Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Шүүхгүй шүүлт

Шүүхгүй шүүлт

Чехэд баншны үйлдвэр ажиллуулан Европын сүлжээ дэлгүүрийн зах зээлийг эзэгнэж чадсан монгол залуу эх орондоо бизнесээ өргөжүүлэхээр ирсэн ч гурван удаа дампуураад буцсан тухайгаа санаа алдан ярьдаг. 2012 онд дэлхийн эдийн засаг хямрахад 8000 ажилчныхаа 4000 орчим монголоо авч үлдээд гаднын ажиллах хүчээ цотхотголд оруулжээ. Гэвч түүнийг чехүүд гадуурхсангүй. Учир нь Европын өндөр стандартыг түүний үйлдвэр хангасан л бол бусдаар яах нь тухайн байгууллагын асуудал болохоор тэр. Тийм болохоор харь нутагт хөлсөө дуслуулан мөнгө олохоор зүтгэж яваа монголчуудаа авч үлджээ. Тэр өнөөдөр Чехэд буй монголчуудад сайд, дарга нараас ч илүү хүндэтгүүлдэг, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болсон. Эцэг, эх, элгэн саднаа бодоод Монголдоо хөрөнгө оруулалт хийн үйлдвэр оруулж ирсэн ч Европын стандартыг хангаж чаддаг хүн Монголын шалгуурыг давсангүй дампуурсан нь улстөрчидтэй холбоотой. Баялаг бүтээх тов тодорхой түүний бизнес улстөрчдийн шуналыг хүргэсэн хэрэг. Тиймээс бизнесийнхээ хувийг өгөөд өөрийнх нь хамгаалалтад орох саналыг тавьсан хэрэг.

Европт эрүүл бизнес хийгээд сурчихсан хүнд энэ бол дээрэм.

Монголын бизнесийнхэнд тэнгэрийн умдаг атгасан мэт энэхүү саналаас татгалзснаар түүний үйлдвэрт удаа дараа шалтгалт оруулж, үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй байсаар дампуурахад хүрчээ. Нэг биш гурван удаа эх орондоо хийж бүтээхээр хөрөнгө оруулаад эцэстээ больжээ. Ээж, аав нь бурхан болсон учраас Монголдоо суурин амьдрах сонирхол ч буурсан аж. Ингээд Монголын нэгэн мундаг бизнесмэн дахин хөрөнгө оруулалт хийхгүй гэж шийджээ. Энэ болон Монголын үнэн төрх.

Монголд баялагтай болох хоёр зам бий. Нэг бол өөрийн бизнесийн тодорхой хувийг өгөөд нөлөө бүхий нэгний хамгаалалтад орж, төрийн оролцоотой бизнес эрхлэх эсвэл дээрэмдэх. Шударгаар бизнес хийгээд амжилтад хүрсэн хүн тун ховор байгаагийн цаад учир ийм л энгийн. Өмнө нь төрийн нэрээр дээрэмдэг байсан бол өдгөө ард түмний нэрийн өмнөөс гэж байгаад булаадаг болсон. Төрийн албан тушаалтнууд хүсвэл хууль хэрэгжүүлнэ. Хүсэхгүй бол үл тоомсорлоно. Хэрэгтэй гэж үзвэл өөрчлөлт оруулж байгаад хууль бус зүйлийг хууль ёсны болгодог ийм л чөтгөрийн тойрог бий.

Богд уулын Дугуй цагааны буулгасан атлаа хаус хорооллуудыг харж үзсэн жишээнээс эхлээд “Суруга Монгол”-ын япон өвгөний гудсан дор нь мансууруулах бодис нуун хэрэгт холбогдуулаад газрыг нь булаагаад хөөгөөд гарсан гээд тоочвол олон жишээг дурдаж болно. Хамгийн сүүлд л гэхэд хувьчилсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд буцаан авсан шийдвэр болов. Энэ бүх өмч рүү халдсан дээрэм шүүхийн шийдвэргүйгээр болдог жишиг тогтлоо.

Хувийн бизнесийг хаасан, чөдөрлөсөн 1600 зөвшөөрлийн хууль нэмэлт өөрчлөлт оруулснаар 350 болгон цөөлсөн тухай УИХ-ын гишүүд ам булаалдан ярьж байна. Гэтэл үлдсэн 350 дотор нь юу үлдэж вэ гээд харвал хүнд суртлыг хөхиүлэн дэмжих зүйлс бишгүй үлджээ. Далайд гарцгүй Монголд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх хүн гарч ирвэл Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага байх агаад түүнээс зөвшөөрөл авах нь. Байгаль эх бүтээл болох зулзаган модыг шилжүүлэн суулгах зөвшөөрлийг хэн нэгэн эзэмших ёстой бөгөөд тэрхүү давуу эрхийг аймаг, нийслэлийн байгаль орчны газар хариуцах ажээ. Иргэд худаг гаргах, суваг шуудуу татах хэрэг гарвал бас л дээрх байгууллагаас зөвшөөрөл авна.

Монополь шатахуун импортлогчдыг дэмжих үүднээс жижиглэнгээр шатахуун худалдаалах бол Газрын тосны газраас зөвшөөрөл авах хэрэгтэй.

Жалгаар нэг хог болон хөглөрч буй малын түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бас зөвшөөрөл. Тэр бүү хэл, малчин сүргийнхээ бүтцийг сайжруулж сүү, махны чиглэлийн үйлдвэрт нийлүүлэхдээ хүртэл зөвшөөрөл авна. Үзэгчдийн таашаал, сонирхлыг татаж чадсан нь үлдэж, чадаагүй нь цагийн аясаар дампуурдаг контент үйлдвэрлэхийн тулд Харилцаа холбооны газраас бас зөвшөөрөл авна. Найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хүмүүс өмнө нь 8 төрлийн зөвшөөрөл авдаг байсан бол одоо архи, тамхины зөвшөөрөл авна. Тамхинд өндөр татвар ногдуулж, түүгээр үйлчлэх радиусыг нь тогтоосноор түүнээс төвлөрдөг татварын орлого үлэмж хэмжээгээр багасч, далд хэлбэрт шилжсэн гэдгийг уг нь одоо ойлгомоор.

Гэтэл аж ахуйн нэгжүүдийг хохироосон үйлдэл нь шүүхээр тогтоогдсон байтал хохирлыг нь барагдуулдаггүй явдал энэ засгийн имиж болж байна. “Эрдэнэт” үйлдвэр эргүүлж авсныг буруутгасан шүүхийн шийдвэр, уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцласны нөхөн төлбөрийг барагдуулах гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд нь үүнийг биелүүлэхгүй тас гүрийгээд суугаад байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг өөрөө гэмт хэрэг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав ажлаа хийхийн оронд дуучин A-Cool-д хошууч цол олгоод хээв нэг УИХ-д тайлбарлаад сууж байна. Асуудлыг шүүхээр шийдэх нэг хэрэг. Түүнийг нь биелүүлэх эсэх нь өөр хэрэг болжээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх ёстой байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг болохоор албан тушаалтанд таалагдахгүй шийдвэрийг биелүүлэхгүй иргэд, аж ахуйн нэгжийг хохироодог жишиг тогтох нь. Авлигын эсрэг ажлын хэсгийнхэн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хамгийн түрүүнд анхаарах ёстой байтал эсэргээрээ орхижээ. Удахгүй Хөгжлийн банкны луйврын хэрэг шүүхээр шийдэгдлээ гэхэд хэрэгжүүлэхгүй байхад л болох бололтой. Хууль зүйн сайд нь танхимынхаа гишүүдийг хууль биелүүлэхийг шаардаж, харьяа байгууллагаа шахах ёстой байтал ажлаа хийгээгүйгээс шүүхийн шийдвэр ч Монголд хэрэгжихээ больжээ.

Энэ мэтээр шүүхгүйгээр шүүн элдэв зөвшөөрлөөр дарамталж, хүссэн үедээ зөвшөөрөл олгож дургүй нь хүртэл хурааж аваад шүүхийн шийдвэрийг үл тоомсорлодог явдал улам бүр гаарсаар. Хууль зүйн сайд шударга бус шийдвэр гаргадаг хонгилын шүүхийн боломж гарвал шүүмжилдэг. Гэтэл шүүхээс илүү эрх мэдэлтэй нэгэн байгууллага засаг дотор бий болчихлоо. АТГ-ын дарга томилгоог УИХ-аас авсан засагт ийнхүү өөрийн гэсэн “шүүх” бий болов бололтой. Тэд хүсвэл шүүхийн шийдвэрийг биелүүлдэг, эс хүсвэл орхидог. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь хуулиар гэмт хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж