Эдийн засагч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёулаа ярилцлагаа, таны жиргээнээс эхэлье. Эдийн засгийн хямрал нүүрлэчхээд байхад УИХ нь бөхийн цол, морины сэрвээ яриад суугааг та буруутгасан байна лээ. Тантай санал нийлэх хүн олон байгаа байх. Гэхдээ, харамсалтай нь манай парламентынханд эдийн засгаас илүү найр наадам л чухал байх шиг байна. Эсвэл эдийн засгийн хямрал манай эрх баригчдад, улстөрчдөд мэдрэгдэхгүй байгаа юм болов уу?
-Сүүлийн хоёр жил ковидтой байлаа. Дотоодод цар тахал арай гайгүй болсон ч урд хөрш хилээ хааснаар Эрээнд маш их хэмжээний ачаа түгжирч байна. Үүнээсээ болоод Монголын аж ахуйн нэгжүүд улам хүндэрч байна. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, айл өрхийн амьдрал хүндэрнэ гэдэг цаад утгаараа Монгол Улсын эдийн засаг бас амаргүй үболж байна гэсэн үг.
Уг нь бид биш УИХ-ын гишүүд илүү толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулж явах ёстой.
Гэтэл Баяр наадмын тухай хууль гээд хэрэлдээд суух юм. Хэлэлцэж байгаа асуудлыг нь аваад үзэхээр “тэр аймгийн тэр бөхөд тийм цол өгчихмөөр байна” гэсэн жижигхэн, жалга довны асуудал хэлэлцээд байна. Парламент нь морины сэрвээний өндөр хэлэлцээд, хэрэлдээд явах нь зөв үү, буруу юу. Ерөнхийд нь дүгнэхэд манай парламент аль нь нэгд вэ гэж улс орны асуудлаа эрэмбэлж чадахгүй байна л даа.
Эсвэл Монгол Улсын бүх юм болоод байна, сайхан яваад байна, аж ахуйн нэгжүүд нь ашиг орлоготой байна, иргэдийн амьжиргаа дээшилж байна гэж бодоод явдаг юм болов уу. Магадгүй өөрсдөд нь асуудал байхгүй, хямрал мэдрэхгүй байна болно. Гэвч, Монголоор, улс орноор нь дүүрэн асуудал байна. Аж ахуйн нэгжийн хувьд хоёр жил маш хүнд жил байлаа. Зээлийн хүү, түрээс зогсоогүй. Борлуулалт нь 50 хувиар уначихсан байх жишээний. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 120 аж ахуйн нэгжХ тайлан гаргасан мэдээ үзсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаагийн илэрхийлэл. УИХ гол асуудлаа хэлэлцэхгүй сумын заан, дүүргийн цол гээд яриад байх зохимжгүй.
2023 ОНООС ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭНЭ
-Бизнес эрхлэгчид, ажил олгогчдод ямар бэрхшээл, зовлон тулгарч байна. Хөрөнгө мөнгө, хүн хүчний хомсдолтой байна уу. Төр засгийн бодлого шийдвэр байгаа онохгүй байна уу?
-Монголд баяр наадам, тэмдэглэлт өдрүүд утгаа алдчихлаа. Хуулиар баталсан нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийг тоолоод үзэхээр бараг 20-иод өдөр болж байна. Амралтын өдрүүдийг эс тооцвол Хүүхдийн баяр, Бурхан багшийн дүйчин өдөр гээд зургаан сард хоёр өдөр амарчихаж байна. Долоон сард ажлын таван өдөр амарна. Тэгээд улс тунхагласны баяр, шинэ жил, цагаан сар гээд нэмэхээр 20 ажлын өдөр буюу бүтэн нэг сар монголчууд маань амарчихаж байна гэсэн үг.
Бизнес эрхлэгч хүний нүдээр харахад баяр наадам,тэмдэглэлт өдрүүд ихдээд байна уу гэсэн сэтгэгдэл төрдөг юм. Энэ нь компаниас, төрөөс амрангаа цалингаа авч байгаа ажилтанд, төрийн албан хаагчид сайхан л санагдах байх. Гэтэл үүний цаана ажил олгогч нар тэр орлогыг хэрхэн олох вэ. Худалдаачид, үйлчилгээнийхэн бүтэн сарын орлогоо алдаж байна шүү дээ. Үнэндээ, төр засгаас ажил олгогч, бизнес эрхлэгч нараа огт бодолцохгүйгээр шийдвэр гаргаж байна.
Гэтэл аж ахуйн нэгжийн гол асуудал болсон зээлийн хүү, түрээсийн төлбөр, бусад зардлууд зогсдоггүй. Тэмдэглэлт өдрүүдийг 50 хувь бууруулах ёстой. Жилдээ 10 хоног амаръя.
Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд гол асуудал нь хилийн түгжрэл боллоо. Ачаа бараагаа авч чадахгүй зургаан сар, бүтэн жил ачаагаа хүлээж байгаа компаниуд ч байна. Тянжинь дээр гацчихаад арай хийж Эрээнд ирэхэд бас л гацчихдаг. Удахгүй наадмаар ес хоног амрана. Энэ хооронд нэг өдөр ч гэсэн нэг компанийн ачаа барааг хурдан гаргаж байх ёстой. Энэ зэргийн зохицуулалтуудыг төр хиймээр байгаа юм. УИХ, Засгийн газар иймэрхүү шийдлээ хүлээж буй ач холбогдолтой зүйл рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.
-Монголын эдийн засаг хүндэрч байна гэж та түрүүнд хэлсэн. Яг иргэдэд бодитоор мэдрэгдэх хэзээнээс вэ. Иргэдийн хувьд харьцангүй гаагүй, эдийн засгийн хямралыг одоогоор тоохгүй байх шиг байна?
-Цар тахлын тухай хуулиар ипотекийн төлбөрийг хойшлуулчихсан. Иргэд сарын 600-700 мянга орчим төгрөгийг ипотекийн төлбөрт төлдөг байсан. Ковидын хуулиар ипотекийн зээл төлөлтийг хойшлуулсан тулдаа л иргэд тэсч байх шиг. Өнөөдрийн хувьд инфляци 15 хувьтай байна. Гэтэл бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, эм тарины үнэ өсч, зарим нарийн ногоо тэнгэрт хадлаа. Мах нь бас үнэд орж байна. Иргэд яаж энэ үнийн өсөлтөд хямралгүй яваад байна гэхээр ипотекийн зээлд өгөх мөнгөөрөө энэ бүхнээ зохицуулж яваа гэсэн үг. Харин 2023 оны нэг сарын 1-ээс иргэд ипотекээ төлж эхэлнэ. Харамсалтай нь, иргэдийн дансанд тэр мөнгө нь байхгүй. Одоо аль хэдийн үрээд сурчихлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, амьдралынх нь дадал зуршил нь болчхож байгаа юм. Одоо буцаад өрх бүрээс сар болгон 700 мянган төгрөг гаргах хэцүү. Гаргая ч гэсэн барааных нь үнийн өсөлт нь тэр 700 мянган төгрөгийг аль хэдийн “идчихээд” байна. Тэгэхээр муу амалж байгаа юм биш,2023 оны нэг сарын 1-нээс эдийн засаг маш их хүндэрнэ. Иргэдэд мэдрэгдэнэ
Иргэд ипотекээ төлж чадахгүй байвал банк санхүүгийн системдээ шууд нөлөөлнө. Ингээд эдийн засгийн “цусны эргэлт” зогсох тал руу орно.
Монгол Улс экспортын гол бүтээгдэхүүн болсон уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр хангалттай гаргаж чадахгүй байна. Хилийн маш том саад бэрхшээлүүд байна. Монгол Улсад валют олж ирдэг ганцхан эх үүсвэр байгаа. Нөгөө муу хэлдэг уул уурхайгаас. Гол эх үүсвэр нь зогсчихоор буцаад зарлагаа зогсоож чадахгүй. Зарлагаа улс нь өөрөө үйлдвэрлээд байна.Цаад утгаараа улсын өр нэмэгдээд байна. Харамсалтай нь, шийдэл алга.
-Тэгэхээр ямар шийдвэл хэрэгтэй юм бэ. Хүн хэлэхээс наашгүй гэгчээр та эрх баригчдыг ямар арга хэмжээ аваасай гэж хүсч байна?
-Эдийн засагч хүний хувьд хоёр том асуудал харж байгаа. Эхнийх нь ипотекийн төлбөр төлөөд эхлэхээр улс орныг дамнасан төлбөрийн тасалдал өсөх байх. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны гадаад бондууд төлөгдөж эхэлнэ. Хөгжлийн банкны шинэ захирал томилогдож, олон нийтийн хэлэлцүүлэг явсан. Ямар ч байсан 200 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна лээ. Гэхдээ үүнээс илүү их мөнгө төлөгдөхгүй гэж харж байна.
Хөгжлийн банк чинь 2023 онд бараг 600 сая долларын буюу хоёр их наяд төгрөгийн эргэн төлөлт хийнэ. Тэгэхээр дефолтын асуудал яригдана. Хэдийгээр Хөгжлийн банк тусдаа хуультай, аж ахуйн нэгжийн статустай явж байгаа ч гэсэн Хөгжлийн банк дефолт зарлалаа гэхэд Монгол Улс зарласнаас ялгаагүй болно. Энэ нь олон улсад сөрөг мэдээ болж очно. Үүнийг л УИХ хэлэлцээд сууж байх ёстой юм шүү дээ.
МОНГОЛ УЛСАД НҮҮРСНЭЭС ӨӨР ЭКСПОРТЫН ОРЛОГО БАЙХГҮЙ
-Монголд гэлтгүй дэлхий нийтэд инфляци өсч байна шүү дээ. Хямрал бол хаа сайгүй л байна. Дайн, цар тахал дууссал өөр болох байх?
-Монгол Улсад ямар, ямар бэрхшээл асуудал байгааг УИХ судлаж, түүнийгээ нэн түрүүнд хэлэлцэх хэрэгтэй. Гэтэл тэдэнд хямралын талаар ойлголт алга. Ойлгочихвол ядаж, түүн дээрээ суурилсан бодлого зохицуулалтууд аваад явах байх. Ер нь манай эдийн засагт сүүлийн 30 жилийн хугацаанд шийдэж чадаагүй асуудал бол үйлдвэрлэлийн бодлого байхгүй байна. Монгол Улс уул уурхайгаа зарж, олсон орлогоороо импортоо санхүүжүүлдэг. Ингэхээр эдийн засагт шингэх юм байхгүй, ажлын байр байхгүй, ядуурал өдөр ирэх тутам нэмэгдэж, ажлын хумигдаж байна. Энэ мэтийн маш олон асуудал УИХ-ын хэмжээнд шийдэгдэх ёстой. Харамсалтай эдийн засаг руу чиглэсэн бодлого зохицуулалтаа орхигдууллаа.
-Үйлдвэрлэл гэснээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний чиглэлээр дотоодын үйлдвэрлэл, тариалалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна?
-Монгол Улсад нүүрснээс өөр экспортын орлого байхгүй, дотооддоо үйлдвэрлэл байхгүй. 2022 онд Хятадаас нарийн ногоо огурцы, помидор, оросоос өндөг, Туркээс тахианы мах, Шинэ Зеландаас хуурай сүү худалдаж авдаг. Ерөнхийлөгч хүнсний хувьсгал гээд бодлогоо зарлаж байгаа нь зөв. Гэхдээ 2022 онд биш 1992 онд зарлах ёстой байсан.
Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнө зарлах ёстой бодлого байхгүй юу. Төрөөс авч буй арга хэмжээ нь 20 жилээр хоцорч, нийгмийнхээ хурдыг гүйцэхгүй удаан байна. Бодлого зохицуулалтаа хийхгүйгээс болоод хөгжил гацчихлаа. Арваад жилийн өмнө Монгол Улс дараагийн Кувейт болно, Дубай болох нь гээд хөөрцөглөж байсан. Өнөөдөр хөгжлөөрөө Монголтой ойр улс гэвэл Киргизстан л үлдсэн байна. Бусад бүх улс сүүлийн 20 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжчихлөө. Удахгүй Киргизстан ч Монголыг хөгжлөөрөө гүйцэхийг үгүйсгэхгүй.
-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. IPO-г хойшлуулсан нь зөв үү. Санхүүгийн салбарынхан бол үүнд шүүмжлэлтэй хандаж буй шүү дээ?
-IPO хойшлуулах зарчмыг дэмжиж байгаа. Хэдийгээр Олон улсын валютын сангийн шаардлагаар гэж байгаа ч хойшлуулаалсан хугацаандаа AQR буюу банкуудын санхүүгийн эрүүл мэндийг зөв үнэлэх ёстой. Тэгж байж IPO буюу хувьцааных нь үнэ бодитоор гарна. Санхүүгийн байгууллагын үнэлгээ гэдэг хэцүү. Ялангуяа арилжааны банкны үнэлгээ нэгж хувьцааных нь үнийг гаргах маш хэцүү. Яагаад гэвэл тухайн зээлийг чанартай, чанаргүй хэрхэн ангилахаас тухайн банкны хувьцааны үнэ, хоёр дахин өсөх эсвэл хоёр дахин буурах эрсдэлтэй байдаг.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкууд зээлээ ангилаагүй цар тахлын хуулиар, банкуудын зээлийн чанар нь хэр байгааг, нэмж эрсдэлийн сан байгуулах ямар шаардлага байгаа нь мэдэгдэхгүй байна.
IPO хийж болно, гол нь IPO хийхийнхээ өмнө системийн таван банкандаа хөрөнгийн үнэлгээ оруул гэж буй юм. Тэгэхгүйгээр зарим банкны хувьцаа хэт өөдрөгөөр үнэлэгдээд, хэт хөөсөрсөн үнээр олон нийтэд гарах эрсдэлтэй. Хэрэв тэгвэл хөрөнгийн зах зээлийн хөгжил дахиад тав арван жилээр ухрах эрсдэл бий. AQR-г Монголбанк хийхгүй гадны мэргэжлийн үнэлгээний банкууд хийнэ.
Холбоотой мэдээ