"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр/2022.06.26/ боллоо. Энэхүү барилдаан олон зүйлээрээ онцлог байв. Нэгдүгээрт, гадаадын бөхчүүд бүртгүүлж, барилдсан юм. Тодруулбал, Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар бүртгүүлсэн. Кара-Сал Цэдэн-Очир эхний даваандаа даян аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон бол Григорий "Замын түгжрэлд саатаад барилдааны цагаас хоцорсон" гэх шалтгаанаар барилдаж чадаагүй гэнэ.
Хоёрдугаарт, найман жилээр барилдах эрхээ хасуулсан улсын арслан Э.Оюунболд эргэн ирэв. Хүй долоо худагт болсон барилдааны үеэр өгсөн шинжилгээнээс нь допингийн төрлийн хориотой бодис илэрсэн учир түүний барилдах эрхийг үндэсний бөхийн холбооноос давтан гэх шалтгаанаар найман жилийн хугацаатай хассан. Гэвч тэрбээр Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гарган улмаар ялалт байгуулсан юм. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Тус мэдэгдэлд, үндэсний бөхийн холбооны дүрмийн 7.3-ын “о”-д заасан заалт нь Монгол Улсын олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцэхгүй болохыг тогтоож, улсын арслан Э.Оюунболдын эрхийг сэргээхээр шийдвэрлэжээ.Ийнхүү өчигдөр улсын арслан Э.Оюунболд зодоглов.
Мөн улсын начин Ц.Цэрэнтогтох барилдсан нь онцлох үйл явдал байлаа.
Наадмын сорилго барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн юм. Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын гарьд М.Бадарч, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар үлдэв.
Саяхан эцгийгээ алдсан Э.Оюунболд арслан үзүүрлэснийхээ дараа туганд мөргөх үеэр нулимс унагасан нь бөх сонирхогчдын анхааралд өртөв.
Холбоотой мэдээ