"Аялал жуулчлалыг дэмжихийн тулд МИАТ-д татаас өгнө"

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

"Аялал жуулчлалыг дэмжихийн тулд МИАТ-д татаас өгнө"

"Аялал жуулчлалыг дэмжихийн тулд МИАТ-д татаас өгнө"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр/2022.06.22/ танилцууллаа.


УИХ-ын 92 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсэн байна. Хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулжээ. Тус ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон  нар багтсан байна.

Ганц мод, Гашуунсухайт боомтод удирдлагатай автомат тээврийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр тус боомтод нүүрсний импорт 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэж байна. Долдугаар сарын 5-ны өдөр үүнийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.  Бусад боомтуудад мөн хэрэгжих юм байна. Нүүрсний экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлагатай байна. Удирдлагатай автомат тээвэр нь нүүрсний импортыг нэмэгдүүлэх гэж Засгийн газраас үзэж байгаа аж.

Мөн агаарын тээврийн талаарх зарим тогтоолыг баталлаа. Аялал жуулчлалыг дэмжих зорилгохоор МИАТ-д татаас өгөхөөр шийдвэрлэв.  Франкфурт руу тогтмол нислэгтэй болмоор байгааг аялал жуулчлалын салбарынхан илэрхийлсний дагуу дотоодын агаарын тээвэрлэгчдэд мөн хөнгөлөлттэй зээл олгох юм байна.

ЦЕМЕНТИЙН ҮНЭ ӨСӨХӨД ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ СӨРГӨӨР НӨЛӨӨЛСӨН

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-2021 оны зургадугаар сараас эхэлсэн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилтыг авчирсан. УИХ-аас 88 дугаар тогтоолыг гаргаж, үүрэг даалгавар өгсөн. Манай яамнаас ажлын хэсэг гарган улсын төсвийн хөрөнгө оруулалттай 1153 төсөл арга хэмжээ байгааг тогтоосон. Үүнээс 31-ийг нь хасч, 1122 төсөл арга хэмжээг нэгтгэсэн. Зургадугаар сарын 15-ны байдлаар 271 төсөл, арга хэмжээг хассахаар болсон.

Хөгжлийн төвүүдтэй хамтран эцэслээд тогтооход 851 арга хэмжээ цугларсан. Өнөөдөр эцэслэж үнийн дүнг нь компани тус бүрээр нь гаргасан. 800 гаруй төсөл арга хэмжээний 524 дээр нь магадлал хийсэн.

Нийт ажлын 61.8 хувь дээр нь гэсэн үг. 327 нь магадлалаа ирүүлээгүй. Гадаа жагсч байгаа барилгачдын зовлонг ойлгож байгаа. Магадлалаа зургадугаар сарын 15-нд дуусгана гэж байхад зарим хүмүүс магадлал битгий хийлгээрэй гэж байсан. Бид 524 төсөл дээр магадлал хийхэд 269.1 тэрбум төгрөгийг зөрүү гарч байгаа юм. Үүнийг Засгийн газарт танилцуулж, УИХ өргөн барина.

Улсын төсвөөр хийж буй төслүүдийг 270 гаруй тэрбум төгрөгийн үнийн зөрүүг улсын төсөвд суулгах асуудлыг ярина. Эцэслэн шийдэх нь УИХ-ын асуудал.

Зарим барилгынхан тээвэр, цалингийн асуудалтай холбоотой санал, шүүмжлэл гарч байгаа. Төрд мөн хувийн хэвшилд ч асуудал байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. 270 гаруй тэрбум төгрөгийг 524 төсөл дээр тооцлоо. Энэ үнийн өсөлт дотор тээврийн зардал шингэсэн.

Зарим компанийн үнийн өсөлтийг танилцуулъя. “Сант-Өндөр” компанийн үнийн өсөлт 460 сая төгрөг, “Цагаан Булбай” компанийн үнийн өсөлт 554 сая төгрөг, “Зост трэйд” компанийн үнийн өсөлт 186 сая төгрөг, “Навтгар хайрхан” компанийн үнийн өсөлт 1 тэрбум 69 төгрөгөөр тус тус өсч байна. Барилгачдынхаа асуудлыг ойлгож байна.

-Цементийн хомсдол нүүрлээд байгаа. Энэ асуудалд яамны зүгээс анхаарлаа хэрхэн хандуулж байна вэ?

-Хөгжлийн банкны асуудлаас болж олон асуудал үүссэн. Барилгын материалын үнэ өсч байхад цементийн үнийг тавхан хувиар өсгөж байсан үе бий. Цементийн үнэ өсөхөд Хөдөлмөрийн хуульд орсон 14 хоног ажлаад 14 хоног амраах заалт нөлөөлсөн. Том төхөөрөмжүүд Эрээнээс наашаа гарахгүй байна. Гаальтай холбоотой асуудал байна. "МАК"  гэхэд цементийн уут нь хил дээр гачихсан байна.

Улааны цементийн үйлдвэр нь Хятадын хөрөнгө оруулалттай компани. Бид гуйсан. Тэд ашиггүй гээд зогсчихсон байна. Энэ компани Улаанбаатарын жижиглэнгийн бизнесийг хангадаг байсан. Хөтлийн цементийн үйлдвэр улсад ирсэн ч засвар орж байгаа. Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж, үнийг барих талаар ярьсан. Гэвч тээвэрлэлтэд асуудал үүссэн. Улаанбаатар төмөр замтай энэ талаар уулзаж ярьсан. Хувийн хэвшлийн ажлыг төр өмнөөс нь хийж байна.

НААДМААС ӨМНӨ “ТОРЛОГТИЙН ДАВАА”-ААР ИРГЭДИЙГ ЯВУУЛАХГҮЙ

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР:

-Засгийн газрын хуралдаанаар агаарын тээврийн талаарх зарим тогтоол батлагдлаа. Тогтоол хоёр бүрдэл хэсэгтэй. Нэгдүгээрт, МИАТ-д 4.7 тэрбум орчин төгрөгийн санхүүжилтыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгоно. Цаад зорилго нь аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учир үүнд шаардагдах санхүүжилт юм. Энэ завшааныг ашиглаад аялал жуулчлалын компаниудыг Европын жуулчлалд МИАТ-ийн нислэгийг сурталчилж, хамтран ажиллахыг хүсч байна.

МИАТ одоогийн байдлаар 467 гэсэн ганц түрээсийн бус боловч МИАТ-ийн өмч болж чадаагүй боенгтой байсан. Сая МИАТ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглаж, 4.5 сая ам.долларыг Эксим банканд төлснөөр энэ онгоц МИАТ-ийн эзэмшил болж байна.

Ингээд байсан мөнгөө онгоцныхоо төлбөрт өгчихсөн учир санхүү нь таатай бус байдалд орох эрсдэлтэй. Цар тахлын үед хувийн хэвшлийн агаарын тээврүүд санхүүгийн хүнд байдалд орсон. Ерөнхий сайд тэдний төлөөлөлтэй уулзаж, шаардлага хангасан авиа компаниудад зээл олгож болно гэж ярьсан.

МИАТ болон бусад авиа компаниудад шаардлагатай 145 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэхээр тусгалаа. Өөрөөр хэлбэл, авиа компаниуд 10 их наядын хөтөлбөр, банкны тодорхой шаардлагыг ханган зээлээ авна.

Цаашид 6-7 нисэх буудал дээр анхаарал хандуулж байгаа. Чингис хаан, Хөшгийн хөндий, Чойбалсан, Улаангом, Даланзадгад, Мөрөн, Өндөрхаан зэрэг буудлууд. Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Мөрөн, Даланзадгадад улсын төсвийн хөрөнгө оруулалт, Ховд, Чойбалсан, Улаангомд төр, хувийн хэвшлийн түншлэл буюу концессоор хэрэгжүүлье гэж танилцуулна. Дэмжигдвэл концессын зүйл заалтад орно.

-Зээлийг хэр хугацаатай, ямар хүүтэй олгох вэ?

-Зээлийн ерөнхий нөхцөл нь 10 их наядын цогц төлөвлөгөө, банкны шаардлагын дагуу л явна.

-Дарханы зам дээр хашлага барих нь эрсдэлтэй юм биш шүү?

-Эсрэгээрээ. Эрсдлээс хамгаалж байна. 22-ын товчооноос цаашаа баруун аймаг руу салдаг руу явбал дөрвөн урсгал нээлттэй явж байгаа. Дөрвөн урсгал нийлж, салж байгаа дээр  хоёр км орчим нэмэлт хучилт хийнэ. Эрсдлээс хамгаалах хамгийн сайн шийдэл энэ. Налайхын зам дээр голд нь хавтан тавьсны дараа машин мөргөх тохиолдол цөөнгүй байсан.

-Хэрэв тэр хавтан байгаагүй бол тухайн машин эсрэг урсгал руу ороод хичнээн хүний амь нас, эд хөрөнгө сүйрэх байсан бэ?

-Тиймээс аль нэг компанийн лобби биш.

-Дарханы зам графикийн дагуу явж байна уу?

-Бороо их орж байна. Хөдөө аж ахуйд бороо таатай. Харин зам дээр бороо хамгийн сөрөг зүйл. Үргэлжилсэн бороо орж байна. Тиймээс зогсоохоос өөр алга байхгүй. Би өнгөрсөн Даваа гаригт 1 болон 2 дугаар багц дээрээ ажиллаж байгаад ирлээ. Манай дэд сайд байнгын ажлын хэсгийг ахалж байна. Ажлын явц сайн гэж магтаад яах вэ? Гэхдээ муугүй. Иргэд “Торлог” дээр давж байгаа хэсгийн түр замыг муу байна гэж байна. Бид наадмаас өмнө “Торлогтийн даваа”-аар иргэдийг явуулахгүй. Хучна гэсэн үг. Мөн Баруунхараагаас цаашаагаа уруудах хүртэл наадмаас өмнө хучна. Хүнд түр замуудаа хучаад шилжүүлээд явна. Одоо олон зүйл амлаж чадахгүй. Намар та бүхэнтэйгээ хамт явж юу хийснээ харуулна.

ЗАМЫН-ҮҮДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭГ НОМЕРТ АНХААРАН АЖИЛЛАНА

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

-Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин үүсээд 20 жил болж байна. Гэвч байгуулагдсан гурван бүс дээр яг бидний зорьсон зорилт хангалттай биелээгүй байна. Төрийн зүгээс бүх төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг өөрөө хийх зорилттой байсан ч тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж хэрэгжээгүй. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хамтарч ерөнхий төлөвлөлтийг нь хийж чадаагүй. Түүнчлэн газар олголтыг замбараагүй олгосон. Аж ахуй нэгжүүдэд газар олгосон боловч үйл ажиллагаагаа явуулж чадаагүй.

Замын-Үүдэд 900 га талбайн 113.9 га талбайг 81 аж ахуй нэгжид олгосон. Гэвч тогтмол үйл ажиллагаа явуулж буй тавхан аж ахуй нэгж байна. Дөрөв нь бүтээн байгуулалтаа эхэлж байна. Бусад нь алга.

Алтанбулаг дээр 500 га талбай бий. Үүний 120 га талбай нь 131 аж ахуй нэгжид олгогдсон. Үүнээс 29 нь үйл ажиллагаа явуулж байна. 11 нь үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Цагааннуурт 708 га талбайн 101 га талбайг дөрвөн аж ахуй нэгжид олгосон. Хараахан аль ч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар яаралтай батлуулж, хэсэгчилсэн төлөвлөгөөгөө аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчдынхаа сонирхолд үндэслэн хийх хэрэгтэй байна. Дээрх чөлөөт бүсүүд хилийн боомт дээр оршдог учир хөрш орнуудынхаа чөлөөт бүстэй нягт уялдах ёстой. Засгийн газраас хөрөнгө оруулалтаа шийдчихсэн, зураг төсвөө хийчихсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүл гэсэн даалгавар өгсөн. Сарын хугацаанд эдгээр аж ахуй нэгжүүдийг идэвхжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Нөгөө талаараа бүтээн байгуулалтын ажлыг чөлөөт бүсээ эрэмбэлж эхлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдэд дэд бүтцийн хөрөнгө оруулалт их хийсэн. Хятадын 58.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дэд бүтэц хийгдсэн. Одоо Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллараар үргэлжлүүлээд аж ахуй нэгжүүдэд дэд бүтэц хүргэх ажлыг хийж байна. Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг нэг номерт анхааран ажиллана.

Мөн Хөшгийн хөндий дэх чөлөөт бүс дээр анхаарна. Замын-Үүдийн холбогдох асуудлыг анхаарна. Газар авчихаад ажлаа хийхгүй байгаа аж ахуй нэгжүүдийн газрыг цуцлах, бэлтгэл ажлаа хангасан аж ахуй нэгжүүдийг дэмжих чиглэлээр хууль дүрэм журам дээр ажиллана.

Алтанбулаг, Замын-Үүд дээр үндсэндээ хоёр орны худалдаа, экспорт нэмэгдүүлэх зорилготой. Мөн аялал жуулчлал, тээвэр ложистик, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн бүсүүд бий. Энэ дээрээ дахиад дэд бүтцүүд гарч ирнэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн О.Бямбагэрэл:

-2022 оны зургадугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд нийтдээ 5841 иргэн 11-11 төвд хандаж, 2276 иргэн санал хүсэлт, өргөдөл гомдлоо өгчээ. Шийдвэрлэлтийн тухайд 2294-ийг нь хариуцсан байгууллагуд нь шилжүүлж, 2107 санал, хүсэлт, гомдлыг байгууллага нь хүлээн авсан. Өнгөрсөн долоо хоногт 1288 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсний 55.1 хувийг нь 3-5 хоногт, 1.5 хувийг нь 6-10 хоногт шийдвэрлэжээ. Энэ долоо хоногт 43.4 хувийг шийдвэрлээгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад шийдвэрлэлтийн хувь 9.3 хувиар өсчээ.

Ерөнхий сайд долоо хоног бүрийн Даваа гаригт 11-11 төвд салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудыг ажиллуулж, иргэдтэй уулзаж цаг алдалгүй шийдвэрлэх чиглэл өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж