АНУ-ыг ардчиллаас ухарлаа гэж эмэгтэйчүүд жагсав

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

АНУ-ыг ардчиллаас ухарлаа гэж эмэгтэйчүүд жагсав

АНУ-ыг ардчиллаас ухарлаа гэж эмэгтэйчүүд жагсав

“Эмэгтэйчүүдийн эрх үгүй болж, эрэгтэйчүүд бидний биеийн талаар шийдвэр гаргах нь ардчилал биш” гэж 88 настай Глориа Штейнем мэдэгдэв. Тэрбээр, АНУ-д эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, алдартай феминист юм. Нэгдсэн улсад үр хөндөлтийг хуулиар хориглодог байх үед буюу 1956 онд  Глориа 22 настай байхдаа хүсээгүй жирэмслэлтээ зогсоохын тулд шатнаас албаар өнхөрч байсан аймшиг дурсамжаа нэхэн дурсчээ.

Үр хөндөлтийг хуулиар хориглох нь олон охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах төдийгүй цаашлаад хүүхдийн эрхийг ч давхар зөрчиж буй үйлдэл гэж тэрбээр мэдэгджээ. 

АНУ даяар охид, эмэгтэйчүүд жагсч, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөснөөр үр хөндөлтийг 1973 онд хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэтэл АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн Баасан гаригт үр хөндөлтийг Үндсэн хуулиар олгогдсон эрх биш гэж үзэн муж улсуудад бие даан шийдэх эрхийг нь олгосон юм.

Улмаар АНУ-ын 26 муж улсад үр хөндөлтийг хуулиар хориглохоо мэдэгдэж, 13 нь хэдийнэ шийдвэрээ гаргасан.  Үүнээс харвал АНУ-д үр хөндөлт автоматаар хориглогдох нь.

Уг шийдвэр Нэгдсэн улсын нөхөн үржихүйн насны 36 сая эмэгтэйн амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц чухал үр дагавартай.  АНУ-ын консерватив үзэлтэй бүгд найрамдахчууд уг шийдвэрийг талархан хүлээж авч байгаа бол ардчилсан ерөнхийлөгч Жо Байден “аймшигтай алдаа” гэж мэдэгдэв. Тэрбээр АНУ буруу зам руу орсныг шүүмжилжээ. Глориа уг хуулийг эсэргүүцэн “Охин минь надаас цөөн эрх эдлэх үед иржээ” гэж халаглан ярьсан юм.

Нөхөн үржихүйн эрх чөлөө бол 60, 70-аад онд өрнөсөн феминист давалгааны нэг чухал шаардлага байсан юм. Тухайн үед эмэгтэйчүүд хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэж, хувьсгал хийхдээ ажлын байрны тэгш эрхээс гадна өөрийн биеэ өөрөө мэдэх эрхийг давхар шаардсан.

Үүний ачаар хүчинд автсан эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн хүүхдийг төрүүлж, амьдралаараа дахин хохирохоос хамгаалагдаж, хүсээгүй хүнийхээ хүүхдийг төрүүлж, насаараа гэр бүлийн хүчирхийлэлд амьдрахаас аврагдсан. Эмэгтэйчүүдийн 1963-1973 оны хооронд өрнүүлсэн тэмцлийн ачаар тэд жирэмслэлтээс хамгаалах эмийг хэрэглэх, эрэгтэйчүүдтэй ижил цалин хөлс авах, боловсролыг тэгш хүртэх зэрэг эрхүүдийг олж авсан. Дараа нь Рое в.Уэдийн гэж нэрлэгдсэн хуулиар үр хөндөлтийг албан ёсоор зөвшөөрсөн. Угтаа бол үр хөндөлтийг хуулиар хориглолоо гээд огт үр хөндөлт хийгддэггүй байсан гэсэн үг биш.

Аливаа зүйлийг хуулиар хориглосноор далд, нууц хэлбэрт шилжүүлдэг. Үр хөндөлт ч үүний адилаар нууцаар хийгддэг байсан ба хуулиар хориотой учраас эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт, мэргэжлийн бус хүмүүс үйлдсэнээр олон сая эмэгтэйчүүд амь нас, эрүүл мэндээрээ хохироход хүргэсэн түүх бий.

“Жирэмслэлтээс хамгаалах эмийг өргөнөөр хэрэглэх, үр хөндөлтийг хуулиар зөвшөөрснөөр эмэгтэйчүүд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгч, өнгөрсөн 50 жилийн хугацаанд тэдний нийгэм, улс төрд эзлэх статус дээшилсэн” гэж Калифорнийн их сургуулийн социологич Кэрол Жоффе ярьжээ. 

Феминист тэмцэгч Хийтер Бүүт ярихдаа, үр хөндөлтийг хуулиар хориглодог байхад охид, бүсгүйчүүд жирэмсэн болсноо мэдээд хамгийн түрүүнд амиа хорлох талаар боддог байсан гэв. Түүний эгч оюутан байхдаа жирэмсэн болсноор ангийнхаа залуугаас үр хөндөж өгөхийг гуйж байсан тухай нэхэн дурсчээ.

Тухайн үед долоон жилийн дотор 11 мянга орчим эмэгтэй хууль бусаар үр хөндүүлсэн гэх судалгааг хожим “Жейнүүд” нэртэй баримтат кинонд дурдсан байна. 

Хийтерийн адил эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч олон сая хүмүүс үр хөндөлтийг хориглох муж улсуудын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, олон нийтийн сүлжээгээр хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. 

Олон соёлд эмэгтэйчүүдийг хянах, эрхшээлдээ байлгахын тулд янз бүрийн хууль, соёл,  уламжлалаар эрхийг нь хязгаарладаг. Харин 20-р зууны сүүлээс дэлхий даяар эмэгтэйчүүд эрхээ хамгаалж, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн нь феминист гэх нэршлийг авч олон ахиц дэвшлийг авчирсан. Тэр дундаа исламын шашны үзэл суртлаар боомилогдсон Араб, африкийн орнуудын эмэгтэйчүүд өөрийн нэрээр банкны данс нээхээс эхлээд автомашин жолоодох эрхийг хүртэл олж авч чадсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж