Зарим сургууль, цэцэрлэгийн нээлт хойшилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Зарим сургууль, цэцэрлэгийн нээлт хойшилж магадгүй

Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдлээ. Жил бүр сургууль цэцэрлэгт их засвар, урсгал засвар хийх, шинээр сургууль цэцэрлэг барих, өргөтгөх ажил хийдэг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 137 сургууль, цэцэрлэгт их засварын ажил хийж байна. Мөн улсын хэмжээнд 30 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулахаас гадна 12 сургуулийн хичээлийн байр, дотуур байрны долоон барилга, зургаан спорт заал барьж ашиглалтад өгөх ёстой. Одоогийн байдлаар засварын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Орхон, Дархан-Уул аймагт засварын ажил нэлээд удаашралтай байгаа гэнэ.  Учир нь сонгон шалгаруулах ажил оройтсон, зураг төслөө удаан хийсэн, тендер будилаантсан гэх мэт асуудал гарсан аж. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар зарим аймгуудын сургууль цэцэрлэгийн засвар  удаашралтай буюу ердөө 30 орчим хувьтай байна. Уг нь наймдугаарын 25 гэхэд бүх засварын ажлыг дуусгах үүрэг өгч байгаа ч гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдлаас болж хугацаандаа амжихгүй байж болзошгүй талаар салбарын яамнаас мэдээлсэн. Нийслэлийн хэмжээнд л гэхэд засварын ажлын тал хувь нь дуусаагүй байна. Тухайлбал УБИС-ийн засварыг хийж байгаа “Тан”, “Цамхаг” компанийн ажлын явц тун тааруу байгаа гэнэ. Мөн “Монгени” цогцолбор сургуулийн өргөтгөлийг “MBV” компани таван жил бариад дуусаагүй учир гэрээг цуцлах талаар ярьж эхэлжээ. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн дээвэр, цонх, шал солих томоохон засварын ажил ид хийгдэж  байгаа бол нийслэлийн тэргүүний нэгдүгээр дунд сургуулийн засвар саяхан эхэлсэн байна. Ийнхүү зарим сургууль, цэцэрлэгийн ажил оройтож байгаа нь хичээлийн шинэ жилийн нээлт хойшлогдож магадгүй болоод байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж