн иргэд улс оронд нь гадаадын цэрэг байгаа эсэх, энэ тал дээр хоёр талын батлан хамгаалах гэрээ бий эсэхийг ч мэддэггүй. Жибути дэх бааз нь үүний нэг жишээ гэхэд болно.
Хятад улс 2016 онд барилгын ажил эхлэх хүртэл цэргийн баазын тухай яриа хэлэлцээ хийж байгаагаа үгүйсгэсээр байсан. Эхэндээ үүнийгээ олон нийтийн зориулалттай цогцолборын нэг хэсэг гэж танилцуулж байжээ. Өдгөө Жибути боомт дээр 2000 цэргийн албан хаагч байнга байрлаж, нисэх онгоц тээгч хөлөг онгоц багтаах боломжтой зогсоол барьж байна. Уг байгууламжийн ажил дууссанаар Хятад улс Номхон далайн баруун бүсээс цааш эрчим хүчээ гаргах боломжтой болно.
Эх сурвалж: EURONEWS, AFRICA CENTER
Холбоотой мэдээ