"Монгол Нобелийн шагналтантай болно гэдэгт итгэлтэй байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

"Монгол Нобелийн шагналтантай болно гэдэгт итгэлтэй байна"

"Монгол Нобелийн шагналтантай болно гэдэгт итгэлтэй байна"
МУ-н ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монголын зохиолчдын нэгдсэн их хурал өнөөдөр/2022.06.27/ төрийн ордонд эхэллээ. Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын асаасан ариун гал голомтыг эвлэлдэн хүрээлж, авьяас билэг, ариун их бүтээл зохиолоороо бадрааж, энэ цагийн гэрэлтүүлж яваа уран үгсийн ухаант мэргэд ээ, тэртээх 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр 17 хүн эвлэлдэн нэгдэж, Монголын зохиолчдын байгууллагын гал голомтыг бадраасан бөгөөд эдүгээ 1700 гаруй зохиолч, яруу найрагчидтай үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болж, мэргэшсэн зохиочид, судлаачид, шүүмжлэгчдийн нэг үе бүрэлдэн тогтсоныг энэ сайхан өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэхүү түүхэн цаг хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах, Монголын ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсарыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл боловсролыг түгээх эрхэм үйлст зохиолч, яруу найрагч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ. Монголын зохиолч, яруу найрагчдын эх орон, ард түмнээ гэсэн их итгэл сэтгэл олон мянган ном зохиол, жүжиг, кино болон олон нийтийн хүртээл болж, суут найрагчийн онож хэлснээр “Жолоочоос жолоодогчийг хүртэл” хүмүүжүүлэн монголчууд биднийг нэгэн хүсэл зориг дор нэгтгэж, соёл гэгээрүүлэх үйл үйлсийг оройлон манлайлж, өнөөгийн монголчуудын үзэл санаа, ёс суртахууныг төлөвшүүлэхэд асар чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

Өнөөдөр Монгол Улсын соён гэгээрүүлэгч зохиолч, яруу найрагч та бүхэн ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг хариуцлагаа ухамсарлан төрийн тэргүүнийхээ санаачлагыг дэмжиж, Монголын зохиолчдын эвлэлийн гал голомтдоо эвлэлдэн нэгдсэнд гүн талархал илэрхийлье. Энэхүү үйл явдал нь манай зохиолчдын эвлэлийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж, цаашид Монголын зохиолчдын эвлэлийн үйл хэрэг мандан бадрахыг үндэс болох нь лавтай. Монгол Улс хөгжин дэвжиж, сэргэн мандахад нийгмийн соён гэгээрэл хамгийн чухал үүрэгтэй. Оюуны бүтээл, эрдэм номын үнэ цэн унах нь урлаг, утга зохиол цэцэглэн хөгжих хөшүүргийг сулруулж, ард түмний оюун санаа, ёс суртахуунд ихээхэн хохирол учруулах хор уршигтайг бидний туулсан сүүлийн 30 жил тод харууллаа. Улс оронд ямар ч сорил бэрхшээл тулгарсан соёл урлаг, утга зохиол, соён гэгээрүүлэх талаар баримтлах төрийн бодлого огт алдагдаж болохгүй. Тиймээс 25 жилийн дараа та бид соёлын яамтай болсон. Соён гэгээрлийн их наран болсон соёл урлаг, утга зохиол, яруу найргийн салбарыг мунхагийн хар сүүдэр дахин бүү дайраасай билээ гэж бодож байна. Оюун санааны сор болсон шилдэг бүтээл, туурвилыг төр засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болох асуудлыг анхаарах цаг нэгэнт болжээ. Түүнчлэн бидний хойч үе болсон хүүхэд багачуудаа монгол хүн дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг хүүхдийн уран зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач, шүүмжлэгч, хүн төрөлхтний оюун санааны гүүр болох мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатай байна.

Мөн Монголын яруу найраг, утга зохиолын шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудынхаа хүртээл болгох, олон хэлэнд орчуулан дэлхийн уншигчдад Монголын утга зохиолыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, дэлхийн бүтээл, зохиолыг яруу тансаг монгол хэлнээ утга төгөлдөр орчуулан ард түмнийхээ хүртээл болгох асуудал чухал байна. Дэлхийн сонгодог бүтээлүүдтэй эн тэнцэхүйц Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар зэрэг хосгүй үнэт оюуны бүтээлийг яруу найрсгаар туурвин үлдээсэн их мэргэдийн үр сад бид дэлхий дайнаас дэлэм дутахгүй, алдар суутнаас алд дутахгүй бүтээж туурвих оюун ухаан, бэлгэ авьяастай хүмүүс. Цагийг эзэлсэн чансаатай дэлхийд өрсөлдөхүйц зохиол бүтээл туурвих нь та бүхэнд өгч буй энэ цаг үеийн захиалга юм. Энэхүү түүхэн захиалгыг амжилттай хэрэгжүүлж чадсанаараа манай зохиолч, яруу найрагчид, уран зохиол судлаачид үндэсний төдийгүй дэлхийн уран зохиолын сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулах болно.

"Хүлэг минь, шүлэг минь, чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэж дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлэглэсэнээр Монголын яруу найрагчид, зохиолчдын бүтээл дэлхийн уран зохиолын ертөнцөд цахиур хагалж, Монгол Улс Нобелийн шагналт зохиолчтой болно гэдэгт Монголын ард түмэн итгэл төгс байдаг. Эв нэгдлийг эрхэм болгож, эрх чөлөөг эрдэнэ болгосон Монголын уран зохиолын ариун галт голомт мөнхөд дүрэлзэж байх болтугай. Монголын зохиолчдын яруу алдар бадартугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж