Жолоочгүй технологи эдийн засагт гэрэл асаах уу?

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Жолоочгүй технологи эдийн засагт гэрэл асаах уу?

Жолоочгүй технологи эдийн засагт гэрэл асаах уу?

Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэж, уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа гол орлогоо олдог нүүрсээ тээвэрлэж чадахгүй өдийг хүрэв. БНХАУ-д цар тахлын хатуу дэглэм нь нүүрс тээвэрлэх, хилийн нэвтрэлтэд хамгийн их нөлөөлж буй.

2022 оны эхний таван сарын байдлаар монголчууд 5,7 сая тонн нүүрс экспортолжээ. Жилд 40-50 сая тонн экспортолж, орлогоо нэмэгдүүлдэг байсан улсын хувьд энэ бол маш бага үзүүлэлт юм.

Монгол Улсын экспортод БНХАУ-ын эзлэх хувь хэмжээ сүүлийн 5-6 жилд тогтмол, 70-90 хувьд хүрч, өнгөрсөн оны байдлаар Монгол Улсаас БНХАУ руу 7.7 сая ам.долларын бүтээгдэхүүн импортлосноос 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Хоёр орны гадаад худалдааны эргэлт 2020 онтой харьцуулахад 38 хувиар буюу 2.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь уул уурхайн гол бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх ханш өндөр байгаатай холбоотой юм.

Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.64 тэрбум ам.доллар, импорт 2.49 ам.долларт хүрчээ. 2021 онд Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ 36.4 хувийг тус тус эзэлж байна.

Бид өнөөдөр нүүрсээ төлөвлөсөн хэмжээнд тээвэрлэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь төмөр зам. Харин одоо жолоочгүй тээвэр буюу автомат удирдлагатай тээврийн технологийг нэвтрүүлэхээр БНХАУ-ын талтай ажиллаж эхэлсэн. Ингэснээр нүүрс тээвэрлэлт нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж буй. Гашуунсухайт боомтод нэвтрүүлж буй шинэ технологи болох жолоочгүй тээврийн туршилтыг өнөөдрөөс эхлүүлж, жолоочгүй тээврийг явуулах зам, маршрут, гарцыг тогтож, соронзон зам ажил эхлүүлээд байна.

 Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 метрийн зайд хоёр гарцаар явуулж эхлэх бөгөөд эхний ээлжинд есөн техник турших юм байна. Нэг удаагийн тээвэрлэлтээр 600 орчим тонн нүүрс тээвэрлэх боломжтой бөгөөд туршилтын хугацаанд 40 зам байгуулах талаар хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Энэ ажил хэрэгжиж эхэлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэнэ гэдгийг ч урьдчилан тооцоолжээ. Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлснээр “Жолоочгүй тээвэрлэлтийг энэ долоо хоногт эхлүүлж, цаашид Шивээхүрэн-Сэхээ болон Ханги-Мандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж” байгааг онцолсон юм.

Жолоочгүй тээвэрлэлтийг ихэвчлэн далайн боомт хотуудад ашигладаг  бөгөөд сүүлийн үеийн технологийг хуурай боомтод нэвтрүүлж эхэлжээ. Монгол Улсын хувьд жолоочгүй технологийг нэвтрүүлснээр цар тахал, бусад ямар ч цаг үед тээвэрлэлтээ хэвийн үргэлжлэх боломж гарч байгаа юм.

Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас хил хаагдаж, экспорт, импортын хэмжээ буурсан нь эдийн засагт томоохон цохилт өгч буй. Сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр ч удаа төсөвтөө тодотгол хийж, экспортын орлогоо хэт өндөр төсөөлсөн нь талаар болж буйг эдийн засагчид шүүмжилж буй. Харин жолоочгүй технологи нэвтрүүлснээр эдийн засагт, экспортын салбарт, тэр дундаа гол орлогоо олдог уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр эдийн засагт гэрэл асна. Тиймээс Засгийн газар жолоочгүй технологийг боомт бүрт нэвтрүүлэх, хүчин чадлыг нь сайруулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын хэлснээр цаашид нүүрс ачиж, буулгах терминал дээрх үлдэгдэл нүүрсний хэмжээ буурч байгаатай холбогдуулж уртын тээврийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээр хэлэлцээ хийж, тодорхой шийдэлд хүрсэн. Ингэснээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс орлоготой болох боломж бүрдэж байгааг ч онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж