SOS: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

SOS: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

SOS: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

Нийслэлд баригдаж буй зайгүй, өндөр орон сууцны хорооллууд хүний амиар босч байгаа гэхэд хилсдэхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй,  барилгын талбайд ажиллах техник хэрэгсэл нь бүрэн бусаас болж ослоор нас барах хүний тоо огт буурахгүй нэмэгдэж байна. Угтаа барилга захиалсан компани, гүйцэтгэгч аж ахуй нэгж, ажил үүрэг гүйцэтгэгч буй хүн аль аль нь хариуцлагатай байх ёстой. Гэтэл эрсдлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн, нэгж байхгүйгээс дулааны улирал эхэлснээс хойш сар бүр хүний эрдэнэт амь хүйтэн төмөрт дарагдаж байна.

Тухайлбал, хоёрдугаар сараас барилгын ажлууд эхэлж түүнээс хойш нийт таван хүн амь насаа алдаж, 27 барилгын компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Кранаас үүдсэн ноцтой хохирол учруулсан ослуудыг нэгтгэн хүргэж байна.

КРАНЫГ БУРУУ УГСАРЧ, ОСОЛДОН ОЙРОЛЦООХ БҮХ ХАШААГ СҮЙТГЭСЭН

Барилгын ажил гүйцэтгэж байсан кран унаж иргэдийн өмчийг эвдэж, замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан осол өнгөрсөн гуравдугаар сард гарсан. Тодруулбал, өнөөдөр 2022 гуравдугаар сарын 29-ны 02:00-04:00 цагийн үед краны ажиллагаа саатаж, унасан. Тухайн үед барилгын ажил үргэлжилж байсан бөгөөд ямар нэгэн хүн гэмтээгүй болохыг мэдээлж байв. Гэхдээ осол гарсан талаар барилгын ажлыг гүйцэтгэгч компани ОБЕГ, МХЕГ-т мэдэгдээгүй. Харин ойролцоох оршин суугчид ослын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ.

Кран унасан тус осол Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нарны хорооллын ойролцоо “Уран ган” худалдааны төвийн хажууд баригдаж буй барилгын гадна болсон.

Хэрэг мөрдөлтийн дараа тухайн компанид торгууль ногдуулж, техник хэрэгслийг зөв угсрах, байршуулах зөвлөмж өгсөн байна.

198 ИРГЭНИЙГ ХУГАРАХ АЮУЛТАЙ КРАНААС НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭВ

Барилгын ажил явагдаж буй энэ үед хөдөлмөрийн болоод техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол ихээр гарч байгааг МХЕГ-аас анхааруулсан. Өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах эрсдэл үүссэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын алба шуурхай ажиллаж, эрсдэлд ороод байсан зэргэлдээх байрны оршин суугчдыг түр нүүлгэсэн байна.

Тухайн үед Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөр суурийн краны хугарсан хэсэг унах гэж байсан.

Тиймээс тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсэгт бэхэлгээ хийжээ.

ХҮЧТЭЙ САЛХИНД 32 ТОННЫН КРАН ДААЦАА АЛДАЖ, УНАСАН

Крантай холбоотой дараагийн осол бол Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар Импекс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тоннын даацтай вандан кран энэ сарын 18-ны орой салхинд туугдаж унасан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуугаас шалтгаалж кран унасан нөхцөл байдал үүсчээ.

Осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй байна.

СТАНДАРТЫН ДАГУУ ТЕХНИК БАЙРШУУЛААГҮЙГЭЭС ХОЁР ХҮН НАС БАРАВ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт /2022.06.22/ 12:54 цагт барилгын ажил явагдаж байх үед "Хүннү 2222" хорооллын хажууд байрлах барилгын кран унаснаас үүдэж, 20 болон 36 настай хоёр залуу нас барсан.

МХЕГ-аас асуухад орон сууцны барилгын ажлын үед аюулгүй байдал хангаагүйгээс осол их гардаг. Тус үүсээд буй нөхцөл байдлын талаар аврах ажиллагаа дууссаны дараа дүгнэлт гарна. Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байна. Аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй гэв. Энэ ослыг цагдаагаас шалгаж байгаа ч мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд тулгуурлаж эрүүгийн хэрэг үүсгэх аж.

Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн задлангийн хариуг 14 хоногт гаргана гэх тайлбарыг өглөө.

Тухайн нас барсан хүмүүсийн цогцсыг задлангийн хариунд үндэслэн хэрэг бүртгэлд хавсаргах аж. Одоогийн байдлаар хариу гараагүй ирэх ирэх сарын 5-ны дотор хариу гарах болохыг албаны хүмүүс хэлсэн юм.

ДАХИН ХОЁР ХҮН 6 ДАВХАР БАРИЛГААС УНАЖ ЭНДЛЭЭ

Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2022.06.23/ гарлаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүрэг 17 дугаар хороо Маршал таун хотхон дотор барилгын өргүүр унаж хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх дуудлага ирсэн. Энэ дагуу  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан Б эрэгтэй 37 настай, Э 35 настай эрэгтэй нар доош унажээ. Улмаар Б нь нас барж Э яаралтай тусламаар эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, биеийн байдал нь сайжрахгүй нас баржээ

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн  нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас кран унасан хэрэгтэй холбогдуулан дээрх хэрэгт ажлын хэсэг гарган шалгахаар болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж