ЦЭНГЭЛИЙН ДЭЭДИЙГ ЗАВХРУУЛСАН ЗАВХАЙ ЯРИА
Шинэ цагийн өнгөн дээр хуучны худал, хуурмаг түүхээр олныг үймүүлж, зовлонд үйсэн монголчуудад зол завшаан мэтээр сэрхрүүлэхүй. МАН-ын яруу алдарт ойгоор ямар морь хурдлуулж, хэний бөхийг түрүүлүүлэх талаар хэлэлцээд сүйд. Хэцүү өвчнөөс өндийсөн бидний эмзэгхэн сэтгэл зүй хар зөнгөөрөө л наадмаа нижгэр хийхээр дэмжих маягтай. Цар тахлын үеэр монголчуудын айдаст дөрөөлөн зарцуулсан мөнгөний задаргаа одоо хэр нь ил болоогүй л байна. Хэрэвзээ цар тахал гараагүй бол “Улаан тариа II ” аянаар монголчууд шившгээ хутгахад бэлдэж, тэмбүүндээ баригдаж, хорвоогийн хамгийн завхай амьтад болж буй талаар Эрүүл мэндийн сайд авхай зарласныг санаж байна уу. Араас нь 1400 оюутнаас шинжилгээ авахад 600 нь тэмбүүтэй байсан талаар сэвсэн. Оюунлаг оюутнуудын нэр хүнд шалаар нэг… Гэтэл хэрэг дээрээ Монголд жилдээ 16 мянган нөхөр бэлгийн замын халдвар өвчин тусдаг бөгөөд түүний 40 хувь нь л тэмбүү гэх албаныхнын тайлбар гарснаар цагаатгагдсан. ХХ зууны эхэнд монголчууд бүхэлдээ, тэр дундаа Богд хаан хүртэл тэмбүүтэй байсныг оросууд улаан тарианы ачаар салгаж өгсөн гэх ичгүүртэй яриа одоо хэр нь амь бөхтэй салхилсаар байна. Бүхэл бүтэн үндэстэн дунд хамаргүй хүн байсан байх л даа. Гэхдээ бүгдээрээ хамаргүй, тэмбүүтэй байсан гэвэл лав худлаа. Адаглаад өвөг эцэг, эмэг эхээ бодсон ч тэр гүтгэсэн, доромжилсон ийм балай юманд итгэдэг эрүүл хүн биднээс өөр байх болов уу?
Гэтэл үндэснийг тэр чигт нь шинжилгээнд хамруулахыг тулд ямар нүсэр зохион байгуулалт, зардал, дэд бүтэц шаардсан ажил болдог вэ гэдгийг бид цар тахлын үед ашгүй мэдээд авлаа. Гэтэл Монгол даяараа тэмбүүрсэн гэх тэр он жилүүдэд тусгаар тогтнолын төлөөх санал асуулгыг эс тооцвол тийм нүсэр ажил болоогүй төдийгүй монголчууд амаржихдаа ч эмнэлэг бус араг барааддаг асан үед тэр тоог хаанаас, хэн гаргаж ирэв гэдэг нь тун чиг эргэлзээтэй. Бичсэн л бол үнэн гэж магтууг хэлдэг марксист түүх бичлэгт байхыг үгүйсгэхгүй. “Тунгалаг тамир”-аас эхлээд зөндөө зохиолд бий. Харин баримт нь алга. Хаа байна вэ?
Гэхдээ өнгөн дээрээ гэр бүлийн төлөө мэт боловч айл гэрийн авгай, хүүхдийн асуудалд хүртэл оролцсон аймшигтай харгислал үйлддэг, авгайгаа хардаад хүүхэдтэйгээ цөлдөг коммунизмын үед ч тэмбүү байж л байсан. Одоо ч байна. Хойшид ч байх болно. “Улаан тарианы үе эргэн ирж байна” гэж дуу алдвал эргэлз, бод. Дагаад айдаст автахад чинь дарга нар төсвийн мөнгөө тонших төлөвлөгөө боловсруулж бидний сайн сайхны нэрийдлээр “дур тавина”. Дэлхийгээр нэг зарлаад ч болтугай мөнгө гуйхаа мэднэ. Ядаж өөрсдийнхөө үр хүүхэд, хань ижлээсээ ичиж, батлахыг шаардаарай даа. Бүрэг ичимхий өвөг дээдсээ бэлгийн замбараагүй явдалтан, харсан болгонтойгоо хавьтагч болгосонд итгэхвий. Бурханаа больчихсон бугаа дээдэлсэн, үнэнээ нуудаг, өмчөөсөө татгалздаг, үйлийн үрээс эмээдэггүй галзуу он цагийн солиоролд эрх чөлөөт монгол итгэх эсэхийг танд үлдээгээд энэ сэдвийг энд орхиё. “Тунгалаг тамир”-ын Батаас цаашгүй, Алтан ордны улсын байгуулж, Оросыг улс болгож өгсөн Бат хаанаа ч мэдэхгүй шахуу хүмүүс оросыг “Ах” гэж авгайлж, үндэсний, ардчилсан хувьсгалаасаа илүү “Аугаа эх орны дайн” гэж өөриймсөх нь аргагүй биз ээ. Гашуун үнэн гэвэл бид тэднээс гараас мултраад гучхан жилийг үджээ.
ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО: 100 БОЛ 100 БИШ 101 ЮМ. ТЭГВЭЛ 102 ХЭД БОЛОХ ВЭ?
Эргээд сэдэвтээ орьё. Монголд арын хувьсгал 1921 онд болсонтой хэн ч маргахгүй. Хувьсгалын зуун жилийн ойг МАН сүр дуулиантай тэмдэглэхээр зэхэж, ойн медалиа хийлгэж, дагуулах мөнгийг нь зэхээд намын баяраа нэжгэр тэмдэглэв. Үүр болгоныхон үнсэлдэн, тэврэлдсэнийх үү, үйлийн үр нь тэгж таарсан уу, бүү мэд. Маргаашнаас нь цар тахлын халдварын тоо огцом өсөв. Иймээс тэгш ойгоо хойшлуулсан билээ. Тэгэхдээ энэ хувьсгал хэрхэн болов, хэн ямар үүрэгтэй оролцов гэж шинжилсэнгүй. Зүгээр хуучны хуурамч хэтрүүлгээ хэн хүнгүй хэлцгээж байна. Байтлаа Х.Чойбалсан 40 мянган монголыг золиосонд гаргахаас өөр аргагүй байсан гэсэн тэнэг зөвтгөл гаргаж ирэх жишээтэй. Тэгвэл эл хувьсгалыг оросууд зохион байгуулсан баримтаа өөрсдөө нууцаас ил болгочихлоо. Эл баримтад бид биш тэд хийсэн болж таарлаа. Хөөрхийлөлтэй. Бүр зэвүү хүргэм баримт.
1920 оны зун хувьсгалт байгууллагын гишүүдийн хурлаар баталсан нууц харилцааны түлхүүр бичигт “Ардын нам”, “Түшмэдийн нам”, “Ноёдын нам”-ыг тус тусад нь ялган шифрлэсэн намуудыг хаанаас үгүй хийв. Баримт хөөе. “Оросын Коммунист болшвекуудын нам/ОК(б)Н/-ын төв хорооны Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секцийн Монгол-Төвдийн хэлтсийн Коллегийн зохион байгуулах хуралдаанаар коллегийн тэргүүлэгчдийн бүтэц ба Хэлтсийн ажилтнуудын үүргийг хуваарилах тухай хэлэлцсэн 1 дүгээр протокол” 1920 оны наймдугаар сарын 20 гэсэн архивын бичигт Монгол Ардын хувьсгалт намын төлөөлөгч Бодоо, Чойбалсан гэж тэмдэглэн үлдээсэн байна. Байзаараа яагаад “Монгол ардын нам” биш “Монгол ардын хувьсгалт нам” билээ. 1921 онд байгуулсан гээд буй Монгол Ардын нам жилийн өмнө Орост, тодруулбал Эрхүүд Монгол ардын хувьсгалт нам нэртэйгээр байгуулсан болж таарав уу?
Тэгвэл 1920 оны наймдугаар сард гаргасан Дорно дахины ард түмний секцийн Монгол-Төвдийн хэлтсийн үйл ажиллагааны зарчимыг уншаад нэг үзье. Тэрхүү зарчимд “…Монголын ард түмний үндэсний хөдөлгөөнийг үзэл суртлын талаар эзэмдэж, “Ноёд-лам нарын давхрааг сулруулан ардын хувьсгалын намын нөлөөг хүчтэй болгоход тус дэм өгөх замаар дотоодын нийгмийн ялгарлыг өргөжүүлэх тийш уг хөдөлгөөнийг чиглүүлэх…” гэж тусгасан төдийгүй 1920 оны есдүгээр сарын 16-нд ОК(Б)Н-ын төв хорооны Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секцийн тэргүүлэгчдэд Монгол-Төвдийн хэлтсийн эрхлэгч С.Борисовын өргөсөн “Маш нууц” дардастай бичигт Х.Чойалсан, Сүхбаатар нарыг “Монгол-Төвдийн хэлтсийн ажилтан” гэж тодорхойлсон бөгөөд тэдний хүнсний асуудлыг нь шийдэж өгөхийг хүсчээ. Оросын коммунист болшвекуудын намын нууцаас гарсан баримт бичигт Монголд хувьсгалыг хэрхэн хийх, удирдагчдаас нь хэнийг дэмжиж талаар дэлгэрэнгүй өгүүлсэн олон баримтуудтай тааралдах бөгөөд хэнийг дэмжиж, Оросоос тусламж гуйхад ямар нөхцөлтэй байхыг хүртэл нарийн тусгасан байх юм. Үүнийг няцаах баримт харамсалтай нь алга. Харин зохиол, кино хангалттай бий. Үнэн гашуун байдаг хойно, үнэнийг МАН мэдүүлэхийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэднийг дахиад Оросын гар хөл бологсод гэхээс айж байгаа. Түүнээс илүү аймшигтай зүйл нь бид түүхээ мэдэхгүй өрц рүү өрлөж байсныг өнөөдөр баатрууд, бахархлууд, бидний аврагчид гэсэн хэвээр. Ер нь дарлуулагчийн сэтгэл зүйгээс дагжин чичирсэн янзаараа…
ХУВЬСГАЛЫН ДУУН
Х.Чойбалсан, Д.Сүхбаатар марксист түүх бичлэгт дахин шүтдэг нь эртнээс хийсэн ажил аж. Д.Сүхбаатар ямар нэгэн хэмжээгээр сөрөн зогсож, намын эсрэг турхирсан Бошгыг халах залуусыг байранд нь тавьж болохоор түүний үхэл учир битүүлгээр дууссан төдийгүй, шарилыг нь хүртэл тайван орхиогүй гунигт түүх биднийх. Харин Х.Чойбалсан 1952 хүртэл урт наслаад эцэст нь Орост очоод шарил нь ирсэн билээ. МАХН-ыг байгуулж, дотор нь хагаралдуулах тэдний бодлого амжилттай хэрэгжсэн ч эрдэм боловсролоор дээгүүр, хал үзэж хашир суусан намын удирдлагууд хуучнаа төдийлөн үгүйсгэхгүй, асуудалд учир шалтгаантай хандаж байсан нь Коминтернд таалагдсангүй. Тиймээс ч тэдний эсрэг учир мэдэхгүй залуусыг цэнэглээд тавихаар шийдсэн нь “Бошгыг халах залуусын эвлэл” байв. Түүнийг үүсгэн байгуулагч нь мөн л Х.Чойбалсан, Д.Сүхбаатар гэх бол анхдугаар хурлаар нь сонгогдсон дарга бол орчин үеийн утга зохиолын тулгын чулууг түшэлцсэн С.Буяннэмэх байв. Түүнийг бас л үгэнд ороогүй болохоор эвлэл бус намын ажлаа хийдэг, нударганууд нөхөрлөдөг шалтагаар зайлуулж, баривчилсан бол МАН-ын 3-р их хурлын үеэр Солийн Данзангийн хэрэгт холбогдож, 1924 оны наймдугаар сарын 30-ны шөнө хамтдаа цаазлуулжээ.
Ардын журамт цэргийн дуунаас эхлээд хятадыг үзэн ядуулж, Оросыг магтсан дуулсан дуу, шүлэг бишгүй. Хувьсгалын нууц бүлгэмийн гишүүн С.Буяннэмэхийг хороогоогүй шалтгаан нь тэр Ленин багштай биечлэн уулзсан гэх. С.Буяннэмэх ч өөрийгөө Монголын эсрэг үзэлтэн биш гэдгээ батлахын тулд “Улаан нар” шүлгээс эхлээд зүүнтнүүдийг ном, зохиолдоо бишгүй магтжээ.
-Дарлалаас гарсан,
Олон жилээр дарлагдсан монголчуудаа бид
Одоо даруйхан хөгжин босоцгоож
Улаан нарыг мандуулсан
Гуравдугаар Коминтеринийг шүтэцгээе
Өнгөө будаж зүсээ хувилгасан
Үл бүтэх барууны этгээдийг үтэр түргэн үлдэн зайлуулж
Үнэхээр ядуу ардаа тэтгэе!… гэх шүлгийн дор “Арван ёсөн онд/1929 он болно/” гэсэн нь үлджээ. Түүнийг мөн л японы тагнуулаар 1937 оны их хядлагаар цаазалжээ.
Гэтэл 100 жилийнхээ ойгоор МАН, Соёлын яам Ардын хувьсгал одоогийн зохиолчдоор магтуулан өндөр шагналтай уралдаан зарлаж бас л оюун санааны удирдагчдыг нөлөөндөө автуулав. Өмнө нь хүчээр тулгадаг байсан бол энэ удаад зүдүү зохиолчдод шагнал амлав. Үр дүнд нь өнөөдрийн бидний гүн ухааны бахархал болсон, Нобельд нэр дэвшигчээр тодорч асан, өөрсдийнх нь шагналыг үгүйсгэгч Д.Урианхай эрхэмийг тэргүүн байранд шалгаруулжээ. Зуун жилийн өмнө суусан, өнөөдөр батажсан хятадыг үзэн ядах сэтгэхүй дээр дөрөөлсөн энэхүү наадмын тэргүүн байрын шүлгийг уншихаас өмнө бид Хятадын дарлалд хэдэн жил, Оросын үгээр хэдэн жил явж, аль цаг хугацаанд нь хэдэн оюун санааны удирдагчдаа хядуулсныг эргэн бодууштай.
ХАШААНД МИНЬ БУУСАН ЖУНГААНУУДАД…
Хэдэн жунгаа хашаанд минь буугаад
Хээвнэг, хээвнэг алхлан,
Сахлаг ургасан өвс, ногооноос нь
Сандралгүй, юухан нэгийг эрнэ.
Эрсээр, эрсээр олно, хурдан хурдан тоншино,
Эцэлгүй, нисэлгүй, намайг ч тоолгүй,
Их удаан тухлана..
Инээдтэй, ихэмсэг жунгаа шувууд аа. .
Эзэмшил хашаанд нь буугаад,
Эзнийг нь танихгүй байх чинь яах вэ,
Мэнд мэдэхгүй байх чинь ч яахав,
Мэргэдийн манлай Будда, Зонхова, Сократ,
Мэнз, Кунз, Лаоз, Маркс, Эйнштейн,
Чингис хаан, Занабазар гэгээн гэж,
Чи хэзээ ч мэдэхгүй хойно
“Чигчий, эрхий”-тэй нь тэнцэхтэй үгүйтэй
Урианхай гэж мэдэхгүй чинь буруугүй ээ!
Таалж буусан газар шороо чинь
Тагдаганаж алхалж олз олсон
Сахлаг, онгон өвс ногоо чинь, харин
Их Монгол Улсын эзэмшил,-
Миний хайртай хөрс шороо
Мөнхийн үржилт өвс, ногоо шүү,
Тэнгэрт нисэхдээ ч, газарт буухдаа ч,
Бүү мартаарай..
Үргэлж ирж, хашаанд минь бууж байгаарай,
Үр тариаг маань л битгий сүйтгээрэй..
Монгол бид харамын сэтгэлгүй, айлтгүй ээ,
Мориор давхиж дэлхийг айлгасан ч
Шувууд хэзээ ч айлгахгүй,
Хайртай бүгддээ л гагцхүү амиа тавьж,
Хамгаалан тулалдах цаг тулвал,
Баатар зориг, хүчээ
Батлан алалддаг юм шүү,
Дэлхий дээгүүр нисэхдээ
Бусад жигүүртэддээ захиарай..
2021.08.1-2 Д.Урианхай
Зовон зовсон гунигт түүхээ удахгүй бид баяр бахдал болгон ээлжит наадмаа тэмдэглэх болно. Тэд Монголын бахархал руу байгуулагдсан цагаасаа эхлэн дайрч ирсэн. Үр дүнд нь өөрсдийгөө үгүйсгэдэг бусдыг шүтдэг, шар хүний өмнөөс хар болж хятадыг зүхдэг болжээ. Хоёр том гүрний дунд оршин буй бид эхлээд сэтгэл зүйн хувьд тусгаар тогтнох хэрэгтэй бололтой. Тэр хүртэл яг л зуун жилийн өмнөх шиг цусаа урсгадаггүй юм гэхэд хэмлэлдсээр байх бололтой. Монголыг монголоор үгүй хийлгэсэн түүх урд ба хойд зүгийнхэнд хоёуланд нь бий билээ.