Тойм: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Тойм: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

АМЬД ЯВАХ БАТАЛГААГҮЙ АЖИЛЧИН АНГИЙНХАН

Нийслэлд баригдаж буй зайгүй, өндөр орон сууцны хорооллууд хүний амиар босч байгаа гэхэд хилсдэхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй,  барилгын талбайд ажиллах техник хэрэгсэл нь бүрэн бусаас болж ослоор нас барах хүний тоо огт буурахгүй нэмэгдэж байна. Угтаа барилга захиалсан компани, гүйцэтгэгч аж ахуй нэгж, ажил үүрэг гүйцэтгэгч буй хүн аль аль нь хариуцлагатай байх ёстой. Гэтэл эрсдлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн, нэгж байхгүйгээс дулааны улирал эхэлснээс хойш сар бүр хүний эрдэнэт амь хүйтэн төмөрт дарагдаж байна.

Тухайлбал, хоёрдугаар сараас барилгын ажлууд эхэлж түүнээс хойш нийт таван хүн амь насаа алдаж, 27 барилгын компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Энэ долоо хоногт кранаас үүдсэн ноцтой осол хоёр удаа гарав.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт /2022.06.22/ 12:54 цагт барилгын ажил явагдаж байх үед "Хүннү 2222" хорооллын хажууд байрлах барилгын кран унаснаас үүдэж, 20 болон 36 настай хоёр залуу нас барсан.

МХЕГ-аас асуухад орон сууцны барилгын ажлын үед аюулгүй байдал хангаагүйгээс осол их гардаг. Тус үүсээд буй нөхцөл байдлын талаар аврах ажиллагаа дууссаны дараа дүгнэлт гарна. Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байна. Аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй гэв. Энэ ослыг цагдаагаас шалгаж байгаа ч мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд тулгуурлаж эрүүгийн хэрэг үүсгэх аж.

Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг 2022 оны зургадугаар сарын 23-нд мөн гарлаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүрэг 17 дугаар хороо Маршал таун хотхон дотор барилгын өргүүр унаж хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх дуудлага ирсэн. Энэ дагуу  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан Б эрэгтэй 37 настай, Э 35 настай эрэгтэй нар доош унажээ. Улмаар Б нь нас барж Э яаралтай тусламаар эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, биеийн байдал нь сайжрахгүй нас баржээ.

70 МИНУТ САНААЧЛАГАГҮЙ БАРИЛДСАН БӨХИЙГ ХАСНА

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оржээ. Энэ талаар Даваа гаригт Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргав. Тус холбооны мэдэгдэлд,

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-ээс 4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-аас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна.

Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж, идэвх санаачилгагүй бөхийг хасч, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлт орууллаа.

АТГАСАН ГАР ШИГ МӨНДӨР ОРСНООС ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ СҮЙДЖЭЭ

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт дуу цахилгаантай, их хэмжээний мөндөр, хүчтэй аадар бороо өчигдөр /2022.06.22/ орсон байна. Ус цаг уурын газраас тодруулахад 10 мм-ын хэмжээтэй тунадас орсон бөгөөд мөндөр том хэмжээтэй,  хүчтэй орсон учраас ургацын талбайд тарьсан ногоо, тариа мөндөрт цохигдож усанд нэрвэгдсэн гэлээ.

Мөн Сэлэнгэ аймагт мөндрийн улмаас талбайд тарьсан лууван, манжин, өргөст хэмх, улаан лооль, сонгино, сармис, үхрийн нүд, алим зэрэг жимснүүд их хэмжээгээр сүйдсэн байна.

Тодруулбал, тус аймгуудад ширүүн бороо орж байгаад ойролцоогоор 10 минут орчим хугацаанд мөндөр оржээ. Малчид болон тус газарт байрладаг айл өрхүүдийн байшингийн дээвэр хууларч, машины цонх нь хагарсан зэрэг хохирол учирсан мэдээлэл ирсэн байна.

271 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЭЭД БАЙНА

2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд нийт 271,035,718,649 /хоёр зуун далан нэгэн тэрбум гучин таван сая долоон зуун арван найман мянга зургаан зуун дөчин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 76,309,823,488 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 115,811,023,073 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлтийн хүрээнд Монполимет ХХК 20 тэрбум төгрөгтэй тэнцэх доллар төлснөөр нийт 78,914,872,087 төгрөг тус тус төлөгдөөд байна.

УЛААНБААТАР ИХ ДУУЛГА: ЭХНИЙ ӨДӨР ЭХ ОРОНДОО МЕДАЛИЙН ХУР БУУЛГАВ

IJF буюу Олон улсын жүдогийн холбооны хуваарьт Улаанбаатар Их дуулга тэмцээн 2022 оны зургадугаар сарын 24-ний Баасан гаригт Степпе аренад эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 30 орны 255 тамирчин өрсөлдөж байна. Эхний өдөр Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль гээд нийт найман медаль хүртсэн бол манай араас Япон, Узбекистан, Орос, Тайвань зэрэг улсууд удаалж байна.

Эрэгтэй -66 кг:

  1. Баттогтохын Эрхэмбаяр /Монгол/
  2. Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Монгол/
  3. Яго Абулазе /IJF/, Ёндонпэрэнлэйн Басхүү /Монгол/

-60 кг:

  1. Риюүжү Нагаяма /Япон/
  2. Ян Юү-Вэй /Тайвань/
  3. Ли Ха-Рим /БНСУ/, Энхтайваны Сумъяабазар /Монгол/

Эмэгтэй -57 кг:

  1. Лхагватогоогийн Энхрийлэн /Монгол/
  2. Дария Курбонмамадова / IJF /
  3. Мөнхцэдэвийн Ичинхорлоо /Монгол/, Тимна Нельсон Левай /Израил/

-52 кг:

  1. Диёра Келдиёрова /Узбекистан/
  2. Алеся Кузнецова /IJF/
  3. Ерин Жүн /Өмнөд Солонгос/, Бишрэлтийн Хорлоодой /Монгол/

-48 кг:

  1. Нацүми Цүнода /Япон/
  2. Ганбаатарын Наранцэцэг /Монгол/
  3. Ли Хе-Кюүн /БНСУ/, Абиба Абузакынова /Казахстан/

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж