Токиогийн олимп болон паралимп 1.42 триллион иен буюу 10.5 тэрбум ам.доллараар зохион байгуулагдсан болохыг албаныхан өчигдөр/2022.06.21/ мэдээллэв. Энэ нь 2013 онд батлагдсан анхны төсөв болох 734 тэрбум иенээ бараг хоёр дахин нугалсан үзүүлэлт болжээ.
Мэдээж төсөв хоёр дахин хэтэрсэн шалтгаан нь Covid-19 гэнэ. Цар тахлын улмаас наадам нэг жилээр хойшилж, төлөвлөгөөнд багтаагүй олон зардал гарчээ.
Үндэсний цэнгэлдэхийн хүрээлэнгийн засвар, сэргээн босголтын зардал 856 тэрбум иен байсан бол тээвэр, хамгаалалтын зардал 524 тэрбум иен болжээ. Харин цар тахлын эсрэг арга хэмжээнд 38 тэрбум иен зарцуулсан аж.
Наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан нийт зардал 640 тэрбум иен байсан бол Токио хотын захиргаа 597 тэрбум иен, Японы засгийн газар 187 тэрбум иен тус тус наадамд зориулан гаргажээ.
Өчигдөр болсон тайлангийн хурлын үеэр наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэико Хашимото “Наадамд гар бие оролцсон хүн бүрийн эрхэм зорилго нь дараагийн үедээ өв үлдээх байлаа” гэжээ.
Токио-2022 олимп, паралимпийг зохион байгуулах хороо энэ сарын сүүлээр татан буугдах бөгөөд тэд ивээн тэтгэгчдээс 376 тэрбум иен босгож, наадам хойшилсон гэх шалтгаанаар даатгалын компаниас 50 тэрбум иений нөхөн олговор авчээ. Мөн зохион байгуулах хороо наадмын тасалбар борлуулалтаас 90 тэрбум иен олно гэж тооцоолсон. Гэвч цар тахлын улмаас санасандаа хүрч чадсангүй ердөө 400 сая иен олсон гэнэ.
Холбоотой мэдээ