Сурвалжлага: Хогон дундах амралт, зугаалга

Хуучирсан мэдээ: 2022.06.27-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хогон дундах амралт, зугаалга

Сурвалжлага: Хогон дундах амралт, зугаалга

Нийслэлийн иргэд амралтын өдрүүдэд агаар салхинд гарахаар Туулын эрэг орчмыг барааддаг. Гэвч харамсалтай нь, тархиндаа хогтой иргэдээс бол байгаль экологи сүйдэж, унаган төрхөө улам гээсээр. Асуудлыг төр засагт чихэж, хогийн сав нэхэж суухаар ачаад ирсэн идсэн уусныхаа хогийг аваад явчихад болчих асуудал юм. Гэвч, амарч, зугаалахаар голын эрэг бараадаж буй иргэд хогоо овоолж хаячхаад явах нь хэвийн үзэгдэл болжээ. Үүнээс болоод Туулын эрэг Улаанчулуут шиг хогондоо дарагдсан дүр зураг угтлаа.

Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж иргэд агаар салхинд гарахдаа хотын ойролцоох голын эргийг мөн бараадаж байв. Тухайн үед халдвар хамгаалал, ариун цэврийн дэглэмээс шалтгаалж иргэд харьцангуй ухамсартай хандаж байжээ.

Харин энэ жил тэр ухамсраа дахин гээсэн болохыг гэр бүлээрээ салхилж буй хүмүүс хэлж байна

 Хог хаягдал, хүний хөдөлгөөн эмх цэгцгүй аялж байгаатай холбоотой хотын дарга хүртэл дрон нисгэж хяналт тавих чиглэл өгөөд амжсан. Энэ сургаар нь иргэд эрх биш эмх цэгцтэй агаарлаж сурах байх гэсэн ч огт хэвшээгүй хэвээр. Ганцхан жишээ бол Баянзүрх дүүргийн товчооны Туул гол.

Голын эрэг дагуу хог хаягдал, орчны бохирдол бол дулааны улиралд нян тээгч төдийгүй ойролцоох оршин суугчдын  эрүүл мэндэд ч заналхийлж байна.

Агаар салхинд гарсан  иргэд сүүдрэвч, майхан барьж, шорлог хийж суугаа харагдана.  Ихэнх нь хоногоор биш өдрөөр амарч зугаалж яваа бөгөөд бага насны хүүхдүүдээ агаарлуулж, салхилахаар иржээ.

Хаяа хаяагаар "дэрлэ" буусан майхан, машин Туул голын эргээр битүү шавжээ.  Тэдний хувьд хүүхдээ агаар салхинд гаргахаар ирсэн гэх ч архидан согтуурах нь цөөнгүй. Амралт, зугаалгаар Туулын эрэгт очсон хүмүүст хамгийн том бэрхшээл тулгарах нь жорлонгийн асуудал.

Заавал био нойл, зөөврийн нойл гэж өртөг өндөртэй хийж байхаар нэгдсэн тэмдэглэгээ тавьж нүхэн жорлон ч болтугай хийж тавиасай гэх иргэд цөөнгүй байлаа. Хэрэв жорлонгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол иргэдийн өтгөн, хог хаягдал холилдож цэвэр агаар гэдэг нь нянд дарагдаад дуусч буйг ч хэлсэн юм.

Тиймээс Туулын ай сав газраар ядаж нэгдсэн хог ангилан ялгаж хаях тэмдэглэгээ бүхий томоохон хогийн сав, нийтийн нойлыг гаргах өгөх хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол хүчтэй салхи гэнэт шуурах төдийд ил цэгт хаясан хог нь хийсч энд тэнд тарж, түүнийг нь нохой зууж, хөөцөлдөх хүүхдийн хөлд тарж хийснэ. Эцэг эхчүүдийн зүгээс хяналт тавьж байгаа ч минут тутамд үр хүүхдээ ажиглах боломжгүйгээс хүүхдүүд нь бохир зүйлсээр тоглох, гараараа хоол ундаа идэх гээд вирус дамжих эрсдэл үүсч байгаа гэхэд ч хилсдэхгүй. Мөн үүнээс гадна амралтын бүсүүдэд амрагчдад зориулсан нийтийн бие засах газрыг байршуулах шаардлага зайлшгүй үүсч байна. Баянзүрхийн товчооны Туул гол орчмын талбайг айлууд эзэмшиж хашаалж, амрах газар эрсэн хүнд аятайхан амрах тав тухтай талбай тун бага үлджээ. Айлууд дундуур сүлжиж туулын эрэг рүү дөхөх тусам хийсэх хог хаягдал, бохир орчин угтана. Машин сүлжилдсэн замаас үүдэн ногоон зүлэг багасч, сул шороо ихэсэх аж. Замын сул шороо салхилах бүрт хүчтэй шуурч, амрагчдын майхан, шүхрийг хийсгэх шахам л болж байхад иргэдэд тоож байгаа зүйл байсангүй. Бараг хээр хаясан хогон дунд хүний тухлах жаахан цэвэр хэсэг хайж байрласнаа тэнгэрийн од атгасан мэт иргэд хүлээж авч байна. Гэтэл Тохижилт үйлчилгээний газар, нийслэлийн засаг захиргааны газраас цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийж байгаа гэх тайлбарыг өгөв.

ТУУЛЫН ЭРГИЙГ ДОЛОО ХОНОГ ТУТАМД ТҮК ЦЭВЭРЛЭДЭГ

Иргэд олноор зорьж очдог Туулын сав газарт гэхэд 200 литрийн дөрвөн поошиг эгнүүлэн тавьж хогийн машин түүнийг нь долоо хоногт тутамд ачиж цэвэрлэдэг байна. Хүмүүсийн урсгалыг бодсон ч хог дөрвөн поошгоос хальж асгарах нь гарцаагүй. Гэтэл үүнийг шийдвэрлэхэд Байгаль орчин аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дорвитой бүтээн байгуулалт хийхгүй байгааг иргэд хэлсэн юм.

Тиймээс хагас, бүтэн сайнд ирж гэрээрээ салхилах зуураа эргийн хогийг сайн дураар шуудайлж хогийн цэгт хаядаг гэх хүмүүстэй ч таарлаа.

Туулын эрэгт ундааны сав, архины шил, пивоны лаазнаас эхлээд нойлын цаас, хүүхдийн живх, гаазны хаягдал гэхчлэн аюултай хаягдал ил харагдана. Үүнийг долоо хоног тутамд нэг удаа цэвэрлэхэд тохижилт үйлчилгээний нэг л машин ирдэг байна. Тус машин хог хаягдлыг дүүргэж 1-2 эргэлт хийж, зарим тохиолдолд нэг л удаа ачилт хийдэг болохыг Баянзүрхийн товчооны айлууд хэлж байлаа. Харин ТҮК-иас асуухад цэвэрлэгээ ариутгал тогтмол хийдэг. Иргэд ухамсартай болбол долоо хоногт нэг удаагийн цэвэрлэгээ хангалттай гэв.

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ИРГЭДЭД НӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА

Зөвхөн дээрх алба нэгжүүдээс гадна Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба ч иргэдийн ухамсаргүй үйлдэлд Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулдаг байна. Түүгээр ч зогсохгүй голын усанд машинаа угааж байгаа зураг бичлэг болон хог ихээр хаяж буй явцыг дүрсжүүлж анхааруулга хүргэж байгаа аж. Нэг талаар тус цагдаагийн албанаас иргэдэд нөлөөлөх ажлыг сүүлийн гурван жил тасралтгүй зохион байгуулжээ. Тэр хүрээнд иргэд хог хаях нь багассан ч уутлаад орхиод явах хандлага их байгааг хэлсэн юм. Ингэснээр шуудайг нохой, шувуу задалж хаягдал байгальд тархаж байгаа гэлээ. Тэгэхлээр  иргэд ууталсан бол хогоо унаандаа хийж явах төдийгүй байгалиа хайрлаж үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал болохыг албаныхан уриалж байна.

Хэрэв усны сан бүхий газрыг бохирдуулж, машин техник угаасан, бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахыг хуульд заасан байдаг аж.

Тодруулбал, хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж хуульд заажээ. Тиймээс аялж зугаалж буй иргэд ухамсартай аялж голын эрэг дагуу хог хаяхаас татгалзахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж