БҮТ: ЭЕШ-ын батламж хуудсыг онлайнаар өгнө

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

БҮТ: ЭЕШ-ын батламж хуудсыг онлайнаар өгнө

БҮТ: ЭЕШ-ын батламж хуудсыг онлайнаар өгнө

Элсэлтийн  ерөнхий шалгалт өнөөдөр /2022.06.23/ улс даяар 10.00 цагт Монголын түүхийн хичээлээр эхэллээ. Үргэлжүүлэн 14 цагт Англи хэлний хичээлээр шалгалт авах юм. ЭЕШ өнөөдрөөс эхэлж,  дөрвөн өдрийн турш үргэлжлэх юм.

Шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс /БҮТ/ нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуульд ЭЕШ-ийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, "ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 80 орчим хувь нь математик, англи хэл, нийгэм судлал, физик хичээл сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэл сонгосон гэсэн статистик гарчээ. Улсын хэмжээнд 49 шалгалтын байранд шалгалт авч байна. Энэ жилийн ЭЕШ-ыг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зургаан сар болон арванхоёрдугаар сард авахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэв. Үүнтэй холбогдуулан Монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрөгч дөрөв болон тавдугаар сард авсан бол мөн арваннэгдүгээр сард дахин зохион байгуулна.

Энэ оны ЭЕШ-д шинээр батлагдсан журмын дагуу олон улсын шалгалт буюу IELTS, TOEFL, IBT, SAT зэрэг шалгалт өгсөн хүүхдүүд уг оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлж Монголын их, дээд сургуулиудад элсэн суралцах боломж нээгдэж байгаа юм. Улсын хэмжээд 560 гаруй суралцагчдын олон улсын шалгалтын оноог дүйцүүлж батламж хуудсыг олгожээ. Шалгалттай холбоотой стресс, сэтгэл зүйгээ хэрхэн хянах талаар БҮТ-өөс мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж байна. Зөвлөгөөг ямар ч эх сурвалжаас авч болно.

Шалгуулагчдын дунд өмнө жил ЭЕШ өгсөн шалгуулагчдын оноотой энэ жилийн шалгуулагчдын дүн оноо харьцуулагдаж гарна гэсэн буруу ойлголт байна. Зөвхөн тухайн жилийг хамарна. БҮТ-өөс нэвтрүүлсэн шууд засалтын шилэн технологиор материалыг засна. Өнгөрсөн жилүүдэд covid-19-той холбоотойгоор олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс шалгалтын байрыг орхин гарсны дараа цахимаар шууд засалтыг хийсэн бол энэ жил тусгай танхимд шалгуулагчдын өмнө шууд засах боломжоор хангасан.

Энэ жилээс эхлэн батламж хуудсыг онлайнаар гардуулах болсон. Хүсвэл ТҮЦ машинаас батламж хуудсаа хэвлэн авч болно” гэлээ.

Г.БҮЖИНЛХАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж