Хуучирсан мэдээ: 2022.06.25-нд нийтлэгдсэн

Бороо ороосой…

Бороо ороосой…

-Бодрол-

Хацар эсгэн шаагих бороо чи бодолд дарагдуулан урсаач.

…Хэдхэн мөчийн өмнө амсч үзээгүй аз жаргалынхаа тухай амраг хайр, гэнэн хонгорын тухай сүүдэр бараадан бодож суусан сан. Зөвхөн чамайг. Биш ээ, сэнгэнэсэн сэрүүн салхийг. Хайрын тухай…

Нарны халууныг биедээ тээсэн биднийг жам мөнх бусын харгуй тийш хөтлөнө.

Хүүгийнхээ гэнэхэн буруутгал болгоныг аргаданхан ертөнцийн шүтээн минь өдөржин элдэвийг сурган тог тог хийн бороог бодогдуулан майжигнана. Бороо чи зогсолтгүй шаагиач.

Шиврэнхэн шаагих бороо чи бачимдсан бодлыг минь цэнгэгшүүлж, хөлөрсөн биеийг минь сэрүүцүүлээч.

Уйтгарлах гоморхох хэрэг юун гэвч хорвоогийн мөнх бусыг шүүрдэн бодох бурхан болоочийн хөдөөлүүлэх замын урт шиг уйтгар, басхүү гоморхол, бухимдалын эх ундарга түгжрэл. Бороо чи өөрөө гоморхол, баяр хөөрийн туйл ажгуу.

Уйтгар, уцаартаа улам бүр шатах намайг хөнгөлөх гэж шиврэхгүй гэж үү.

Өдөр өдрөөр өвөөгийн нас руу ойртож байгаа ч сэтгэл минь балчир руу тэмүүлсэн. Өнөөдөр муухай, өнгөрсөн сайхандаа бус зүгээр л сайхныг нь төсөөлдөгтөө дурсамж амттай. Мартахыг мэдэхгүй бол бидний амьдрал харанхуй. Амьдрах утгагүй. Маргаашийн талаар зэрвэс төсөөлөхөд ч аймшигтай. Үүлэнд халхлагдсан бүүдгэр наран булингартсан сэтгэлийг, бохирдсон цонхыг угаах бороо адил далд орно.

Бохир заваанаар өнөөгийнхөнд төсөөлөгдсөн хотын захын бор гэрт бидний дээдсийн ураг бүрэлдсэнийг төсөөлдөггүй. Галын элчинд дулаацаж, голын усанд сэрүүцсэн өвгөдийн үед өнөөгийнх шиг угаар байгаагүйг салхи сануулан сэвэлзэхүйд сатаарсан охин утсаа маажих шиг элдвийг энд тэндээс хайна. Аагим бүгчим халуун амралтын өдрөөр жаалууд усаар наадах жаргалтай нь аргагүй голыг, усан оргилуурыг бараадах ч даанч багтаж шингэхэд хэцүүхэн. Очиж гэж түгжирч, очоод буцаж гэж гацсаар орой болно. Мод биш цементэн шугуйг нүүдэлчдийн дарга нар мөнгө авч ургуулсан. Мөдхөн тэд аз жаргалгүй хотоос дайжин аз жаргалын эрэлд ертөнцөөр нэг тэнүүчлэнэ.

Шилэн барилгууд сүндэрлэсэн хотын төвөөс холдуухан шохой нь урсаж, шавар нь халцарч, дээвэр нь хотойн хэзээ мөдгүй нурах дөхсөн шавар байшин тэртээд одсон аавыг эрхгүй санагдуулан ховсдоход багын явдлыг давтан бяцхан жаал огт үзээгүй тоглоом шигээ хаалгыг нь хяхтнуулан татаж үзнэ. Огт санаандгүй аавын тухай бодлыг “Хүүе, миний хүү болохгүй” гэх хүүгийн ээж үргээж, өнөөдөрт эргүүлэн намайг авчирна. Тэр байшингийн будаг нь ханхалж байхад би жаал шиг, аав ээж шиг нь залуу байсан. Нүдээ аниад дахиж нээгээгүй аавтай минь адил мөдхөн тэр байшинг газартай тэгшилнэ. Гэхдээ байснаараа миний, бас хүүгийн зүрхэнд оршино. Урьдын явдлыг сануулсан цонхны цаадах бөнжигнөсөн дуслууд хаалга онгойх чимээнээр халтар цонхыг арчин гулсан цэвэрлэж орхино. Чихэнд аавын эв хавгүй аялах дуу, ээжийн шоолонгуй инээх сонсогдох шиг. Бодвол би өмдөө норгочихсон, мөлхөж яваа…

Сайхныг яриад саарыг бүтээдэг үсээ тослож, цагаан цамц, улаан зангиа өмссөн царайдаа ярвайлттай дарга халуун ус нь тасарсан хотын хөөрхөн бүсгүйн зовлонг мэдэхгүй. Тэдий сэтгэлд бороо ороосой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж