“Нас барсан цэргийн хэрэгт нууж хаасан зүйл байхгүй”

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

“Нас барсан цэргийн хэрэгт нууж хаасан зүйл байхгүй”

“Нас барсан цэргийн хэрэгт нууж хаасан зүйл байхгүй”

НЭМЭЛТ:

Дотоодын цэргийн штабаас 05 дугаар ангийн цэрэг амиа алдсан тухай мэдээлэл хийлээ.

 Дотоодын цэргийн штабын дарга хурандаа Р.Чингис:

-Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ оны зургадугаар сарын 17-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийн хүмүүст нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 05-р ангид байлдагчаар ирсэн. Зургадугаар сарын 15-ны өдөр болсон Тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа ар гэрийхэн нь ирж эргэсэн. Түүнээс хойш болсон харамсалтай явдлыг зургадугаар сарын 16-ны өдөр 05-р ангиас надад мэдэгдсэн. Байлдагчийн гэр бүлийн гишүүд, нагац ахтай зургадугаар сарын 17-ны өдөр уулзсан. Бүх талаар тусална. Бидний зүгээс ямар ч тохиолдолд хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэж үзэн, миний бие Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектийг хариуцсан хэлтэст бичиг өгсөн. Мөрдөн байцаах ажиллагаа шууд эхэлсэн. Ар гэрийхэн нь мөн СХД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байсан.

Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга хурандаа Д.Манлайбаатар:

-ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчаас зургадугаар сарын 17-ны өдөр үүрэг өгсөн. Манай Дотоод хяналт аюулгүй байдлын газраас гурван алба хаагчтай ажлын хэсэг, Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын албан хаагчид, СХД-ын цагдаагийн газар, Тусгай субъектийг хариуцсан хэлтэс шуурхай арга хэмжээ авч ажилласан. Үйл ажиллагаанд албан шалгалт хийгдэж байгаа. Дуусаагүй байна.

Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллагуудад  харьяалал тогтоолгоод, хэрэг Авилгатай тэмцэх газар руу шилжсэн. Нэгдүгээр ээлжээр хугацаат цэрэг татлагын албанд ирсэн байлдагчид өнгөрсөн хугацаанд ямар нэгэн дүрмийн бус харилцаа явуулсан эсэх, эмнэлзүйн асуудал цаг хугацаандаа хэрэгжсэн эсэх, дарамт шахалт ирсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эцсийн байдлаар ямар нэгэн зөв буруу гэсэн дүгнэлт гараагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй байна.

05-р ангийн захирагч хурандаа Ж. Мөнхсолонго:

-Хугацаат цэргийн алба хаагч маань энэ оны тавдугаар сарын 7-10-ны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдсан цэрэг татлагад СХД-ээс татагдан ирсэн. Тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цэргийн анхан шатны мэдлэгийг эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа явагдаад, зургадугаар сарын 15-ны өдөр дууссан. Цэргийн дүрмийн дагуу тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан. Тангараг өргөх ёслолын оройны 22:00 цагаас эхлэн биеийн байдалд өөрчлөлт орсон тул ангийн эрүүл мэндийн төвд үзүүлж анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Биеийн байдал хэвийн болсон.

Зургадугаар сарын 16-ны өглөө үзлэг үйлчилгээ явуулж амин үзүүлэлтүүд хэвийн, тодорхой шинж тэмдэг байсан учир тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ингээд тус өдрийн 22:45 цаг орчим артерийн даралтын үйл ажиллагаа доголдсон учраас түргэн тусламжаар төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар зургадугаар 17-ны өдрийн 01:20 цагаас 07:00 цаг хүртэл хагалгаанд орж байх явцдаа амь эрсэдсэн ийм үйл явдал болсон.

Бид бүгдийн зүгээс ар гэрийнхэнтэй нь хамтран хөдөөлүүлэх үйл ажиллагааг хийсэн. Монгол Улсын цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн ажлыг өнөө өглөөний 05:40 зохион байгуулсан. Байлдагч манай ангид алба хааж байх хугацаанд офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагчидтай цэргийн дүрмийн болон дүрмийн бус харилцаа огт байхгүй гэдгийг батлан хэлье.

Хэрэгтэй холбоотой баримтыг прокурорын зөвшөөрөлгүйгээр ярьж болохгүй гэж хуульд заасан байдаг тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ямар нэгэн нууж хаасан зүйл байхгүй. Зөвхөн дүрмээ дагаж байна гэв.


НЭМЭЛТ:

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд:

-Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ирүүлсэн тогтоолын дагуу Золзаяагийн Насанмөнх 18 настай эрэгтэй хүний цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг бүрэлдэхүүний хамт хийсэн. Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор, мөрдөгч нар болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Шинжилгээний явцыг камераар бичлэг хийж, зураг дарж баталгаажуулсан. Эд эсийн болон ходоодонд шинжилгээ хийсэн. Ходоод нь 14 см задарсан байсан. Гадна үзлэг хийхэд гэмтэл байхгүй харин тарианы ором, хатгалт байсан.

ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд:

-2014 онд батлагдсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын дагуу эд, эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдол ажлын 21 хоногийн дотор шинжилгээний дүгнэлт гарна гэж заасан байдаг. Шүүхийн шинжилгээний хуулийн 15.1.5-д заасны дагуу шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон  эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнд танилцуулахыг хориглоно гэсэн байдаг. Тодорхой хугацааны дараа шинжилгээ лабораториудаас гарч, нэгтгэгдэж дүгнэлт гаргана.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 20 гаруй цаг эмчилгээнд байж, хагалгаанд орсон. Хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Ходоодыг бэхжүүлэх уусмалд хийж, өвчтөний түүх бусад бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан.

Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон эсвэл урагдсан нь цохилтоос болсон уу, хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаан нь бүгд тодорхой болно.

Шинжилгээний үйл явц явагдаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар нэг л гардаг. Урьдчилсан дүгнэлт гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн шинжилгээний байгууллага нийгэмд шуугиан дэгдээж буй энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өг гэсэн үүрэг даалгаврын дагуу талийгаачийг нас барсан цагаас хойш одоог хүртэл хийгдэж буй процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай зургадугаар 16-нд 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн ирж, тусламж авч чадалгүй нас барсан. Тухайн цэргийн ар гэрийнхэн энэ асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлж, шүүхийн байгууллагад хандаад буй. Харин холбогдох яамнаас дараах тайлбарыг өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Цэрэг нас барсан асуудал гарсан. Энэ асуудлаар шалгалт явуулж, шүүх шинжилгээний эмч нар задлан хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэх дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй.

Шүүхийн задлан шинжилгээний эмч нартай одоо очиж уулзаж болно. Би Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргыг яриа өгөхийг үүрэг болгож байна.

Тухайн нас барсан цэрэгт ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй учир гадны нөлөөгүй нас барсан гэж урьдчилж дүгнэсэн. Ямартай ч дотоодын цэргийн анги болон задлан хийсэн эмч нар тайлбар мэдээлэл өгнө. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга энэ асуудалтай холбоотой шалгалтын дүн мэдээг танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж