“Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ?

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

“Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ?

“Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ?

Ингэж асуух нь бас хардах нь шалтгаантай юм. Учир нь, “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК анхнаасаа хуульч зөрчиж, Монголын хуулийг гууль болгосон баримтуудыг хүргэе.

Монголын мэдээллийн технологийн салбарт “Ондо” хэмээх үүрэн телефоны оператор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагаа өнгөрсөн онд зарлаж байлаа.  Бүр тодруулбал цар тахлын үед олон хүн цуглуулсан гэж буруутгагдсан “Цахим  үндэстэн” шоуны үеэр үүрэн телефоны “Ондо”-д “Телефоны яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийг гэрчилгээг Харилцаа холбоо зохицуулах хорооны дарга Г.Чинзориг гардуулж өгсөн. Тэд өөрсдийгөө зорилго том, ажил их, явах зам урт байна гэж тодорхойлсон. Тэр ч бүү хэл өндөр хурдны интернэт буюу 5G технологийг ч пиараа болгосон юм.

 Харамсалтай нь, зорилго томтой, зам урттай гэж тодорхойлсон залуус гараанаасаа л Монголын хууль тогтоомжуудыг зөрчиж, тэдэнд зарим нэг албан тушаалтнууд “онцгой хандсан” нь анхаарал татахаас аргагүй юм.   “Ондо”-д онцгой өөр хандсан тухай салбарынхнаас нь ШӨХТГ-т  хаяглан санал шүүмжлэл хүргүүлжээ.

Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах газраас 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-д  мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /”Телефон яриа” үйлчилгээ/ гэсэн тусгай зөвшөөрлийг олгохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмыг зөрчин тус журамд байгаагүй эрхлэх үйлчилгээний төрлөөр, сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байна. Мөн сууран үйлчилгээний холбоо эрхлэх зөвшөөрлийг арван жилээр олгосон нь  Өрсөлдөөний тухай хуулийг зөржээ. Ийнхүү “Ондо”-д онцгой хандсаны ард хэн нэгэн эрх мэдэлтэн байгаа гэсэн хардлага ч салбарынханд байна. Аль асвал харилцаа холбооныхон албан тушаалаа урвуулсан уу гэх асуулт тавигдах нь зүйн хэрэг. Юутай ч Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7 заалтыг зөрчин аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгосон гэж үзэж байгаа аж.  Тиймээс Харилцаа холбооны хуулийн 8.1-д заасан харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийг ШӨХТГ болон Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан гомдол гаргасан байна.

Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг харахад “Ондо” нь ашгийн төлөө, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэжээ. Хувьцааных нь 12.57 хувийг “Анд Системс”, 87.43 хувийг нь “Гарнетон Птж Лтд” эзэмшдэг.

“Ондо”-гийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг  “Гарнетон”-ийн үүсгэн байгуулагчид нь And Global-ийн Ч.Анар, Google-ийн Б.Баттулга, “LendMN”-ийн О.Болдбаатар, П.Нямбаяр нар юм.  Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны салбарт үйлчилдэг хууль, тогтоомжийг хамгийн сайн мэдэх хүмүүс. Атал тэдэнд “ондоо” эрх, тусгай зөвшөөрөл олгосны ард авлига, албан тушаалын хэрэг байж болзошгүй байгааг хардах хүмүүс ч байна.  Тиймээс энэ асуудлаар  зарим үүрэн холбооны операторууд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль зэргээр хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн тул арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.

Хууль зөрчиж, “Ондо” компанид онцгой эрх мэдэл олгосон Харилцаа, холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзоригт гомдол гаргасан ч өнөөг хүртэл хариу өгөхгүй байгаа нь мөн л авлига авсан, өгсөн уу гэх хардлага төрүүлэх болсон байна.  Учир нь, тус компанийн ард З.Энхболд байж болзошгүй гэх хардлага салбарынханд байгаа бөгөөд түүнийг УИХ-ын дарга байх үед интернэтийн үйлчилгээнд радио давтамж олгох тусгай зөвшөөрлийг нь дүү З.Хишигтогтохын “Викомнэт”компанид олгожээ. Тухайн үед Харилцаа холбооны зохицуулах газрын даргаар Б.Балгансүрэн ажиллаж байсан юм байна. Энэ асуудалд одоогийн дарга Г.Чинзориг ч хамаатай байж болзошгүйг салбарынхан нь ч хардаж сууна.

Монголын харилцаа холбооны зах зээлд үнэхээр ондоо байхыг хүссэн юм бол “Ондо” ядаж л хууль дүрмийг биелүүлэх ёстой. Түүнээс хуулийг хувьчлан зөрчиж байгаад “Ондо” болж байгаа нь гахай илүү эрхтэй гэсэн үгийг санагдуулна. “Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ гэдгийг ч шалгах нь АТГ-ын ажил юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ХахаХаха
48
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж