Олон овоотын алтыг олборлуулж, өрийг барагдуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Олон овоотын алтыг олборлуулж, өрийг барагдуулна

Монголбанкнаас албадан татан буулгасан Анод банкны асуудал олны анхаарлыг татсан хэвээр байна. Саяхан тус банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа хэвлэлийн бага хурал зарлаж Анод банкыг албаар татан буулгасан хэмээн мэдээллсэн. Тэрбээр Анодыг дампууруулах гол шалтгаан нь Олон овоотын алтны лиценз байсан гэж мэдэгдсэн бөгөөд уг лицензийн барьцааг тус банкинд үлдээсэн бол банк дампуурах бус харин ч улсдаа тэргүүлэх боломж байсан гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэхүү анхаарал асуудлаар төв банк ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн хэлэхдээ:

-Монгол банкны захирлуудын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сарын 23-ны өдрийн 446 тоот тушаалаар Анод банкийг долдугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон татан буулгасан. Гэтэл банкны ТУЗ-ийн хурлын өмнөх өдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр татан буулгасан гэсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдээлэл юм.

-Анодын зээлдэгч нар төлбөрөө хэрхэн барагдуулж байгаа вэ?

-Зарим зээлдэгч нар графикийн дагуу өр зээлээ төлж бархагдуулж байгаа. Зарим нь гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.

-Анодын томоохон зээлдэгч Ц.Мянганбаяр зээлийн барьцаа болох Олон овоотын лицензээ Жаст группд өгсөн тул одоо өргүй гэж яриад байгаа. Энэ үнэн үү. Ингэх боломжтой юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм мэдээлэл гарсан. Монгол газар компани болон Жаст группын хувьд тийм мэдээлэл гаргасан байна лээ. Олон овоотын лицензээр авсан асар их хэмжээний өр байгаа. Жишээлбэл, Анодод 10 гаруй тэрбум төгрөгийн, Зоост 70 гаруй тэрбум төгрөгийн зээлийг уг лицензээр авсан байдаг. Дээр нь бусад компаниас зээл авсан байдаг төдийгүй Голдман сакс ч авлагатай гэж байгаа. Нийт өр нь 200 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс Монголбанк энэ асуудалд санаачлага гаргаж ажиллаж байгаа. Өнөөдөр Олон овоотод үйл ажиллагааг нь удирдаж байгаа нь Жаст компани. Олон овоотын уурхайд алтыг нь олборлуулж өрийг нь барагдуулах тал дээр Жаст компанитай хамтран ажиллахаар яриа хэлэлцээр хийгээд байгаа.

-Жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдийн хувьд зээл авахад асар өндөр шаардлага тавьдаг. Барьцаа хөрөнгийг л гэхэд маш багаар үнэлэх зэргээр шаардлага өндөр байдаг. Гэтэл томоохон компаниудын хувьд тухайлбал Монгол газар л гэхэд нэг барьцаагаар олон банкнаас зээл авсан байх юм. Үүнийг Монголбанк шалгадагггүй юм уу?

-Манай банкин дээр зээлдэгчийн талаарх бүх мэдээлэл байгаа. Тухайн компани хэдэн банкнаас хэдий хэрийн зээл авсан талаарх мэдээлэл бий. Энэхүү зээлийн мэдээллийн санг байгуулсан гол зорилго нь энэ мэт эрсдлээс сэргийлэх явдал. Зээлийн мэдээллийн сан банкуудад нээлттэй байдаг. Түрүүлж нэг банкнаас зээл авсан хүний тухай мэдээллийг нөгөө банк нь мэдэж л байгаа гэсэн үг. Тиймээс өмнө нь зээлтэйг мэдсээр байж дахин зээл олгосон банк өөрөө эрсдлээ даах учраас өгч байна  гэж ойлгож болно.

-Нэг банкнаас их хэмжээний зээл авчихаад дахиад өөр банкнаас зээл авч байгаа тохиолдолд Монголбанк хориг тавих эрх байдаггүй юм уу?

-Банк гэдэг бол ашгийн төлөө хувийн компани шүү дээ. Тиймээс хувийн компанийн бизнесийн шийдвэрт бид нөлөөлөх боломжгүй. Хариуцлагыг тэд өөрсдөө л хүлээх учиртай.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж