Наадам дөхөж, автошины түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Наадам дөхөж, автошины түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна

Наадам дөхөж, автошины түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна

Амралт зугаалгын улирал ирж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихсэв. Ялангуяа энэ жил олон аймаг, сумдын тэгш ой тохиож байгаа учир наадмаар нутагтаа очих хүсэлтэй хүмүүс олон бий. Үүнийгээ дагаад ч удаан уулзаагүй нутгийнхандаа гайгүй харагдах гэсэн, муугаа үзүүлэхгүй юмсан гэх монгол зан автомашин түрээсийн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлжээ.

Нөгөө талаараа Таван Богд болон Мөнххада зэрэг тоёотагийн борлуулалтын газрууд дээр монголчуудын хайр зарласан “Ланд-200”, “Ланд-300” зэрэг автомашинууд бэлэн байхгүй аж. Захиалга нь ч энэ жилдээ дүүрч, шинээр захиалга өгвөл 2023, 2024 онд л ирнэ гэх. Иймээс жийп, туулах чадвар сайтай том оврын автомашины түрээсийн үйлчилгээ эдгээр өдрүүдэд эрэлттэй байна.

Жийп түрээсийг дотор нь жолоочтой болон жолоочгүй гэж ангилж болох бөгөөд үүнээс шалтгаалан мөн тухайн автомашины үйлдвэрлэгдсэн он, маркаас хамааран үнэ нь харилцан адилгүй. Ерөнхийдөө хоногийн 180 мянгаас 450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хамгийн сонирхолтой нь наадмын өдрүүдээр түрээсийн захиалга нь дүүрч бараг л сул жийп байхгүй болжээ.

Өнгөрсөн жил Ланд-200 түрээслэхэд хоногийн 350 мянган төгрөг, Лексус-570 хоногийн 350 мянган төгрөг, Лексус 470 хоногийн 160 мянган төгрөг тус тус байв.

Зарын дагуу хэд хэдэн газартай холбогдов.

  • 7740…. дугаартай албан байгууллагатай ярихад “Манайх Ланд-200 л түрээслүүлдэг. Хөдөө орон нутаг руу, хурим найранд түрээслүүлдэг. Хоногийн 450 мянган төгрөг л гэж байна. Хэрэв захиалах бол эртхэн захиалах хэрэгтэй шүү. Ойрд захиалга их байна” гэв.
  • 8071…. дугаартай иргэний хэлснээр зургадугаар сарын 30-н хүртэл захиалга авна гэв. Тэрбээр “Лексус-570, Ланд-200 бэлэн байна. Хоногийн 450 мянган төгрөг. Олон хоногоор авбал хөнгөлөлт үзүүлнэ гэдэг хэцүү. Хүн бүр л авах гэж сонирхож байна. Бараг захиалга дүүрчихсэн байх. Таны захиалга өгөх өдөр дээр сул машин байхгүй ч байж магадгүй. Захиалга их байна. Наадмаар бол сул машин бараг байхгүй дээ. Хоёр жил наадам болоогүй энэ жил эрэлттэй байна ш дээ” гэж ярив.

Зарим газрууд жийпээ заавал жолоочтой түрээслүүлдэг. Магадгүй энэ нь эд хөрөнгөө хамгаалж буй, ямарваа нэгэн хохирол, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж буй үйлдэл байх. Хэрэв та жолоочтой жийп түрээслэвэл үйлчилгээний хөлснөөс гадна тухайн жолоочийн байр хоолны мөнгийг давхар даах хэрэг гарна.

Энэ талаар 9590…. дугаартай автомашин түрээсийн газрын төлөөлөгч “Лексус-570 хоногийн 330 мянган төгрөг, Ланд-200 250 мянган төгрөг, Лексус-470 180 мянган төгрөг. Олон хоногоор түрээслэвэл 10 хувийн хөнгөлөлттэй. Одоо эртхэн захиалахгүй бол долдугаар сарын захиалга дүүрч байна. Урьдчилгаа 50 хувиа өгөөд л захиалга өгнө. Жолоочтой гэвэл байр хоолыг нь даах хэрэгтэй” гэлээ.

Харин 7011…. дугаартай бизнес эрхлэгч “Лексус-570 алга. Харин Ланд-200 хоногийн 280 мянган төгрөг гэж байна. Ер нь жолоочтой л түрээслүүлнэ дээ. Ачаалал их л байна" гэлээ.

Энэ мэт олон аж ахуй нэгж, хувь хүмүүстэй холбогдсон ч хариулт нь нэг хэвийн. "Одоо эрт захиалвал цөөн хэдэн машин байна" эсвэл "Уучлаарай долдугаар сард захиалга дүүрсэн" гэх хариулт л их байна. Ямартай ч өнгөрсөн хоёр жил даруухан наадсан монголчууд энэ жил нутаг усандаа очиж, амралтын олон өдрүүдээр наадсан шиг наадах төлөвтэй байна. Ингэхдээ нэгнийхээ "дор" орохгүй гэсэн монгол зангаасаа болсон уу үнэхээр жийп машиныг туулах чадвартай сайтайгаар нь сонгосон уу автомашины түрээсийн үйлчилгээ эрэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж