Дархан-Уул, Сэлэнгэ аймагт дуу цахилгаантай, их хэмжээний мөндөр, хүчтэй аадар бороо өчигдөр /2022.06.22/ орсон байна. Ус цаг уурын газраас тодруулахад 10 мм-ын хэмжээтэй тунадас орсон бөгөөд мөндөр том хэмжээтэй, хүчтэй орсон учраас ургацын талбайд тарьсан ногоо, тариа мөндөрт цохигдож усанд нэрвэгдсэн гэлээ.
Мөн Сэлэнгэ аймагт мөндрийн улмаас талбайд тарьсан лууван, манжин, өргөст хэмх, улаан лооль, сонгино, сармис, үхрийн нүд, алим зэрэг жимснүүд их хэмжээгээр сүйдсэн байна.
Тодруулбал, тус аймгуудад ширүүн бороо орж байгаад ойролцоогоор 10 минут орчим хугацаанд мөндөр оржээ. Малчид болон тус газарт байрладаг айл өрхүүдийн байшингийн дээвэр хууларч, машины цонх нь хагарсан зэрэг хохирол учирсан мэдээлэл ирсэн байна.
Байгалийн үзэгдэл түр зуур болсон учраас иргэд аймгийн Онцгой байдлын газарт дуудлага, мэдээлэл өгөөгүй болохыг албаныхан хэллээ.
Цаг агаарын аюулт үзэгдэл болох тухай мэдээллийг аймгийн онцгой байдлын газар тогтмол мэдээлдэг. Гэхдээ гэнэт орсон мөндрөөс болж хохирсон айл өрх мөн олон байгаа аж. Олон нийтийн сүлжээнд тавигдсан зургаас харвал мөндөр атгасан гарсан хэмжээтэй бөгөөд айлуудын цонх, машины шил зэргийг хагалсан дүр зураг харагдаж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, аадар бороо орох тул малчид иргэдийг голын ойролцоо байрлахгүй байх, малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байгаа. Тиймээс иргэд та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж бага насны хүүхдэдээ мөн анхаарал сайн тавихыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ