Тэрслүү үг: Тэнэгийн дотор уужуу!

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Тэнэгийн дотор уужуу!

Тэрслүү үг: Тэнэгийн дотор уужуу!

Эхлээд сүүлийн үеийн хэдэн тоо сонирхуулъя. Монгол Улсын нийт гадаад өр 33.2 тэрбум ам.доллар. Төгрөгөөр бол зуу гаруй их наяд. Шинээр төрсөн нярайд ч 33 сая төгрөгийн өр оногдож байна гэсэн үг. Энэ нь нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр Шри-Ланка улсаас дөрөв дахин их аж.

Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар.  Ирэх дөрвөн жил Монгол Улс 4.7 тэрбум ам.долларын эргэн төлөлтийг хийнэ. Хэрэвзээ, Хөгжлийн банк ирэх 2022  төлөх 800 сая ам.долларын өрөө төлж чадахгүйд хүрвэл олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улс дампуурлаа зарлана. Гэхдээ энэ нь зөвхөн Засгийн газрын, ганц Л.Оюун-Эрдэнийн "толгойны өвчин" биш байлтай.

Статистик үзүүлэлтээрээ, үнийн өсөлтөөрөө, бодит байдал дээрээ, иргэдийн ахуй амьдралыг харсан ч  эдийн засаг улам хүндэрсээр байна. Атал  манай парламентынханд амьтны эрх, адууны сэрвээ, бөхийн цол, найр наадмаас өөр бодож санах юм алга. Санаачилж байгаа хууль нь хүртэл хашаа хороо хааж нээх, Төрийн ордонд жинстэй, жинсгүй орох  тухай.

Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын өргөн барьсан Төрийн ордны нутаг дэвсгэрийг заагтай, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тогтоолын төсөл  УИХ-аар хэлэлцээд байх амин чухал асуудал биш. Монголчуудыг дээр, дооргүй баяр наадмаа улстөржүүлээд хэрэлдэж суух зуур эдийн засгийн хямралыг хохирол багатай давахын тулд улс орнууд стратеги төлөвлөгөөгөө батлаад, хэрэгжүүлээд явж байна.

“Өвөл болохоор хүйтэн болдог” гэгчээр наадмын дараа намар болно. Намартай зэрэгцээд эдийн засгийн хямрал жинхэнэ утгаараа нүүрлэнэ гэх.  Гэтэл баяр наадам, амралт зугаалга гээд иргэд нь, эрх баригчид нь тоож байгаа юмгүй. Хойдох дайн байлдан, урдах цар тахал хэр хугацаанд үргэлжлэхийг бурхан ч таашгүй. Уг нь УИХ-ын гишүүн амрах завгүй улс орны эдийн засаг, нийгмийн асуудалд анхаарал хандуулж суух цаг. Атал үүнд санаа зовох гишүүн нэг ч алга. Ардын намынхан нь давхар дээл зүүдлэж, Ардчилсан намынхан нь бүлгийн тамгаа булаацалдаж “амар сайхандаа жаргаж” байх шиг. Гэсэн мөртлөө спикпер нь ихээхэн том мөрөөдөлтэй, Япон лугаа хөгжих. Даанч Японы парламент манай хэд шиг адуу мал, цол, гуншин тойрч хэрэлддэггүй байх л даа. Тэгээд ч өнөөдрийг хүртэл сэрвээний өндөр, цолныхоо хэрүүлийг шийдчихээгүй, Баяр наадмын тухай хуулиа ч батлачихаагүй байна шүү дээ.

НЭГ.

Гадаад өрийн хэмжээгээрээ Зимбабве, Замбигаас дутахгүй болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийнхөө амаар хүлээн зөвшөөрсөн.

Тэгэхээр Г.Занданшатарт нохой салхилуулахаас өөр хийх ажил өчнөөн байна гэсэн үг. Өргөн хэрэглээний барааны хомсдол, үнийн өсөлт, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал гээд.

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Энэ үед ядаж Эрээний хил хаагаагүй байсан гээд бод. Энэ онд бүр хасах руугаа орсон шүү дээ. Эхний улирлын байдлаар эдийн засаг хасах 3.8 хувьтай гарсан. Тиймээс ОУВС аль болох хэрэгтэй, хэрэггүй зардлаа танахгүй бол улсаараа дампуурч болзошгүйг анхааруулж байгаа. Гэтэл УИХ нь засгийнхаа хэмнэлтийг бодлогыг эсэргүүцээд, тойргийн мөнгөний төлөө наашаа харж инээж, цаашаа харж уйлах нь холгүй болцгоосон шүү дээ. Хэмнэлтийн бодлого ярьсан хэд хоногт гишүүд автобусаар явж, пирус унаж багагүй энтертаймент хийснээс өөрөөр УИХ-ын гишүүд улс орны өр шир, эдийн засгийн асуудалд санаагаа чилээж байгаа юм алга.

Завханы нэг гишүүн төсвийн мөнгөөр төрийн албан хаагчдаа тураамаар байна гээд чуулганы хуралдаан дээр хэрэлдээд сууж байх. Зарим нь бүр жорлон барьж өгөх санаачилга гаргах ч жишээний.

Ийм илүүдээ гарсан мөнгө эдийн засагт байхгүй. Авчиг, улстөрчдөд бол “улсын мөнгө” уйлах ч биш дээ. Тэдний үрэх мөнгийг олох гэж татвар төлөгчид хуруу хумсаа хуйхална.  Тэгтэл татвар төлөгчдийнхөө нуруун дээр суучихаад ташуурдаад байж боломгүй.

ХОЁР.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулаад ир гэж УИХ-ын дарга нь гишүүддээ долоо хоногийн томилолт өгчээ. Атал тэд нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө танилцуулах биш өөрсдийгөө сурталчлаад, ирэх сонгуулийн шоугаа хийгээд яваа бололтой.

Монгол Улсын дефольт зарлах хэмжээнд хүргэж, Хөгжлийн банкийг тонож идсэн “хэрэгтнүүд”-ийн ард УИХ-ын гишүүдийн нэр дагалдаж байна. Тэдэнтэй хариуцлага тооцъё, шударга ёсыг Г.Занданшатарын танхимаас эхлүүлье гээд УЕП нь санал оруулахаар олонхиороо унагачихна. Тэгсэн мөртлөө наанаа шударга ёс ярьж, матрын нулимс унагацгаах. Үндсэндээ, Засгийн газрын бодлого шийдвэр, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эсрэг суртал ухуулга хийгээд явж байгаа хүмүүс бол УИХ-ын гишүүд  байдаг.

Боомтоо өргөжүүлье, эрчим хүчний эх үүсвэрээ нэмье гэхээр иргэдийн турхираад хувийн улс төрөө хийнэ. Улс орны эрх ашиг бол УИХ-ын гишүүдийн хувьд бараг зуудугаарт бичигддэг, яригддаг биз. Одоо зарим нь Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж тохирсон зарчмаасаа урваж, шарваад эхлэж.

Их гүрнүүдийн дунд оршиж буй Монголын хувьд амьд үлдэх цорын ганц боломж нь парламентын засаглал. Олонхиороо шийдвэр гаргадаг энэ тогтолцоогоо хамгаалж үлдэхийн тулд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөх гэх мэть өнгөрсөн 2019 онд дутуудуулсан бүхнээ Ардын нам гүйцээхээс өөр аргагүй шаардлага тулгарсан. Хэрэвзээ, энэ намар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол цааш цаашдаа институци хоорондын зөрчил нь хэвээрээ, засаглалын хямрал үүсч бүр дарангуйлал руу гулсаж магадгүй.

Атал Ардын намын зарим гишүүд, жишээлбэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн нар сонгуулийн хуулийг пропорциональ болгох хэрэггүй, гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж яриад явж байна. Товчхондоо, Үндсэн хуулийн өөрчлөхөд үнэмлэхүй олон байр сууриа нэгтгэж, Г.Занданшатар ангийнхнаа, Д.Тогтохсүрэн бүлгээ зангидаж чадахгүй байна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж