ТОЙМ: "Эдийн засаг маш их хүндэрнэ"

Хуучирсан мэдээ: 2022.06.25-нд нийтлэгдсэн

ТОЙМ: "Эдийн засаг маш их хүндэрнэ"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


А.Ариунзаяа: Хүн амаа өсгөх бодлогыг халамжийн бодлогоос салгана

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед хамгийн ачаалалтай, иргэн бүрд хүрч ажилласан яамдын нэг байлаа. Үйл ажиллагааны цар хүрээгээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгэмд чиглэсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажилладаг учраас танай яам үргэлж анхаарлын төвд байдаг. Яамны зүгээс хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Хүн амын олонх хэсэгт хамаардаг нийгмийн халамж, хамгааллын асуудлаар эхэлж асууя. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр онцлох ямар ямар зохицуулалт оруулахыг зорьж байгаа вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээ маш өргөн. Нарийн яривал, хүүхэд эхийн хэвлийд байхаас эхлээд, мэндэлсний дараах үе, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлсэн ээжүүд болон гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ахмадын асуудал гэх мэт тухайн хүний амьдралын бүхий л цаг үетэй холбоотой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд бид томоохон хуулийн төслүүдийг боловсруулж заримыг нь батлуулаад байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Энэ хууль халамжийн бодлогыг цэгцлэх, хүн амын зорилтот бүлэгт чиглүүлэх тал дээр өөрчлөлт гаргах эрх зүйн чухал алхам болно гэж үзэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


“Цусны даралт ихсэлт залуужих хандлагатай байна”

Монгол улсын хүн амын дунд халдварт бус өвчний өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болсон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амын дунд эрүүл зөв дадал төлөвшүүлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг энэ жил тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус аяныг өнөө жил Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Орхон аймагт хэрэгжүүлэхээр Даланзадгад суманд аяны нээлтийг хийв. Энэ хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Наранцэцэгтэй ярилцлаа.

– Юуны өмнө “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” зохион байгуулах болсон талаараа ярихгүй юу?

-Монголын хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаанд 1990 оноос хойш зүрх судасны шалтгаант эмгэгүүд тогтмол тэргүүлж байгаа бөгөөд өвчлөлийн гуравдугаарт  буюу нийт өвчлөлийн 11.1 хувь, нас баралтын 31.2 хувийг эзэлж уг өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины харвалтын тохиолдлын тоо буурахгүй байна. 2021 онд 10 000 хүн амд зүрх судасны өвчлөл 936 болж ихэссэн нь сүүлийн арван жилийн дунджаас 128-аар илүү байна. Зүрх судасны тогтолцооны өвчин сүүлийн хоёр жилд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан байсан ба хүйсээр эмэгтэй, өвчлөлийн төрлөөр артерийн даралт ихсэлт, зүрхний ишеми өвчин давамгайлж, нас баралт эрэгтэйчүүдийн дунд өндөр байна. 40-49 насны эрэгтэйчүүдийн зүрх судасны эмгэгийн улмаас нас барах тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3 дахин өндөр байгаа төдийгүй зүрхний шигдээс түгээмэл шалтгаан болж байна. Дэлхийн түвшинд Монгол Улс зүрх судасны өвчлөлийн нас баралтаар хол тэргүүлж буй 3 улсын нэг болсоор байгаа нь харамсалтай. Цусны даралт ихсэлт залуужсаар байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санааг зовоож, анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байсаар байгаа тул энэхүү аюулт өвчинтэй тэмцэхээр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос эхлүүлсэн. Энэ жил аяны хамтран хэрэгжүүлэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хүч нэмэн ажиллаж, ард иргэдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж мэдээ мэдээлэл өгөх тал дээр хамтрахаар болж байгаад бид бүхэн баяртай байгаа.

– Энэ жилийн хувьд хэдэн аймагт тус аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Аяны баг 2022 оны зургадугаар сарын 19-25-ны өдрүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудад ажиллана. Энэ жилийн хувьд улс орон даяар бүх нийтийг эрт илрүүлэг оношилгоонд хамруулах ажилтай манай аян давхцаж байна. Тиймээс тусдаа зорилтот үйл ажиллагаатай аль болох давхцал үүсгэлгүй, төрөлжсөн, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эрт илрүүлэг, зөвлөгөө өгөх тал дээр тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн оролцоог ханган хамтран ажиллахад илүүтэй анхаарал хандуулж байна. Сүүлийн жилүүдэд артерийн даралт ихсэлтийн улмаас тархинд цус харвах, зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдлын тоо улам нэмэгдэж байна. Мөн артерийн даралт ихсэлттэй олон жил эм ууж байгаа болон даралт ихсэлтээ мэдэхгүй, мэдсэн ч эмчийн хяналтад орж зөвлөгөө авдаггүй, өөрөөр хэлбэл хяналтгүйгээс цус эрхтэн тогтолцооны архаг өвчтэй болсон, зүрх,  бөөрний дутагдалд орсон үедээ оношлогдох нь цөөнгүй байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ОХУ нарийн царигтай төмөр зам тавьдаг, Монгол болохгүй юу"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ долоо хоногт гишүүд иргэдээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ хийх эсэх талаар санал асуулга авахаар тойрогтоо ажиллаж байгаа. Та тойрог руугаа хэзээ явах вэ?

-Нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Бид тойрогт ажиллахдаа ямар драфт үзүүлэх гээд байгаа юм бэ. УИХ-ын дарга, МАН-ын дарга, албан тушаалтны толгойд байгаа, аль эсвэл гишүүдийн толгойд байгаа зүйлийг би мэдэхгүй. Жишээ нь, ийм зүйлийг өөрчилнө гэсэн тодорхой заалтууд бидэнд өгөх ёстой. Түүнийг нь иргэдээр хэлэлцүүлнэ гэсэн үг. Эхний ээлжид драфтаа гаргаагүй байж ард иргэдээр асуудлыг хэлэлцүүлнэ гэдэг буруу. Хоёрдугаарт, пропорциональ тогтолцоог оруулах гэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрийгөө сонгох талаар ярьж байна. Гуравдугаарт, гишүүдийн тоо, эрх ямбыг нэмэх гэж байна. Давхар дээлтэй болох гэж байна. Дөрөвдүгээрт, ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог байсан эрхийг УИХ өөр дээрээ авчрах гэж байна. Гол дөрвөн өөрчлөлт нь энэ дөрөв байхгүй юу.

"ҮХНӨ-ИЙН ИХЭНХ ЗААЛТУУД УИХ-ЫН ДАРГЫН ТОЛГОЙД БАЙХ ШИГ БАЙНА"

-Таны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар байдлаар хийх ёстой гэж бодож байна вэ?

-Дандаа “өөрсдийнхөө” асуудлыг шийдсэн өөрчлөлт байгаа биз дээ. УИХ-ын гишүүний эрх ямбыг дээшлүүлэх, үйл ажиллагаанд зориулсан Үндсэн хуулийн өөрчлөлт хийж болохгүй. Үүнийг гишүүд өргөн барих ёсгүй. Ерөнхийлөгч шүүх засаглалыг төлөөлөөд, аль эсвэл гүйцэтгэх засаглалыг төлөөлөөд өргөн барьж болно. Засгийн газар УИХ-ын гишүүдтэй холбоотой өөрчлөлт оруулах гэж байгаа бол дээрх хоёр субъектээс Үндсэн хуулийн драфтаа өргөн барьж болно. Миний хувьд дэмжиж буй зүйл бий. Сонгуулийн мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг маш их гээдэг. Нийт иргэдийн 42 хувийн саналыг авчхаад, УИХ-ын суудлын 82 хувийг эзэлж байна. Энэ бол сонгогчдын санал гээгдэж байна гэсэн үг. Тиймээс сонгогчдын саналыг бүрэн тусгадаг пропорциональ системийг оруулж ирэх нь өнөөдрийн сөрөг хүчин, АН-ын хувьд ирээдүйд намын түүхэнд бичигдэх зүйл юм. Тиймээс үүнийг дэмжиж байна. Гишүүдийн тоог нэмж болно. Яагаад гэвэл 2.2 сая хүн амтай байхад 76 гишүүний тоо гаргаж байсан. Одоо 3.4 сая болчихлоо. Гишүүдийн тоог нэмэхдээ “зуун ямаанд 60 ухна” биш, хоёр оронтой тоонд буюу 99-өөс дээшгүй байх ёстой гэдэг зарчимтай байна. Бидэнд дарга багадаагүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Ц.Саранцацрал: Нойрны хямралтай үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн

Нойр нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт юм. Гэвч хүмүүс ажлын ачаалал, нийгмийн стресс бухимдал зэрэг олон хүчин зүйлийн улмаас нойрны хямралд өртөх нь бий. СЭМҮТ-ийн Поликлиник хэсгийн Настны эрүүл мэнд хариуцсан амбулаторийн үзлэгийн эмч Ц.Саранцацралтай нойрны хямрал, түүнийг эмчлэх талаар ярилцлаа.

-Нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?

-Нойргүйдэл гэдэг нь ямар ч өвчний хамгийн эхний шинж тэмдэг байдаг. Хүн бүр нойрны хямралд орж болно. Тухайн хүний сэтгэл санааны байдал, бие эрхтэний өвчин, хүрээлэн буй орчны нөлөө, эмийн зохисгүй хэрэглээ, ахуйн дэглэм зэрэг олон хүчин зүйлийн улмаас нойргүйдэл үүсдэг. Жишээ нь, унтахын өмнө их идэх, кофе уух нь нойр сэргэх нөхцөл болдог. Иймд амьдралын хэв маяг нойр хэвийн байхад чухал нөлөөтэй.

-Нойр дутуу байх нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нойргүй удаан явбал ядарч, сульдана, ой тогтоолт муудна. Мөн ажлын бүтээмж, эрч хүч буурах, анхаарал төвлөрөхгүй байх, гэрэл дуу чимээнд дургүй, ууртай болно. Сэтгэцийн талаас өөрчлөлтүүд их илэрснээр сүүлдээ бие махбодын өвчин болдог.

-Унтахын өмнө гар утас үзэх нь нойрны хямралд оруулдаг хүчин зүйл мөн үү?

-Гар утаснаас хэт ягаан туяа ялгарч байдаг. Энэ нь хүний нойрыг сэргээдэг. Унтахаасаа хоёр цагийн өмнө гар утас, согтууруулах ундаа, кофе болон бусад зүйлсийн хэрэглээгээ зогсоох хэрэгтэй. Харин усанд орж, дасгал хөдөлгөөн хийж, унтахдаа бэлдэх нь зүйтэй. Мөн дуу чимээ бага, агаарын солилцоо сайтай орчин бүрдүүлж унтах хэрэгтэй.

-Нойргүйдэлд орсон хүн ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Нэгэнт нойргүйдэлд орсон бол эмийн эмчилгээ шаардлагатай. Гэхдээ эхлээд юунаас болж нойргүйдэлд орсон бэ гэдэг шалтгааныг тодорхойлно. Хэрвээ хувь хүний ахуйн дэглэм, хүрээлэн буй орчноос шалтгаалсан бол түүнийг засч сайжруулах хэрэгтэй. Харин сэтгэл санаа, бие махбод, эмийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн нойргүйдлийг эмчийн заавар, зөвлөгөөгөөр эмчилнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Л.Цэвээнжав: ХАА-н салбарын нөхцөл байдал, бодлого ямар байгааг судална

Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжавтай ярилцлаа.

-Хөдөө аж ахуйн тооллогын ерөнхий мэдээллийг та манай уншигчдад хүргээч?

-Манай улс хөдөө аж ахуйн тооллогыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн анхдугаар тооллогыг 2012 онд хийж байсан. Олон улсад энэхүү тооллогыг Хүн ам, орон сууцны тооллогын дараа зохион байгуулахыг зөвлөдөг. 1940 онд дэлхийн 10 улс Хөдөө аж ахуйн тооллогыг зохион байгуулж байсан бол 2010 онд 128 орон, 2020 он орчимд дэлхийн 150 улс энэхүү тооллогыг зохион байгуулж байна. Цар тахлын нөлөөгөөр зарим улс энэхүү тооллогоо төлөвлөсөн цаг хугацаандаа хийж чадахгүй байх хүндрэл гарч байгаа бол манай улс энэхүү тооллогоо төлөвлөсөн хугацаандаа амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн тооллого тавдугаар сарын 21-нд албан ёсоор эхэлж, долдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.

Тооллогод газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд, харин малтай өрхийн 30 хувь нь хамрагдах бөгөөд нийт 99 мянган өрх, аж ахуй нэгж байгууллага хамрагдах юм. Ингэснээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас зэрэг салбарын бүтцэд гарч буй өөрчлөлтийг тооцон, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэх болон цаашид хэрэгжүүлэх бодлогод шаардагдах мэдээллийг цуглуулдаг.

-Хөдөө аж ахуйн тооллого ямар үр дүнтэй вэ?

Ер нь статистик мэдээлэл чанартай сайн байх нь иргэдэд, аж ахуй нэгж байгууллагуудад, төрийн бодлого хэрэгжүүлэгчдэд болон судлаачдад хамгийн чухал байдаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж буй тооллого, судалгаа бүрийн асуулга бүр маш ач холбогдолтой байдаг. Тухайлбал, 10 жилд нэг удаа зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн тооллогын асуулга бүр нь энэ салбарт ажиллаж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг гаргаж ирж, цаашид салбарыг хөгжүүлэхэд анхаарах гэх мэт бусад тооллого, судалгаагаар авдаггүй мэдээллийг цуглуулдаг. Өөрөөр хэлбэл, арван жилд ганцхан удаа цуглуулж болох мэдээллийг авдаг гэсэн үг. Тухайлбал, малчдад малынхаа бүтээгдэхүүнийг борлуулахад ямар хүндрэл, бэрхшээл учирч байна вэ гэдгийг, мөн манай улсын бордоо, бодисны хэрэглээ ямар байгаа эсэх, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, газрын ашиглалт, газрын эзэмшил хэр байгааг, салбарын ажиллах хүчний мэдээлэл, түүнд тулгамдсан асуудал, ургацын хаягдал, хорогдлын хэмжээ болон шалтгааныг дэлгэрэнгүй судална.

Эдгээр бүх мэдээлэл дэлхийн 150 улстай харьцуулагдаж, манай улс тухайн асуудлаар дэлхийд хаана явж байгаагаа ч харах боломжтой болох юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


“АН доторх хагарал үзэл бодлын ялгарлыг харуулж байна”

Цар тахлаас үүдэж хоёр жилийн хугацаанд хойшлоод байсан Олон улсын Ардчилсан холбооны хурал энэ сарын 26-29-нд болох гэж байна. Энэ удаагийн хурлын сэдэв, зорилго, онцлог, гарах үр дүнгийн талаар ОУАХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Олон улсын Ардчилсан холбооны талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ байгууллагад хэчнээн гишүүн улс орны намын төлөөлөл байдаг вэ?

-1983 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Роналд Рейган, Английн ерөнхий сайд Маргарет Тэтчер зэрэг либерал улстөрчид санал нэгдэж, дэлхийн барууны болон баруун төвийн үзэлтэй намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллагыг байгуулсан. Одоогийн байдлаар нийт 80 гаруй улс орны барууны үзэлтэй намууд энэ байгууллагад хамаардаг бөгөөд дэлхийн улс төрийн нөлөө бүхий том байгууллагад зүй ёсоор багтдаг. Тухайлбал, АНУ-ын Бүгд найрамдах нам, Английн консерватив нам, Холбооны Герман улсын Христосын ардчилсан нам болон Канадын консерватив нам, Швед болон Австралийн либерал нам зэрэг дандаа дэлхийн өндөр хүчирхэг орнуудыг хөгжилд хүргэхэд хамгийн оролцож байсан барууны үзэлтэй намуудыг нэгтгэсэн байгууллага.

Монгол Улсын Ардчилсан нам энэ байгууллагад 1993 онд хандаж, гишүүнчлэл хүссэн. Түүнээс хойш 30 гаруй жил гишүүн орны тоонд багтаж ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, АН анх үүсгэн байгуулагдахдаа дэлхийн улс төрийн зүүний буюу социал демократ үзэлтэй намуудаас ангид барууны чиглэлийг баримталж явах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр Монгол Улс өндөр хөгжилтэй барууны орны жишигт хүрэх, хөгжлийг бий болгох боломжтой гэж үзэж тус байгууллагад элсч орсон байгаа. Цар тахал гарсантай холбоотой сүүлийн хоёр жил форум болоогүй хойшлогдсон. Харин энэ жил Covid-19-ийн халдварын дэглэмийг сахиж олон улсын форум хийх гэж байгаа нь маш том ажил.

Хурал энэ сарын 26-нд Германы нийслэл Берлин хотноо болно.

-Цар тахлын үед хүний эрх, ардчиллын асуудал дэлхий дахинд маш хүчтэй яригдаж байгаа сэдэв. Ялангуяа цар тахлаас шалтгаалсан хатуу хөл хорио нь ардчилалд сөргөөр нөлөөлөх үйл явц болсон гэж дүгнэх хүмүүс ч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилд олон оронд хөл хорио тогтоож, хүний эрхийг хөндсөн хоригууд их хэрэгжсэн. Мөн цар тахлын хүнд нөхцөлд сонгуулиуд ч болсон. Эдгээр арга хэмжээг ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын ард иргэд хүлээж авч байгаа. Харин ардчилал төдийлөн сайн хөгжөөгүй улс орнуудад эрх баригч намууд энэ нөхцөлийг овжноор ашигласан. Эдгээр улс орны нэг жишээ бол Монгол Улс. Тиймээс олон улсын хуралдаанд энэ асуудлын дагуу тодорхой жишээ баримттай ярихаар төлөвлөж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"Муу амлаж байгаа юм биш, эдийн засаг маш их хүндэрнэ"

Эдийн засагч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа, таны жиргээнээс эхэлье. Эдийн засгийн хямрал нүүрлэчхээд байхад УИХ нь бөхийн цол, морины сэрвээ яриад суугааг та буруутгасан байна лээ. Тантай санал нийлэх хүн олон байгаа байх. Гэхдээ, харамсалтай нь манай парламентынханд эдийн засгаас илүү найр наадам л чухал байх шиг байна. Эсвэл эдийн засгийн хямрал манай эрх баригчдад, улстөрчдөд мэдрэгдэхгүй байгаа юм болов уу?

-Сүүлийн хоёр жил ковидтой байлаа. Дотоодод цар тахал арай гайгүй болсон ч урд хөрш хилээ хааснаар Эрээнд маш их хэмжээний ачаа түгжирч байна. Үүнээсээ болоод Монголын аж ахуйн нэгжүүд улам хүндэрч байна. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, айл өрхийн амьдрал хүндэрнэ гэдэг цаад утгаараа Монгол Улсын эдийн засаг бас амаргүй үболж байна гэсэн үг.

Уг нь бид биш УИХ-ын гишүүд илүү толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулж явах ёстой.

Гэтэл Баяр наадмын тухай хууль гээд хэрэлдээд суух юм. Хэлэлцэж байгаа асуудлыг нь аваад үзэхээр “тэр аймгийн тэр бөхөд тийм цол өгчихмөөр байна” гэсэн жижигхэн, жалга довны асуудал хэлэлцээд байна. Парламент нь морины сэрвээний өндөр хэлэлцээд, хэрэлдээд явах нь зөв үү, буруу юу. Ерөнхийд нь дүгнэхэд манай парламент аль нь нэгд вэ гэж улс орны асуудлаа эрэмбэлж чадахгүй байна л даа.

Эсвэл Монгол Улсын бүх юм болоод байна, сайхан яваад байна, аж ахуйн нэгжүүд нь ашиг орлоготой байна, иргэдийн амьжиргаа дээшилж байна гэж бодоод явдаг юм болов уу. Магадгүй өөрсдөд нь асуудал байхгүй, хямрал мэдрэхгүй байна болно. Гэвч, Монголоор, улс орноор нь дүүрэн асуудал байна. Аж ахуйн нэгжийн хувьд хоёр жил маш хүнд жил байлаа. Зээлийн хүү, түрээс зогсоогүй. Борлуулалт нь 50 хувиар уначихсан байх жишээний. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 120 аж ахуйн нэгжХ тайлан гаргасан мэдээ үзсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаагийн илэрхийлэл. УИХ гол асуудлаа хэлэлцэхгүй сумын заан, дүүргийн цол гээд яриад байх зохимжгүй.

2023 ОНООС ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭНЭ

-Бизнес эрхлэгчид, ажил олгогчдод ямар бэрхшээл, зовлон тулгарч байна. Хөрөнгө мөнгө, хүн хүчний хомсдолтой байна уу. Төр засгийн бодлого шийдвэр байгаа онохгүй байна уу?

-Монголд баяр наадам, тэмдэглэлт өдрүүд утгаа алдчихлаа. Хуулиар баталсан нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийг тоолоод үзэхээр бараг 20-иод өдөр болж байна. Амралтын өдрүүдийг эс тооцвол Хүүхдийн баяр, Бурхан багшийн дүйчин өдөр гээд зургаан сард хоёр өдөр амарчихаж байна. Долоон сард ажлын таван өдөр амарна. Тэгээд улс тунхагласны баяр, шинэ жил, цагаан сар гээд  нэмэхээр 20 ажлын өдөр буюу бүтэн нэг сар монголчууд маань амарчихаж байна гэсэн үг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж