Элгээрээ хэвтсэн аялал жуулчлалын салбар эргэн сэргэх таамаг

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Элгээрээ хэвтсэн аялал жуулчлалын салбар эргэн сэргэх таамаг

Элгээрээ хэвтсэн аялал жуулчлалын салбар эргэн сэргэх таамаг

Цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их хохирол амссан. Монгол Улсад ирэх жуулчны тоо 94 хувиар буурсан нь хөгжиж буй орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өдгөө аялал жуулчлал удаан сэргэх төлөвтэй байна. Зах зээл хумигдсан учраас олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөөнд тэсч үлдэх, үр дүнтэй стратеги зайлшгүй хэрэгтэй юм. "Шинэ эгэл" нөхцөл байдалд одоогийн мөрдөгдөж буй бодлогын баримт бичгүүд зарим талаараа нийцэхгүйд хүрчээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2021 оны аравдугаар сард экспертүүдийн дунд хийсэн судалгаагаар оролцогчдын 43 хувь нь 2023 онд, 45 хувь нь 2024 онд дэлхийн аялал жуулчлал 2019 оны түвшинд хүрч сэргэнэ гэж хариулсан байна.

Харин Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд арай хожуу сэргэх төлөвтэй гэж үзжээ. Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хувьд 2019 онд түүхэндээ хамгийн их гадаад жуулчин хүлээж авсан жил болсон. Covid-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны байдлаар 57.5 мянган жуулчин, 2021 онд 33.1 мянган жуулчин тус тус манай оронд аялжээ. 2022 онд аялал жуулчлалыг сэргээхэд аж ахуйн нэгжүүдэд багагүй бэрхшээл тулгарч буй. Тодруулбал, тур операторын орлого 80 хувиар буурч, ажлын байр 78 хувиар хумигдсан байна.

Жуулчны баазын хувьд үйл ажиллагааны орлого нь 84 хувиар, ажлын байр 68 хувиар тус тус буурчээ. Зочид буудлуудын орлого 63 хувиар, ажлын байр 25 хувиар буурсан бол зоогийн газрын орлого 51 хувиар буурч, ажлын байрны тэн хагас нь үгүй болсон байна.

Аялал жуулчлалын салбарын багш судлаач, экспертүүд салбарын сэргэлтийг гурван хувилбараар таамаглаж байгаа ажээ. Энд Орос-Украины дайны нөлөөллийг тооцоогүй байна. Инбаунд аялал жуулчлал 2019 оны түвшиндээ 2024 онд эргэн сэргэх боломжтой ч нийт олролцогч талууд хамтын ажиллагаагаа сайжруулж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Монгол Улсад өнгөрсөн жилүүдэд БНХАУ, ОХУ-ын иргэд хамгийн өндөр хувьтай аялдаг байв. Энэ жил БНХАУ, ОХУ-ын жуулчдын урсгал хязгаарлагдмал байгаа учир салбарын яам Азийн улс орнуудаас жуулчин авах зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн тэмдэглэлээр БОАЖЯ-наас БНСУ-ын жуулчдыг зорилтот зах зээлээ болгох асуудлыг хөндөж, улмаар БНСУ-ын жуулчдыг 90 хоногийн хугацаанд Монголд визгүй аялах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр дагуу БНСУ-ын жуулчид хамгийн их ирэх боломжтой юм.

Манай улс өнгөрсөн 2019 онд хамгийн их буюу 577 мянган жуулчин хүлээж авсан. Эдгээр жуулчид Монгол Улсын эдийн засагт 607 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Энэ нь тухайн жилийн ДНБ-ий 7 хүртэлх хувийг эзэлж байв. Харин 2022 онд энэ хэмжээнд хүрэхгүй ч 250 мянга орчим жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. БОАЖЯ-наас аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хугацааг хойшлуулах боломж олгосон. Мөн Монголыг гадаадад таниулан сурталчлах боломжийг сайжруулж, хөгжүүлснээр жуулчид ихээр ирнэ гэж тооцоолжээ. Үүний дүнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд гадаадаас жуулчдаа хүлээж авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Монгол Улсад он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 45 мянга орчим жуулчин ирээд буцжээ.

Жуулчин бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд буцсан гэсэн үг. Тухайлбал, онгоцны буудал дээр буух, онгоцоор зорьж ирэх, зочид буудал захиалах, дотоодын тээврийн хэрэгслээр зорчих, хоол идэх, үзвэр үйлчилгээ үзэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах зэргээр эдийн засагт шууд нөлөө үзүүлж. 2019 оны судалгаагаар, нэг жуулчин 1280 орчим ам.доллар үлдээгээд явдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ нь харьцангуй бага тоо боловч ирж буй жуулчдын хоноглож байгаа хугацаа, аяллын маршрут, хөтөлбөрийг харвал жуулчид Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөг үзүүлж байна.

Жуулчдын аялах хугацаа хэдий урт байх тусам Монголд оруулах хувь нэмэр, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Тиймээс аялал жуулчлалыг үр дүнтэй, үр бүтээлтэй, сэтгэл хангалуун байлгахын тулд аяллын маршрут сонирхолтой, давтагдашгүй, үнэ цэнтэй байх ёстойг салбарын төлөөлөл онцолсон юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД МЭДЭЭЛЛИЙН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

Монголын аялал жуулчлалын салбарын сэргэлтэд нөлөөлж буй хязгаарлагч хүчин зүйл олон. Үүнд улс орнуудын хилийн хатуу хориг илүүтэй нөлөөлж буй. Covid-19 цар тахлын шинэ хувилбаруудын дэгдэлтийн улмаас аялал жуулчлалыг хүлээн авагч улс орнуудын засгийн газрууд тухайн жуулчин илгээгч орнуудын зорчигч, жуулчдыг хүлээж авах тал дээр харилцан адилгүй дүрэм журмууд гаргаж байгаа билээ. Үүний зэрэгцээ мэдээллийн тодорхой бус байдал сөргөөр нөлөөлж буй юм. Өөрөөр хэлбэл, жуулчин хүлээн авах талаарх бодлого, зохицуулалт тодорхой биш, мэдээллийн нэгдсэн уялдаа, холбоогүй. Энэ нь салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын жуулчин хүлээж авах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

  • Санхүүгийн хүндрэл аж ахуйн нэгжүүдэд хүндээр туссан хэвээр. МҮХАТ-аас хийсэн судалгааны дүнгээс харахад цар тахлын үед тур оператор байгууллагуудын орлого 80 хувиар, зочид буудлын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар, ресторануудын орлого 51 хувиар тус тус буурсан байна. Үйлчилгэ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагууд олон төрлийн (үл хөдлөх хөрөнгө, нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, газрын төлбөр гэх мэт) татварын өрийн дарамтад орсон.
  • Хүний нөөцийн шилжилт хязгаарлагч хүчин зүйл болж байна. Тур оператор байгууллагууд 78 хувиар, зочид буудлууд 25 хувиар, жуулчны баазууд 68 хувиар, ресторанууд 50 хувиар тус тус ажиллах хүчнээ цөөлсөн. Иймд салбарын хэмжээнд хүний нөөцийн хомсдол ноцтой хэмжээнд хүрч, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид ажлын байр хадгалж үлдэхэд улам төвөгтэй болжээ.
  • Агаарын тээврийн хязгаарлалт нөлөөлж байна. Нислэгийн хуваарь олон улс болон дотооддоо гарахгүй байгаа, нислэг сэргээх талаар бодлого, төлөвлөлт тодорхой бус байгаа нь салбарын аж ахуйн нэгж байгууллагууд, аялал төлөвлөх, захиалга хийх боломжгүй болгож буй. Үүний зэрэгцээ геополитикийн нөхцөл байдал нөлөөлж байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж