Улаанбаатар хоттой ойр сонирхолтой аяллын маршрут

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хоттой ойр сонирхолтой аяллын маршрут

Улаанбаатар хоттой ойр сонирхолтой аяллын маршрут

Энэ зуны аялалдаа бэлдэж байна уу. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна өөр сонирхолтой аяллын санааг танд хүргэе. Улаанбаатар хоттой ойр, танин мэдэхүйн,  экстрем аяллыг энэ зуны төлөвлөгөөндөө багтаагаарай.


МОРИН АЯЛАЛ, МОТО АЯЛАЛ, ЗАВИН АЯЛАЛ ХОСОЛСОН ӨДРИЙН АЯЛАЛ

Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Нум сум харваж, хөгжөөнт тоглоом тоглон, аяллын хамгийн сонирхолтой хэсэг болох морь унаж, завиар зугаалж, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Аялалд хамрагдсанаар олон найз нөхөдтэй болох боломжтой. Монгол аялал клубын зохион байгуулдаг энэхүү аялалд том хүн 85000 төгрөг, хүүхэд /5-10 нас/ 75000 төгрөгөөр хамрагдана.

ТАНДЭМ НИСЛЭГ

Амьдралдаа заавал хийж үзэх адал явдалт чөлөөт нислэг.  “Paragliding Club Mongolia” –аас зохион байгуулдаг  энэхүү сонирхолтой аялалын  “Ёл багц” нь 180.000 төгрөг. Үүнд, 20-25 минутын нислэгээр 600-1000 метр өндөрт хөөрнө. “Бүргэд багц” нь 150.000 төгрөг бөгөөд 15 минутын нислэгээр 500-800 метрт хөөрнө. “Шонхор багц” нь 120.000 төгрөг бөгөөд  8-10 минутын турш 400-600 метр өндөрт зугаалах боломжтой.  Адал явдал, шинэ зүйл туршиж үзэхийг хүсч байвал та Баянзүрх хайрхан уул, Ургах Наран хороололд байрлах энэхүү аяллыг сонирхоорой. Гайхалтай шинэ зүйл туршиж, нисэх эрх чөлөөг мэдрэн, нар жаргах мөчийг харна.  Бороо орсны маргаашийн нислэг хамгийн тансаг мэдрэмжийг төрүүлдэг гэсэн шүү.

EXTREME MONGOLIA

 Тэрэлжид байрладаг тул амралтын өдрөөр сонирхолтой зүйл хийж, адерналинаа ялгаруулах боломжтой. Хаданд авирч, дүүжин гүүрээр алхан, агаарын замаар явах болно. Дүүжин гүүрийн өндөр 110 метр  бөгөөд нэг удаа гатлахад 20.000 төгрөг. Агаарын зам нь  420 метр өндөрт байрладаг ба нэг удаа явахад 15.000 төгрөг. Хадны авиралт нь 25 метр рүү гарахад 10.000 төгрөг.

ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ АЯЛАЛ

Цахилгаан дугуйтай аялал адал явдал, шинэ мэдрэмжээр дүүрэн байлгах болно. Нүхтийн аманд цахилгаан дугуй унан, байгалийн сайхныг мэдрээрэй. Тус аялалд 18-с дээш насны 45-100 кг жинтэй, унадаг дугуй сайн унадаг эсвэл мотоцикл унадаг хүмүүс хамрагдах боломжтой. Аялалд гарахаас өмнө цахилгаан дугуйтай холбоотой бүх мэдээлэл, ашиглах заавартай танилцах хэрэгтэй. Энэхүү  аялалд явахаар төлөвлөж байгаа бол биед эвтэйхэн хувцас, бээлий, хатуу ултай гутал өмсөөрэй.  Аяллын нэг өдрийн төлбөр 30.000 төгрөг.

ХУСТАЙН НУРУУНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын Хустайн нурууны танин мэдэхүйн сонирхолтой аялалыг санал болгож байна. Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг зорьж, зэрлэг ан амьтад, тэр дундаа тахь хэмээх амьтныг бүрэн судлах боломжтой. Мөн мэргэжлийн биологичийн тусламжтайгаар ховор төрлийн ургамлын төрөл зүйлүүдийг судлан, танин мэдэх сонирхолтой аялал байх болно.

Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ.

Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна.  Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид их төдийгүй Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болсон.  Энэхүү аялалд “Tourist info center” аяллын компаниар дамжуулан хамрагдах боломжтой. Үнийн хувьд том хүн 65.000 төгрөг,  хүүхэд 55.000 төгрөг. Аялалд хоёр талын тээвэр, Хустайн БЦГ-т нэвтрэх хураамж, хоол хүнс, аялалын хөтөч, амралтын газар зэрэг багтсан байдаг байна.

Г.МЯГМАРСОЛЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж