ОХУ-ын Калининград боомт хот руу гардаг тээвэрлэлтийн төмөр замыг Литва улс хаажээ. Уг төмөр замыг хааснаар ган болон бусад хар металын тээвэрлэлт зогссон. Энэ нь өнгөрсөн Баасан гаригт хэрэгжиж эхэлсэн Европын холбооны хориг арга хэмжээний нэг хэсэг юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гол холбоотон Мягмар гаригт Литвад хандаж мэдэгдэл хийсэн. “Оросын эксклав Калининград руу ачаа тээвэрлэхийг хориглосны шанг Литва улсын иргэд хүртэнэ” гэж Путины залгамжлалгч гэж нэрлэгдээд буй Николай Патрушев хэлжээ.
Энэхүү заналхийллийн улмаас хилийн чанадад амьдардаг оршин суугчид сандарч буй аж. “Орос юу хийхийг таамаглахад хэцүү ч Литва улс нь Европын холбоо болон НАТО-ийн гишүүн учир тайван байж болно” гэж даатгалын ажилтан, 59 настай Виталиюс Сидискис хэлэв.
Калининград боомт хотыг 1945 оны дөрөвдүгээр сард Улаан арми нацист Германаас булаан авч, Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-д шилжүүлжээ. Энэ нь Польш, Литва улсын хооронд оршдог.
Калининградын төмөр замаар оросууд хил давж, худалдаа наймаа өргөнөөр хийдэг. Бараг сая орчим орос хүн Балтийн боомт хотод амьдардаг юм байна. Оросын заналхийлэл нь Литва дахь инфляцийн өсөлт зэрэг бусад асуудлыг дарж орхижээ. Тухайлбал, 52 настай оёдолчин Галина Матейкуниене хэлэхдээ, "Бид хилийн ойролцоо ажиллаж, амьдардаг учир дайн байлдаанаас илүү айж байна. Эдийн засаг бол тусдаа асуудал" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ