Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны ажлын албанаас өнгөрсөн Бямба гаригийн орой мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Их Британи Дэлхийн банкаар дамжуулан Украинд 429 сая фунт стерлинг буюу 525 сая ам.долларын нэмэлт зээлийн баталгаа гаргахад бэлэн байна” гэж дурдсан байна.
Тус мэдэгдэлд "Украины засгийн газарт яаралтай санхүүгийн тусламж үзүүлэхгүй бол ирэх намар гэхэд санхүүгийн эх үүсвэргүй болно гэж эмээж байна. Энэ дарамтыг даван туулахад нь туслахын тулд Их Британи энэ оны сүүлээр Дэлхийн банкаар дамжуулан 525 сая ам.долларын баталгаа гаргахад бэлэн байна" гэжээ.
Их Британи Украинд нийтдээ 1.5 тэрбум фунт стерлинг буюу 1.8 тэрбум ам.долларын эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа аж. Үүнээс 1.3 тэрбум хүртэлх фунт стерлингийн зээлийг Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкаар дамжуулан олгосон байна. Үүнээс гадна Лондон Киевийн эрх баригчдад 1.3 тэрбум фунт стерлинг буюу 1.5 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.
Германы өмнөд хэсэгт орших Холбооны Бавари мужийн Гармиш-Партенкирхен хотын ойролцоох Эльмау шилтгээнд энэ сарын 26-наас 28-нд "Их 7"-гийн удирдагчдын уулзалт болно. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ үеэр барууны холбоотнууддаа хандан ОХУ-д шахалт үзүүлэхээ үргэлжлүүлэхийг уриалах бодолтой байгаа аж.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ