Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж, 10 хувь хүргээд байна.
Энэхүү шийдвэрийн талаар эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцаж, байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Мөнгөний бодлогын хүрээнд өөр арга хязгаарлагдмал тул тодорхой нэгжээр нэмэх нь зөв. Гадаад талдаа инфляцийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нөлөө буурахгүй, харин ч нэмэгдээд байна” гэж онцолсон юм. Түүний байр суурийг хүргэе.
С.Дэмбэрэл “Дотоод талдаа хэдийгээр нийлүүлэлтийн хэлхээний гацааг арилгах эерэг үр дүн гарч буй ч олон нийтийн инфляцийн хүлээлт өндөр хэвээр, импортын инфляци 15.1 хувийн инфляцийн 8.7 нэгж хувийг бүрдүүлж байна. Учир нь 370 барааны сагсны 200 нь импортын бараа байдаг.
Эдийн засгийн өсөлт, гарцын зөрүү сөрөг хэвээр, стагфляцын шинж тэмдгүүд арилаагүй хэвээр тул бодлогын хүүг бага зэрэг нэмэх нь оновчтой. 2010-2019 оны дундаж инфляци 8 хувь орчимд аргамжигдсан өөрөөр хэлбэл тогтвортой чанар нь өмнөх 10 жилээс нэмэгдсэн нь мөнгөний бодлогын үр дүн гэж үзэж болно. Харин төсвийн алдагдал, төсвийн давамгайлал нь инфляцийг нэмэгдүүлэх нэг гол шалтгаан. Үүнд УИХ зохистой түвшинд анхаарахгүй байгаа нь мөнгөний бодлогын үр нөлөөг бууруулж ирсэн, цаашид ч бууруулах төлөвтэй байна.
Мөнгөний нийлүүлэлт буюу нэрлэсэн ба бодит дотоодын нийт бүтээгдэхүүн, суур мөнгө, мөнгөний эргэц, үржүүлэгч хоорондын хамаарлыг Монголбанк илүү сайн анхаарч, цаашид тохируулга хийх нь улам бүр чухал болж байна. Инфляци бол хаана ч хэзээ ч мөнгөний үзэгдэл байдаг гэдэг мөнгөний тооны онол өнөө үед дахин хүчээ авч байна гэдгийг харгалзан тохируулга хий гэсэн үг.
Гадаад өрийн дарамт инфляцийг нэмэгдүүлж буй өсөн нэмэгдэж буй нэг аюул гэдгийг УИХ Засгийнгазар онцгой анхаарах цаг ирж байна. Мөн өрхийн эдийн засаг дээр инфляцийн дарамт улам бүр нэмэгдэж буй тул татвар нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт бодлогын тохируулга хийх нь Засгийн газрын бодлогоор л хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого өөрийн хуулийн болон институцийн хязгаарлалтуудтай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эцэст нь гэхдээ ач холбогдлын хувьд эхэнд нь байх ёстой нэг асуудал бол төв банкны бие даасан байдал руу халдах нь инфляцийг онилох зорилтыг нь саармагжуулдаг олон улсын гашуун туршлагыг Монгол Улс давтаж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Жо Байден саяхан “Инфляцитай тэмцэх миний төлөвлөгөө” гэж гаргасан бөгөөд хамгийн эхэнд нь Холбооны нөөцийн сангийн бие даасан байдлыг чухалчилсан байна. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй” гэв.
Холбоотой мэдээ