Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна

Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан хэрэг өчигдөр /2022.06.22/ гарсан. Энэ ослын шалтгаан нөхцөл болон хэрэг мөрдөлтийн талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

ЦЕГ: ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛСЭН Ч МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭНЭ

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "ХУД-ийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан осол өчигдөр бүртгэгдсэн. Одоогоор хэрэг мөрдөлтийг эхлүүлж, холбогдох хүмүүсээс байцаалт авч байна.

Шалгалтын ажил хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Учир нь энэ осол хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой учир мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасны дараа хэрэг бүртгэл нээнэ.

Тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд хэргийг ХУД-н цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Барилгын компани болон гүйцэтгэгч компаний нэрийг мэдээлэх боломжгүй. Эхний ээлжид Онцгой байдлын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа ослын талаар мэдээлнэ” гэх хариулт өглөө.

МХЕГ: ХАБ ХАНГААГҮЙГЭЭС ОСОЛ ГАРСАН ЭСЭХИЙГ ТОГТООНО

Мэргэжлийн хяналтын газраас осол гарсан барилгын ажлын талбайд шуурхай дуудлагын дагуу очиж, ажилласан байна. Тус ослын шалтгаан нөхцөлийг тодорхой болсон эсэхийг тодруулахад МХЕГ-аас урьдчилсан дүгнэлт гаргасан. Цаашид стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй нь тогтоогдвол дүгнэлтийг боловсруулж хуулийн байгууллагад өгнө гэлээ.

Кран осолдсон шалтгаан нь цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй байна. Краны хийц, эд анги, угсралт гэмтэлтэй байснаас осол гарахад хүрсэн болохыг албаны хүмүүс хэллээ.

Тиймээс аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй. Мөн кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.

ШШҮХ: ЗАДЛАНГИЙН ХАРИУГ 14 ХОНОГИЙН ДОТОР ГАРГАНА

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн задлангийн хариуг 14 хоногт гаргана гэх тайлбарыг өглөө. Тухайн нас барсан хүмүүсийн цогцсыг задлангийн хариунд үндэслэн хэрэг бүртгэлд хавсаргах аж. Одоогийн байдлаар хариу гараагүй ирэх ирэх сарын 5-ны дотор хариу гарах болохыг албаны хүмүүс хэлэв.

Задлан шинжилгээний дүгнэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалж тус ослын хэрэг мөрдөлтийн ажил хойшилж магадгүй байгаа аж.

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИД ГОМДОЛ ГАРГАСАН

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс "Хүннү 2222" хорооллын хажууд байрлах барилгын захиалагч болон гүйцэтгэгч компанид гомдол гаргасан байна. Учир нь тухайн залуус эрүүл саруул байсан төдийгүй 100 хувь бүрэн бус техник хэрэгсэл ашигласнаас осол гарсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм байна. Кранд даруулан нас барсан 20 настай талийгаачийн нагац эгчийн хэлснээр тус компанид болон цагдаад гомдол гаргасан. Ар гэрийнхэн нь гомдолтой байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийг хаах хүртэл арга хэмжээ авахыг хүсч байгаагаа хэлсэн юм.

Мөн тус осолтой холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ хууль эрхзүйн талаас ар гэрийнхэнд нь үнэ төлбөргүй хуулийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж