Барилгын ажлууд хийгдэж буй дулааны улиралд крантай холбоотой осол гарах нь нэмэгджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар Импекс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тоннын даацтай вандан кран энэ сарын 18-ны орой салхинд туугдаж унасан осол гарсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуугаас шалтгаалж кран унасан нөхцөл байдал үүсчээ.
Осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй байна.
Өнгөрсөн сард мөн Баянгол дүүрэгт баригдаж байсан “Оршил” констракшны барилга дээр кран угсрах үед доош унасан осол гарсан. Тухайн осол гарсан шалтгаан нь цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрсэн болохыг албаны хүмүүс хэлсэн. Тиймээс аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй. Мөн кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Холбоотой мэдээ