Чойбалсан хотын усны шугам сүлжээг шинэчлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Чойбалсан хотын усны шугам сүлжээг шинэчлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж байна

Чойбалсан хотын усны шугам сүлжээг шинэчлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж байна

Чойбалсан хотын ус хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдан, зэвтэй ус гарч, иргэдэд хүндрэл үүсээд байна. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа иргэддээ мэдэгдсэн байна.

Аймгийн Засаг даргаас Чойбалсан хотын унд, ахуйн цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх хөрөнгө оруулалтыг дэмжүүлэх чиглэлээр 2017 оноос эхлэн жил бүрийн Улсын төсвийн төсөлд санал, Барилга, хот байгуулалтын яам болон сайд, Усны судалгааны төв, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Азийн хөгжлийн банк зэрэг шат шатны байгууллагуудад хандаж иржээ.

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутаг өөрийн төсвийн хөрөнгөөр орон сууцны дундын өмчлөлийн зоорийн давхрын болон босоо халуун, хүйтэн ус, бохирын шугам сүлжээ шинэчлэх, Цэвэр усны ангийн “Төмөр шүүх станц”-д төмрийн ислийг шүүх зориулалттай стандартын 98 хувийн кварцын элсийг ашиглан усны төмрийг шүүх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн Чойбалсан хотын Ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх ажлын ТЭЗҮ, зураг төсвийн ажлыг аймгийн төсвийн 380,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа ба энэ долдугаар сарын 01-ний дотор хүлээлгэж өгөх юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 онд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 10,0 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр хоногт 10000 м3 бохир хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай Чойбалсан хотын Цэвэрлэх байгууламжийг барих ажлыг энэ онд эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа тухай мэдэгдлээ.

Түүнчлэн аймгийн Засаг даргаас аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэн тэргүүнд засварлах шаардлагатай төв (магистраль) шугам хоолойноос бусад буюу салбар шугам, орон сууцны гадна шугам сүлжээ болон нийтийн орон сууцны зоорийн давхрын шугам хоолойг иж бүрэн шинэчлэх хөрөнгийн эх үүсвэр болох 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг 2022 оны аймгийн төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулах саналаа аймгийн Хуралд өргөн мэдүүлээд байгаа ба аймгийн ИТХ-ын энэ зургадугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлхээр төлөвлөжээ.

Ийнхүү аймаг, орон нутгийн зүгээс өөрсдийн төсвийн хөрөнгө оруулалтаар ундны усны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид Чойбалсан хотын ус хангамжийн төв магистраль шугам сүлжээг шинэчлэх, гэр хорооллын зарим байршилд 15,0 орчим км урттай магистраль шугам хоолойг шинээр барих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах 30,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улсын төсвөөр шуурхай шийдвэрлүүлэх асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, сайд, МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайдад хандаад байгаа бол Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нар үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардагдах хөрөнгө оруулалтыг Улсын төсвөөр шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж