ЦААШДЫН УЧИРЧ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ НИЙЦСЭН ЗӨВ ШИЙДВЭР
Эдийн засагч Н.ЭНХБАЯР:
–Монголбанкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөгийн бодит нөхцөл, цаашдын учирч болох эрсдэлтэй нийцсэн зөв шийдвэр болсон. Хилийн боомтууд дээр үүсч байгаа экспортын саатал, импортын тасалдлыг зогсоож, боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсэний дараа нийлүүлэлтийн тасалдал арилж, инфляци тогтворжих боломжтой гэж үзэж байна. Бензин шатахууны үнийн өсөлт (АИ92) ирэх гуравдугаар улиралд тохиох нь тодорхой байна.
ИНФЛЯЦИЙН ӨСӨЛТИЙГ СААРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ҮҮДНЭЭС МӨНГӨНИЙ ХУМИХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ
Эдийн засагч Д.ОЮУНБАДАМ:
-Инфляци 15 хувьд хүрсэнээс гадна цаашид улам өсөх хандлага ажиглагдаж байгаа тул мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэснийг зөв арга хэмжээ гэж харж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, тээвэр, логистикийн саатал, тээврийн зардлын өсөлт зэргээс шалтгаалсан шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа статистик мэдээлэл гарсан. Гэсэн хэдий ч инфляцын өсөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах үүднээс мөнгөний хумих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Инфляцийг тогтворжуулахын тулд Монголбанкнаас мөнгөний бодлогын арга хэмжээ авахаас гадна Засгийн газраас мөн төсвийн зарлагын асуудалд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед тэвчиж болох төсвийн хөрөнгө оруулалтын зарим төсөл, засварын ажлыг хойшлуулж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар илүүтэй дэмжих зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй юм.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХУВЬД ХАРЬЦАНГУЙ БАГА ХҮҮГИЙН ӨСӨЛТИЙГ СОНГОСОН НЬ
ЗӨВ БАЙХ БОЛОМЖТОЙ
Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг ерөнхийд нь дэмжиж байна. Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж бусад бодлогын нэмэлт тохиргоо хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, үнийн өсөлт өндөр байгааг бид бүгд мэдэж байна. Үнийн өсөлтөөр дамжсан дарамт иргэдийн амьжиргаанд хүчтэй сөрөг нөлөөлж байгаа нь мөн тодорхой. Энэ хүнд нөхцөл байдал нь макро бодлогын амаргүй сонголтыг бидэнд тулгаж байна. Иймээс мөнгөний бодлогын хувьд харьцангуй бага хүүгийн өсөлтийг сонгосон нь зөв байх боломжтой.
Гэхдээ энэхүү үнийн өсөлтийг дан ганц мөнгөний бодлогоор хянах, удирдахыг хүчтэй оролдох нь эдийн засгийг эрсдүүлэх нөхцөлтэй юм. Эдийн засаг хоёр жилийн хөл хорио, бусад хязгаарлагдмал нөхцөл байдлын дараа эргэн сэргэх шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байгаа үед мөнгөний нийлүүлэлтийг огцом бууруулах нь ирээдүйн эрсдэлийг нэмэгдүүлэх хандлагатай юм.
Нөгөө талаас үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол, тээврийн үнийн өсөлт, тээврийн хугацааны асуудал. Үүн дээр нэмээд валютын ханшаар дамжсан импортын үнийн өсөлт нөлөөлж байна. Үүний эсрэг тэмцэх үндсэн арга нь мөнгөний захаас илүү нийлүүлэлтийн доголдлыг арилгах, экспортыг нэмэгдүүлэх явдал. Харамсалтай нь, бид үүний эсрэг дорвитой зүйл хийх боломж хязгаарлагдмал байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Иймд мөнгөний хэт хумих бодлого явуулах нь энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даамжруулж болзошгүй юм.
Мөнгөний бодлогын хорооны шийдвэртэй санал нэг байгаа боловч зарим дүгнэлтийг анхаарч цаашдын арга хэмжээгээ төлөвлөх хэрэгтэй гэж үзэж байна. Миний хувьд өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал стагфляцын шинжтэй байна гэж үзэж байна. Эдийн засгийн уналт, үнийн өсөлт нь үүнийг тодорхойлж байна. Энэ нь удаан үргэлжилсэн тохиолдолд эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөллийг бий болгоно. Ялангуяа орлого багатай, ядуу иргэдийн амьжиргааг доройтуулна. Харин энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх мэт харагдаж байгаа хөдөлмөрийн зах зээлийн бага зэрэг сэргэлт, иргэдийн хэрэглээнд хууртах хэрэггүй. Энэ нь эрүүл мэндийн шалтгаантай энэхүү онцгой хямралын дараах жам ёсны үзэгдэл гэж би хувьдаа үзэж байна. Учир нь хоёр жил хөл хорио, хязгаарлагдмал нөхцөлд байсан иргэд, аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орох нь тодорхой. Энэ нь зарим үзүүлэлтийг эерэг харагдуулж байна. Гэтэл энэ хөдөлгөөнд орсон байдлыг дэмжих суурь нөхцөл бүрдээгүй гэдгийг санах хэрэгтэй.
Холбоотой мэдээ