Сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуулийн цэц/ҮХЦ/-ээс эцэслэн шийдвэрлэсэн тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Дөнгөж сая ҮХЦ-ийн их суудлын хуралдаан боллоо. Удаан үргэлжилсэн асуулт, хариулттай мэтгэлцээнтэй хурал боллоо. Сая шийдвэр нь гарлаа. Өнөөдөр сонгуулийн пропорцианоль тогтолцоог ашиглаж болох уу эсэхийг эцсийн байдлаар шийдлээ. ҮЦХ бол Үндсэн хуулийг хамгаалдаг, эцсийн шийдвэрийг гаргадаг. Түүний дээр хөх тэнгэр байдгаа ч гэж ярьдаг. Гаргасан шийдвэр нь нотолгоон дээр үндэслэсэн гэж ойлгож болно. Олон зүйлийг нягталсан гэж ойлгож хүлээж аваарай. Парламентын ардчилал бэхжих суурь бий боллоо. Төсөв алдагдалтай, өр өсдөг, эдийн засаг хүндэрдэг жижиг 76 тойрогтой парламент өнөөдөр дуусгавар болж байна. Пропорцианоль тогтолцоо бий болж байна гэж ойлгож болно.
Монгол Улс нэг том тойрог боллоо. Сонгогдсон гишүүн 3.5 сая хүний төлөө бодлого ярьдаг, кноп дардаг нөхцөл бүрдлээ.
Пропорцианоль тогтолцоотой болсноор санал гээгдэхгүй. Өнөөдрийн тогтолцоогоор 400-500 мянган хүний санал гээгдсэн. Энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж буй үеэр энэ асуудал яригдлаа. Хуульч Д.Үүрцайх бид хоёр асуудлыг ярьж байсан. Нэмэлт мэдээлэл ч өгсөн. Үр дүнд нь өнөөдөр их суудлын хуралдаан боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цаашид яригдана. Сонгуулийн холимог системийг оруулах нь чухал. Үүнийг ҮЦХ эцэслэн шийдвэрлэлээ. Одоо ямар ч маргаан байхгүй. УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ. Монголын парламент давжаа байна. Хэрэв гишүүдийн тоог нэмэгдүүлбэл 120-150 гишүүн байх хэрэгтэй. Энэ танилцуулгыг одоо УИХ-ын гишүүд тойрогтоо хийж байгаа. Ямартай ҮЦХ хууль ёсны дагуу үүнийг зөв байна гээд шийдчихлээ. Иргэн хүний хувьд мөн намын даргын хувьд ҮЦХ хараат бус байдлаар шийдсэнд талархалтай байна.
Хуульч Д.Үүрцайх:
-ҮХЦ зарчмын суурь шийдвэр гаргалаа. Албажиж текстээр гараагүй ч шийдвэрийг та бүхэндээ танилцуулъя. ҮХЦ-ээс өмнөх дүгнэлтүүд хоорондоо зөрчилдсөн гэдгийг дүгнэсэн. Сонгох, сонгогдох эрхийн зарчмыг хангасан байдлаар ямар ч сонгуулийн тогтолцоог сонгон хуульчлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж байна гэж дүгнэлээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 21 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийг өөрчлөн найруулсан. Ийнхүү өөрчлөн найруулснаар энэ УИХ-ын бүрэн эрхийг тодорхой болгож, баталгаажуулжээ. Ингээд цэцийн тогтоох хэсэгт 2012 оны хоёр шийдвэр, 2016 оны тавдугаар дүгнэлтийг хүчингүй болгон энэ ҮХЦ-ийн шийдвэр яг одооноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэдгийг дурдсан.
Сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд хичнээн хүн оролцсон бэ?
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Өмнө нь ҮХЦ-ийн дунд хуралдаанаар асуудлыг шийдэж байсан юм билээ. Өнөөдөр их хуралдаанд есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Хууль тогтоогчийг төлөөлж УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, мэдээлэл гаргасан хүний хувьд хуульч Үүрцайх болон миний бие оролцсон. Өмнөх сонгуулийн тогтолцоотой холбоотой шийдвэр, дүгнэлтийг ҮХЦ гаргаж байсан нь үнэн. Гэвч энэ нь нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэсэн, сонгуульд энэ нь хэрэглэгдсэн. 2012-2016 онд пропорцианоль элементийг оруулсан ч 2016 оны сонгуулийн өмнө шийдвэр гаргаж үүнээсээ ухарсан. ҮХЦ-ийн хурлын үеэр үүнийг ашиглаж болох ч өнөөдрийн хуулийн зохицуулалтаар пропорцианоль элемент орох боломжгүй байна гэдэг ойлголттой байгааг гаргаж тавьсан. Энэ байдлыг ч ойлгож, илүү тодорхой байдлаар шийдвэрээр хэлэлцэнэ гэсэн. Эцсийн шийдвэр хэнээс ч хараат бусаар гарсан гэж ойлгож байна. Өнөөдрийн шийдвэр зарчим дээр гарч ирсэн эцсийн шийдвэр. Дахиж пропорцианоль элемент болохгүй гэдэг маргаан Монгол Улсад байхгүй. Ганцхан Үндсэн хуулийг өөрчилсөн тохиолдолд энэ талаар ярина.
Хуульч Д.Үүрцайх:
-Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн байгуулал, төр иргэний хоорондын харилцааг зохицуулдаг. Энэ ч утгаараа ҮХЦ-ийн гаргасан шийдвэр улс төрийн агуулгатай байж болдог. Гэхдээ улстөржсөн байж болдоггүй. Гэхдээ цэц сонгох, сонгогдох эрхийн асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага. Цаашдаа ч ийм төрлийн шийдвэр гаргах ёстой. Харин өнөөдөр цэц маань дараагийн хөгжлийн шатандаа гарлаа гэж харлаа. Өмнөх буруу, агуулгын зөрчилтэй шийдвэрүүдээ хүчингүй болгож, нэг мөр болгон, эрх зүйн тогтвортой байдал үүсгэсэн нь дэвшилттэй байна гэж харлаа.
–Цаашдаа хуулийн нэмэлт өөрчлөлт саарах уу?
–Нэмэлт өөрчлөлт цаашаа явдгаараа явна. Бид нар энэ цаг үед парламентын ардчиллаа бэхжүүлэх ёстой. Үүний хүрээнд сонгуулийн тогтолцооны асуудал зөвхөн нэг хэсэг нь. Улс төрийн намууд уулзаад тунхаг бичиг зураад хүрээгээ тодорхойлсон. Нэгдүгээрт, төрийн тогтвортой байдал, тогтолцооны асуудал. Хоёрдугаарт, хүний эрх. Гуравдугаарт, хот хөдөөгийн хөгжлийн асуудал. Дөрөвдүгээрт, сүлдээ өөрчлөх үү гэдэг асуудал. Парламентын тогтолцоо бэхжүүлэхийн тулд гурван зүйл тогтвортой байх ёстой. Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоо – холимог систем. Хоёрдугаарт, парламентын гишүүдийн тоог нэмэх. Гуравдугаарт, парламентад байдаг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллах боломжийг нээж өгөх. Парламентын гишүүдийн тоог өсгөхгүйгээр давхар дээл яривал бид эсэргүүцнэ. Өнөөдөр зарим улстөрчид ийм өөрчлөлт хийгдэх болоогүй гэж ярьж байна. Уучлаарай бид 30 жил ингэж явлаа. Тогтолцоо нь өөрөө бүрдүүлэхгүй байгаа болохоор улс төрийн намууд ширгээд дууслаа. 30 жилийн өмнө 4-5 нам парламентад суудалтай байсан бол одоо үндсэндээ гурван нам байна. Гэхдээ бодит байдал дээрээ нэг намын тогтолцоо руу яваад орчихлоо. Бусад улс төрийн намууд төлөвшөөгүй, институти болоогүй байна.
Холбоотой мэдээ