Ажлын дараа алкоголь хэрэглэх нь завгүй долоо хоногийг дуусгаад тайвшрах нийтлэг арга юм. Гэвч Японд нэгэн ажилчин хамт ажиллагсадтайгаа шөнөжин зугаалж байгаад "USB" санах ойгоо алджээ. Энэ нь бараг хагас сая хүний хувийн мэдээллийг агуулсан USB байв.
Нэрээ нууцалсан эр Осакагаас баруун хойд зүгт орших Амагасаки хотод нэгэн үдэш архи уухаасаа өмнө “USB” зөөгчийг цүнхэндээ хийжээ. Тэрбээр орон нутгийн ресторанд хэдэн цаг архи ууж, гудамжинд ухаан алдаж унасан гэж хэвлэлүүд мэдээлэв. Тухайн эр хэсэг хугацааны дараа сэргэснээр барьж явсан цүнх болон "USB” нь алга болсныг мэдсэн байна.
Японы "NHK" телевизийн мэдээлснээр, 40 гаруй насны залуу татвараас чөлөөлөгдсөн өрхүүдэд тэтгэмж олгох үүрэгтэй компанид ажилладаг гэнэ.
Тэрбээр Мягмар гаригийн орой хамт ажиллагсадтайгаа уулзахаас өмнө хотын бүх оршин суугчдын хувийн мэдээллийг "USB” руу шилжүүлсэн байна.
Хотын удирдлагуудын хэлснээр уг санах ойд хотын бүх оршин суугчдын нэрс, төрсөн он, сар, өдөр, хаяг зэргийг багтаасан. Мөн татварын дэлгэрэнгүй мэдээлэл, банкны дансны дугаар, нийгмийн даатгалд хамрагдаж буй гэр бүлийн мэдээлэл зэрэг илүү чухал мэдээллийг багтаасан байв. Хотын албаныхан азаар "USB”-д агуулагдаж буй мэдээлэл шифрлэгдсэн бөгөөд нууц үгээр түгжигдсэн гэж мэдэгджээ. Одоогоор хэн нэгэн мэдээлэлд нэвтрэхийг оролдсон шинж тэмдэг илрээгүй гэж тэд нэмж хэлэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ