АНУ-д усны аврагч, гал сөнөөгчийн хомсдол үүсэв

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

АНУ-д усны аврагч, гал сөнөөгчийн хомсдол үүсэв

АНУ-д ажиллах хүчний хомсдол олон салбарт тулгамдаж байна. Иргэдийг усны ослоос аврах мэргэжлийн аврагчийн хомсдол үүссэнээс Нэгдсэн улс даяар олон зуун усан сан хаалгаа барьжээ. Тухайлбал, Индианаполис хотод л гэхэд 20 гаруй усан сан байдгаас ердөө дөрөв нь ажиллаж буйгаас урт дараалал үүсчээ. Индиана мужид усны аврагчид цагт 11 ам.долларын цалин хөлстэй байдаг. Гэвч хомсдлоос шалтгаалан усны аврагчдын цагийн хөлс 16 ам.доллар болж өсчээ.

АНУ-ын хэмжээнд хамгийн олон буюу 77 усан сан, 22 далайн эрэгтэй Чикаго хотод зуны нээлтийг зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 5-ныг хүртэл хойшлуулахад хүрчээ. Тус хотод усны аврагчдад цагийн 15.88 ам.долларын цалин дээр 600 ам.доллар хүртэлх бонус, урамшууллыг амлаж байна.

АНУ-ын усны аврагчдын холбооны тооцооллоор Нэгдсэн улсын усан сангуудын гуравны нэг нь аврагчгүйгээс тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Түүнчлэн ирэх наймдугаар сараас аврагч оюутнууд хичээл, сургуульдаа буцсанаар усан сангуудын 50 хувь нь хаалгаа барихад хүрэх гэнэ. Зуны улиралд усны аврагчийн эрэлт нэмэгдэж, хомсдол үүсэх нь энгийн үзэгдэл боловч цар тахлаас болж мэргэжлийн сертификат олгох сургалт зогссон нь асуудлыг хүндрүүлжээ. Цар тахлаас өмнө жилд 330 мянга орчим хүн тогтмол аврагчийн сургалтад хамрагддаг байсан аж.  Усан сангууд хаалаа барьснаас америкчууд аврагчгүй далайн эрэг, голуудад сэлэхээр явах болсноор олон хүний амь насанд эрсдэл үүсгэж байна.

ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ЦАЛИНГ НЭМЭВ

Цагаан ордны тэргүүн Жо Байден гал сөнөөгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг ард иргэд сайшаан хүлээн авчээ. Гэвч ганц цалинг нэмснээр ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Гал сөнөөгчдийн хомсдолоос шалтгаалан АНУ-ын холбооны агентлагууд болон орон нутгийн гал сөнөөх албаны дунд хүний нөөцийн асар том өрсөлдөөн үүссэн байна. АНУ-ын баруун хэсгээр ой, хээрийн түймрийн эрсдэлтэй улирал эхэлсэн энэ үед өрсөлдөөн олон салбарыг хамарч байгаа аж.

Нэгдсэн улсад гал сөнөөгчөөр тэнцэж, бэлтгэгдэх нь өндөр шаардлагатай байдгийн дээр цалин хөлсийг инфляцитай уялдуулан нэмэх шаардлага үүссэн байна. Засгийн газраас гал сөнөөгчдийн цалинг хоёр жилийн хугацаатай 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан аж.

Ингэснээр гал сөнөөгчдийн үндсэн цалин 20 мянган ам.долларт хүрчээ. Жо Байдены захиргаа өнгөрсөн жил гал сөнөөгчдийн цагийн цалин хөлсийг 15 ам.долларт хүргэж, шинэ элсэгчдэд зориулан тусгай орон сууцны дэд бүтцийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан байв.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан АНУ-д жил ирэх тусам түймэр гарах нь нэмэгдсэн. АНУ-д 2019 онд Үндэсний гал сөнөөх төвөөс 92 удаа түймэр унтраахаар татлага явуулахад тоондоо хүрээгүй бол энэ тоо 2020 онд 339 болж нэмэгджээ. Үүний зэрэгцээ Ойн үйлчилгээ, газрын менежментийн холбооноос зуны оргил ачааллын үедээ 30 мянган гал сөнөөгч авч ажиллуулах шаардлага үүсдэг байна. Тиймээс гал сөнөөгчдийг бэлтгэх, тэдний цалин хөлсийг урт хугацаанд нэмэгдүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцолжээ.

АНУ-ын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 11.3 сая сул ажлын байр байгаа ч ажиллах хүнгүй байгааг мэдээлсэн. Цар тахлын дараа олон салбарт ажлын байрны хомсдол үүссэн.

Үүнээс гадна олон сая хүн ажлаасаа гарах  өргөдлөө өгсөн нь хомсдлыг улам гүнзгийрүүлжээ. Нэгдсэн улсад 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны нэгдүгээр сарын хооронд 6.5 сая хүн ажилд орсон бол 4.3 сая ажилчин халагдах өргөдлөө өгсөн үзүүлэлт байна. Түүнчлэн хил хаагдсанаас болж АНУ хоёр сая орчим цагаач ажилчны хомсдолд оржээ. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл жил бүр нэг сая цагаач ажилчнаар хүрээгээ тэлдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж