Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны зургадугаар сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурлаараа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцийн хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсч буй.
Төв банкны Мөнгөний бодлогын хороо инфляцийн хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсч буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан талаараа мэдээлсэн билээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа, эдийн засагч Б.Лхагважав нар дээрх шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.
"БОДЛОГЫН ШИЙДВЭРЭЭС УЛБААЛЖ ӨСЧ БАЙСАН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ҮРГЭЛЖЛЭН НЭМЭГДЭНЭ"
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.БАЯРДАВАА:
-Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага юунд байв? Бодлогын хүүг нэмэгдүүлснээр санхүү, эдийн засгийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Мөнгөний бодлогын хүүгийн энэ удаагийн шийдвэр өмнөх шийдвэрүүдийн үргэлжлэл. Хуримтлагдсан бодлогын нөлөө томорч байна гэсэн үг. Өнгөрсөн нэгдүгээр сард бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлсэн. Түүнтэй зэрэгцүүлээд төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар чангаруулсан. Өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Ийн бодлогын хүү 3-6 нэгж хувиар нэмэгдээд, заавал байлгах шаардлагатай нөөцийн хэмжээ 2 хувиар нэмэгдсэний хойноос бодлогын хүүг дахин нэг нэгж хувиар нэмэгдүүлж байна. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор гарах хамгийн эхний үр дүн бол хадгаламжийн хүү нэмэгдэнэ. Өмнө гарсан бодлогын шийдвэрээс улбаалж өсч байсан хадгаламжийн хүү үргэлжлэн нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь төгрөгийн өгөөжид нөлөөлнө. Хадгаламжийн хүү өссөнийг дагаад зээлийн хүүгийн өндөр өсөлт орж ирнэ. Ийм нөлөө санхүүгийн зах зээл дээр шууд гарч ирнэ. Энэ нь хөрөнгө оруулалт, хэрэглээ, эдийн засгийн өсөлт зэрэгт давхар нөлөө үзүүлнэ. Дунд хугацаандаа инфляцийг улам ужгируулахгүй байх чиглэл рүү энэ бодлогын шийдвэрүүд гарч байна. Ужгирчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас, шалтгаанаас үл хамаараад Төв банк хариу үйлдэл хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Инфляцийг ужгируулахгүй, аль болох хяналтдаа оруулж авбал эргээд дунд хугацааны эрсдэл буурч, макро эдийн засгийн тогтвортой орчин эрт бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ үүнийг хийхийн тулд бид эдийн засгийн өнөөдрийн идэвхжлийн сэргэж буй байдлыг харгалзан үзэхгүй бол болохгүй. Хэт хамаагүй том алхаж болохгүй ийм нөхцөл байдал бий. Энэ баланс дунд бид шийдвэр гаргаж байна. Нөгөө талаас гадаад орчноос орж ирж буй инфляцийн нөлөөлөл бий.
-Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ ирэх сард ч нэмэгдүүлэхээр байна. Энэ нь манайд нөлөөлөх үү?
-Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх мэдэгдэл хийж байгаа тохиолдолд дэлхийн улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ түүнтэй дүйцүүлж өсгөхөөс өөр аргагүй байдалд орж байгаа юм. Монголбанкны хувьд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75 хувиар нэмэгдүүлсний хойноос 3 нэгж хувиар өрсөж нэмэгдүүлсэн байсан. Үүний хойноос зургадугаар сард 0.75 хувь, долдугаар сард дахин 0.75 хувиар нэмэгдүүлнэ гэж байна. Тиймээс үүнээс урьдчилж, түүнтэй дүйцүүлж бодлогын арга хэмжээ авч байна. Энэ асуудал бидний анхааралтай харж байх зүйл болж байгаа юм. Нөгөө талаас гадаад хүүгийн өсөлттэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг хэрхэн идэвхжих вэ, идэвхжилд юу нөлөөлөх вэ, энэ нь экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бид ажиглаж, судалж, анхаарал хандуулж байна.
"АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЛОББИ ОРСОН НЬ АЖИГЛАГДАЖ БАЙНА"
Эдийн засагч Б.ЛХАГВАЖАВ:
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Бодлогын хүү 10 болсон. Мөнгө таталт явагдаж байгаа л даа. Зах зээлд мөнгө багасна гэсэн үг. Өнөөдрийн инфляци, мөнгөний ханшийн уналт өнгөрсөн жил "10 их наяд" хэвлэсэнтэй холбоотой. Түүний сөрөг үр дагавар одоо илэрч байна. Бодлогын хүү нэмсэн нь арилжааны банкуудад маш их ашигтайгаар тусч байна. Яагаад вэ гэвэл, арилжааны банкны жилийн хадгаламжийн дээд хүү 9 хувь, дундаж хүү 5-6 хувь байна. Үндсэндээ хадгаламжийн хүүд өгөх мөнгийг Төв банкны үнэт цаасаар буюу татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжүүлэх бололцоо нээгдэж байгаа юм.
-Төв банк бодлогын хүүг ойр ойр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хэр зохимжтой гэж та үзэж байна вэ?
-Дэлхий нийтэд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хандлагатай байна. Гэхдээ нэгд, манай улсад арилжааны банкуудын лобби орсон нь ажиглагдаж байна л даа. Хоёрдугаарт, арилжааны банкууд хувьцаа гаргах зорилгоор зээл гаргахгүй байна. Активаа сайн харагдуулахын тулд зээл өгөхгүй байна гэсэн үг. Цар тахлын хүндрэлийн дараа мөнгөөр гацаах нь бас тийм сайн шийдвэр биш.
-Зарим эдийн засагчид бодлогын хүүг илүү өндөр хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байна. Та санал нийлэх үү?
-Үгүй яах вэ, Турк, Европын улсуудыг дуурайж 15-20 хувь хүртэл нэмэгдүүлж болно гэж үзэх хүмүүс байна. Манай эдийн засагт арай өөр хувилбар дээр болов уу.
Холбоотой мэдээ