3000 хүний суудалтай Бөхийн өргөөнд дүүрэн хүн цуглажээ. Яг одоо эхэлж буй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох энэ барилдаан баяр наадмын өмнөх их сорилго гэсэн статустай бөгөөд “Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ойн нэрэмжит ажээ. Өнгөц харахад энэ барилдаан үндэсний бөх, түүнийг тойрсон орчин хүрээн дотор болдог ээлжит нэг үйл явдал мэт боловч агуулга, учир шалтгаан, хэтийн зорилго нь хэрэг дээрээ хавьгүй өргөн орон зайг хамаарч байгаа юм. Үүнийг учирлахын тулд юуны өмнө, 30 жилийн ойгоо ийн тэмдэглэж буй “Мөнхийн үсэг” группийн үүх түүх, үйл хэргийг цухас боловч дурдах хэрэгтэй болно.
Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Гэлэгжамцын Батмөнх хэмээх идэрхэн эр, санхүү бүртгэлийн гарамгай сайн ажилтан гэгдэн улс орон даяар алдаршиж явсан ид үедээ буюу 1990 онд, айл гэр орлого зарлагаа бүртгэн цэгцэлж, төсөв хөрөнгөө удирдан авч явахад зориулсан “Өрхийн төсөв” хэмээх алгын чинээ дэвтрийг хэвлүүлэн олон нийтэд борлуулж, багагүй амжилт олсноор өнөө энэ тэмдэглэн буй 30 жилийн түүх эхэлжээ. Улмаар аль тэртээ 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн ПТ-4 хэмээх хэвлэлийн жижиг машин олж аваад, Хөтөл тосгонд “Сэргэлэн” пүүс гэдгийг байгуулан хоёр хүн ажилд авч, бага жижиг хэвлэлийн бүтээгдэхүүн гаргаж эхлэв. Үйл ажиллагаа улам улмаар өргөжсөөр Дархан, Улаанбаатарт салбараа байгуулж, 1995 онд өндөр хэвлэлийн технологиос оффсет хэвлэлийн технологид шилжжээ. Үүний хойтон жил нийслэл хот дахь салбарынхаа нэрийг “Мөнхийн үсэг” болгон өөрчилж, компанийн зохион байгуулалтыг шинэчилснээр, зах зээлийн шинэ нөхцөл дэх Монголын хэвлэх үйлдвэрлэлийн салбарт бусадтайгаа ана мана л өрсөлдөж явсан энэ компани уул салбартаа тал бүрээр баттай хошуучлан манлайлах замнал нь нэгэнт шуударсан түүхтэй. Технологи нэвтрүүлэлт, компанийн соёл, зах зээлд эзлэх хувь хэмжээ, техникийн шинэчлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн далайц, чанарын түвшин, улсад төлөх татвар гэх мэт аль ч үзүүлэлтээрээ “Мөнхийн үсэг” групп өнөөдөр салбартаа тэргүүлж буй нь олон нийтийн нүднээ ил. Гэхдээ бизнесийн өрсөлдөөнд амжилт олох, зах зээл дэх байр сууриа тэлэх гэх мэт баялаг бүтээгчдийн нийтлэг зорилго энэ компанийн хувьд хөгжил төлөвшлийнх нь явцад урган гарч ирсэн огт ондоо нэг зорилготой, эрхэм чухлынхаа хувьд өрсөлдөхүйц үнэ цэнтэй болж ирснийг анхаарууштай юм. Тэр нь ямар зорилго вэ гэвэл, монгол хүний үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх явдал.
Монголын зах зээл дэх томоохон тоглогчдын бизнесийн соёл, үнэт зүйл төлөвшихийн хэрээр салбар салбарын тэргүүлэх компаниуд нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах, тэрхүү хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэх төдийгүй энэ үзлээ бодлого болгон баримтлах чиг хандлагаас “Мөнхийн үсэг” групп огтхон ч хоцорсонгүй. Сонирхолтой нь, тус компанийн хувьд энэ бодлого нь бусдаас ихээхэн ялгаатай, өөрийн гэсэн нэлээд өвөрмөц мөн чанартай юм. Дээр хэлсэнчлэн энэ нь монгол хүний үнэт зүйл, тухайлбал уламжлалт соёл, ёс суртахуун, үндэсний ухамсар, эх түүх, төрөлх хэл, ерөөс Монголын гэсэн аливаа эрхэм нандин бүхнийг монгол хүний ой тойнд сэргээн амилуулах, эдгээрийг эрхэмлэх үзлийг нийгэмд хэлбэрэлтгүй төлөвшүүлэх явдал ажээ. Монголыг Монголоор нь авч явах хэтийн зорилгыг зүг чигээ болгосон ийм бодлогыг ийм тууштайгаар тунхагласан бизнесийн бүтэц өнөөдрийн энэ нийгэмд өөр олдоход бэрх. Ном хэвлэх, цаад агуулгаараа эрдэм соёлыг түгээх үйлсэд олон жил хүчин зүтгэсэн энэ компани өнөөдөр уламжлалт соёл боловсрол, тэр дундаа монгол хүний сэтгэлийн соёл боловсролыг тэтгэн дэмжихэд анхаарч эхэлснээ зарлаж байна. Монгол хүний үнэт зүйлийг сэргээн мандуулахад “Мөнхийн үсэг”-ийн хүчин зүтгэл гаргаж бүтээсэн үйл хэрэг өнөө хэр арвин болжээ. “Зөв Монгол хүн” хөтөлбөрийг компанийнхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэмжээнд зарлаж, сүүлийн арав шахам жилийн туршид тасралтгүй хэрэгжүүлсэн ажлын нэгийг л энд дурдахад, Монголын эртний сургаалын зохиолуудыг өсвөр насныханд уншуулж таниулах зорилго бүхий улсын уралдааныг санаачилж, жил бүр шагналын өндөр сантайгаар зохион байгуулдаг нь уламжлал болжээ. Нэг удаад гэхэд л хот хөдөөгийн гурван мянга гаруй хүүхэд эртний өвгөдийн сургаал зохиолын тусгайлан хэвлэсэн түүврийг нэгд нэггүй уншиж судлан эсээ бичихээс эхлэн, энэ сэдвээрээ хоорондоо мэтгэлцэх, жүжиг үзүүлбэр дэглэх, илтгэл бэлтгэж тавих гэхчлэн хэдэн өдрийн турш урд хойноо оролцон авьяас билгээ уралдуулсныг нь Үндэсний телевиз цувралаар үзүүлсэн ховор сайхан үзэгдэл энэ уралдааны түүхэнд бий. Ном товхимол хэвлэн тараах, урлаг уран сайхныг ивээн тэтгэх, кино нэвтрүүлэг бүтээх, сургалт дамжаа хичээллүүлэх, уралдаан тэмцээн байлах гэх мэтээр энэ хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн өдий төдий ажлын эцсийн харсан “ашиг” нь ердөө л монгол хүний үнэт зүйл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, монголоороо байх, зөв байхын чухлыг нийт олонд, тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд ухуулан таниулах, ийм үзлийг хэвшүүлэхэд тус нэмэр болох явдал байв.
Яг одоо Бөхийн өргөөнд эхэлж буй энэ барилдааны эцэс хэтийн зорилго нь “Мөнхийн үсэг”-ийн мөн тэр л бодлогын хүрээнээс гадуур юм огт бус аа. Монголын гэсэн аливаа эрхэм нандин бүхнийг сааргүй тордон авч явах бодлого. Өөрөөр хэлбэл, эртний өвгөдийнхөө сургаал зохиолыг монгол хүүхдүүд мянга мянгуулаа уншин хоорондоо баясгалантайгаар уралдах, өнөөдрийн 256 бөх наадмын сорилго хэмээн үнэн хүчийг үзэн барилдах энэ хоёр үйл явдал гэмээнэ, зохион байгуулагчийнх нь хувьд бол утга чанар хийгээд ач холбогдол нь салгуу үгүй нэг юм. Нэг л бодлого, нэг л хэтийн зорилго. Ийм нэг барилдаан сая эхэллээ. Дүүрэн хүнтэй Бөхийн өргөөнд.
Б.Билигдүүрэн
Холбоотой мэдээ