Чингис хааныхаа 860 жилийн ойг тэмдэглэе!

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Чингис хааныхаа 860 жилийн ойг тэмдэглэе!

Чингис хааныхаа 860 жилийн ойг тэмдэглэе!

МАН ардын хувьсгалын 100, 101 жилийн хоёр ойг нэгтгэн тэмдэглэх гээд сүйд. Удахгүй гудамж, талбай бүхэлдээ Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гэсэн сурталчилгаагаар улаарна. Хөх монголчуудыг хэрхэн улааруулсан, түүнийг хаанаас хийсэн талаар “МАН-ын бахархалт-Монголчуудын гунигт түүх”  нийтлэлд дурдсанчлан үнэндээ МАН//МАХН/-ын 100 жилийн ой аль 2020 онд болоод өнгөрсөн билээ. Түүхэн ой учраас ТББ-ыг шүүх болгож байгаад даргын бөхийг барилдуулахаар боллоо. Түрүүлэх бүх бэлтгэлийг хангасан биз ээ. Гэхдээ бодох хэрэгтэй.

Ой тоолж тэмдэглэхдээ хүрвэл Монголын анхны төрт улсын  2230 жилийн ой тохиож байна. Төр улс, түүх соёлын өнө эртний түүхтэй атлаа бүхнийг 100-тай холбох нь үнэндээ бид өөрсдийгөө үгүйсгээд байгаа бус уу? Монголчууд 100 граммаас дэндүү хамааралтай болсон талаар хаваржин дарамталсан. Нэр заалгүй, нийтээр нь иргэдээ доромжилсон шигээ үүх, түүхээ, төрт ёсоо харин доог тохуу болгомооргүй санагдана.

Татвар, цагдаагаас эхлээд төрийн бүх байгууллага өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэж, тэрүүхэндээ медаль хийлгэж, тов хийсэн төсвөөс тансаглаад авсан. Зарим нь энэ жил хийж байна.

Монгол ердөө 100 жилийн өмнө бүрэлдэн бий болсон улс шиг хөл хөөрцөг болох нь МАН-ыг цөөхөн монголчуудад том нам гэж харагдуулж болно. Гэхдээ бусдад бол биднийг жижиг дээрээ бяцхан тархитай гэж л харагдуулна. Их байлдан дагууллын үед харийн нутагт үлдсэн цус нэгтнүүддээ бол бүр цөхөрмөөр санагдах нь ойлгомжтой.

Гэтэл дэлхийн дайдыг морин туурайгаараа тамгалсан эзэнт гүрнийг эхлэлийг тавьсан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой эдүгээ тохиож байна. Энэ чинь бидний холыг харж, хоёрыг бодож, гадаадад өөрсдийгөө таниулах том сурталчилгаа биш үү?

Бусдын мэдэлд байхдаа ч бид их хааныхаа 800 жилийн ойг тэмдэглэжээ.

Баабарын “Монголын түүх” номд өгүүлсэнчлэн, удаан хугацаагаар Хятадад эмчлүүлж байсан  Улс төрийн товчооны(УТТ) гишүүн Дарамын Төмөр-Очир хятадууд Чингисийн ойг тэмдэглэх гэж байгаа тухай мэдээтэй ирсэн бөгөөд Чингис хааныхаа ойг тэмдэглэх саналыг УТТ-ний хурал дээр Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх асуудлыг Д.Төмөр-Очир оруулж, дэмжүүлсэн аж. Ингэхдээ марк гаргасан ч хожим усгалд оруулжээ. Харин Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Дэлүүн болдогт босгосон Чингис хааны хөшөө нь нураахыг тушаасан олон шалтагийг даван гарч эдүгээ цагтай золгожээ.

Харин төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Төмөр-Очир 1962 онд Чингис хааны мэндэлсний ойг тэмдэглэж, Хэнтий аймагт хөшөө босгуулж, марк хийлгэснийхээ төлөө үндэсний үзэлтэн, улс төрийн ноцтой хэрэгтэн хэмээн Хөвсгөл аймгийн Ханх сум буюу Монголын хамгийн хойд цэг рүү цөлүүлжээ. Хожим хотод ирэх эрхгүйгээгээр Дарханд амьдарч байсан Д.Төмөр-Очир агсныг 1985 оны аравдугаар сарын 2-нд гэрт нь сүхдэж хөнөөсөн билээ. Хачирхалтай нь, Монголын Их хааны мэндэлсэн ойг тэмдэглээд хэлмэгдсэн түүний аллага С.Зориг агсныг хөнөөсөнтэй өдөртэй ижилхэн аравдугаар сарын 2-нд болсон бөгөөд хэргийн эзэн олдоогүй. Хаагдаж, нээгдэж байдгаас нь харвал улс төрийн захиалгат тохуурхал гэлтэй.

Хамгийн гол нь бид өнөөдөр эрх чөлөөт тусгаар тогтносон улс атлаа Их хааныхаа тэгш ойг тэмдэглэхээс чимээгүйхэн татгалзаж, намын ойг дөвийлгөхдөө ч эмзэглэсэнгүй. Өөд болоочийн нэрийг хэлэхээс цээрлэхдэг монголчууд “Өндөр хаан” хэмээн гүн утга, учиртай өгсөн нэрийг Чингис хаан хот болгоод өөрчлөгдөж гавьсангүй. Аугаа хаад, анд нөхдийн нэрийг барьж хөшөө босгоод хөгөө чирээд буцаан буулгалаа.

Чингис хааны музей хэл, амтай байгуулж байна. Мэдээж ирээдүйдээ Монголын төрт ёс, түүх соёлын хосгүй музей болох нь ойлгомжтой. Гэхдээ ядаж энэ их түүхийн музейгээ наадмаараа нээгээд, Чингис хааныхаа мэндэлсэн тэгш ойгоор босголоо гээд сурталчилбал гоё биш үү?

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн нутаг дэвсгэр, өнөө цагийн хил хязгаараа хар л даа. Жижгэрсэн газар нутаг шигээ өчүүхэн бодолтой баймааргүйсэн.

Хамгийн гол их хааны суу заль, гүн ухаан, үзэл баримтлал, үнэт зүйлс нь юунд байж, юу нь түүнийг дэлхийн суутнуудын эгнээнд зүй ёсоор оруулав гэх дотоод мөн чанар руу маш бага өнгийжээ. Архины лонхонд залж, амралт, уушийн газар, банк, банк бусад нэрийг нь өгснөөрөө арай гэж Д.Сүхбаатараас илүүд тооцогдож байх шиг.

“Ардын хувьсгалын 100 жилийн төлөө” гэж баяр болгон наадамлаж, нэгэндээ төмөр өгч, зуу татах сайхаан. Харин татсаар татсаар тасраад сэрэхэд түүхээ тасдуулсан байх вий. 60 жилийн өмнө Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэхийг санаархаж асан их гүрэн долоохон жилийн өмнө бас Хубилай хааны ойг нижгэр тэмдэглэсэн. Гэтэл бид мянгаар тоологдох төрт ёсныхоо баяр цэнгэлийг 100-гаар тоолж зуу татан согтуурах гэж үү? Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн баяр наадам болгоход өчүүхэн эрх ашиг, аминчхан үзэл л тушаа болсон нь хэнд ч ойлгомжтой. Аминчхан бодлынхоо хүлээсийг тасдаж, ард олноо нэгэн зүгт нийтээрээ харахад хамгийн том түлхэц болох боломж энэ биш гэж үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж