Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ч энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ҮХНӨ-ийн талаар танилцууллаа.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах иргэдийн саналыг гээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох бодит боломжийг бий болгож байгааг засах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн харилцан хяналтыг сайжруулж, эрх ашгийн зөрчил гарах явдлыг бууруулах талаар санал дэвшүүлж байна. Монгол Улсын хүн ам 1992 онд 2,2 сая байсан бол одоо 3,4 саяд хүрсэн. Энэ нь иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж үзэж байна. Иймд олон улсад хэвшсэн аргачлалаар тооцвол парламентын гишүүдийн тоог 151-155 байх шаардлагатай гэж үзэж байгааг УИХ-ын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэжээ.
180 мянган иргэн тогтолцооны өөрчлөлт хийхээр гарын үсэг зурж, шаардлагаа хүргүүлсэн талаар УИХ-ын дарга өмнө нь танилцуулж байсан юм. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй улс төрийн 24 нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, Тунхаг бичиг гаргасан. Үүний зэрэгцээ эрдэмтэн, судлаачид санал, шаардлагуудаа УИХ-д хүргүүлж, тодорхой өөрчлөлт хийхийг дэмжсэн юм.
Холбоотой мэдээ