Финланд улс Оросын болзошгүй довтолгоонд олон арван жил бэлтгэсэн бөгөөд ийм зүйл тохиолдвол хатуу эсэргүүцнэ гэдгээ мэдэгджээ. Тус улс их хэмжээний зэвсэглэлийг бий болгосон гэж Зэвсэгт хүчний дарга, генерал Тимо Кивинен хэлэв.
Орос улс Украинд түрэмгийлсний дараа Финланд руу ч бас дайрч магадгүй гэсэн болгоомжлолоор НАТО-ийн цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргасан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Финланд улс цэргийн бэлтгэлээ өндөр түвшинд байлгасаар иржээ.
“Бид дайнд зориулж цэргийн хамгаалалтаа системтэйгээр хөгжүүлсэн. Украин улс Оросын хувьд хатуу самар байсан бол Финланд ч мөн адилхан” гэж Кивинен хэллээ.
Финланд 1940-өөд ЗХУ-ын эсрэг тулалдахад 100 мянга орчим хүн амь үрэгдэж, газар нутгийнхаа аравны нэгийг алдаж байв. Өдгөө 5.5 сая хүн амтай тус улсад 280 мянган цэрэг бий. Мөн нөөцөд бэлтгэгдсэн 870 мянган цэрэг бий гэж үздэг. Зэвсэг техникийн хувьд Европын хамгийн хүчирхэг их буу Финландад байдаг бөгөөд 370 км тусгалтай далавчит пуужингууд ч бий. Энэ мэтчилэн ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг нь НАТО-ийн орнуудаас ч илүү өндөр үзүүлэлт юм.
Одоо байгаа нөөц дээрээ нэмээд дөрвөн шинэ байлдааны хөлөг онгоц, 64 “F-35” сөнөөгч онгоц захиалжээ. Цаашлаад, 2000 хүртэлх нисгэгчгүй онгоц, агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж захиалахаар төлөвлөж байна. Түүнчлэн, ОХУ-тай хиллэдэг хил дээр хаалт барьж байгааг “Reuters” агентлаг мэдээллээ.
Батлан хамгаалах яамнаас тавдугаар сард явуулсан судалгааны дүнгээр оролцогчдын 82 хувь нь Финландад халдлага болсон тохиолдолд батлан хамгаалах үйлсэд оролцоход бэлэн гэж хариулжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ