Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх даваа гарагт автомат удирдлагатай 9 тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх аж.
Холбоотой мэдээ