Монголд анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо.

1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм.

Тус төв ашиглалтад орсноор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжих үндэс бүрдэж байгааг онцоллоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан билээ. Энэ зорилтынхоо хүрээнд мод тарьж, ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц үйл ажиллагаа явуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийг байгуулахаар төлөвлөсөн байна.

Үүнд 1,000 тн хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 ашигт бактери бүхий үржил шимт хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын төслүүд багтаж байгаа юм.

Ашиглалтад орсон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим зэрэг хэсгээс бүрджээ.

Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм.

Цаашдаа тус төвд байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг нь гардууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ирэх 10 жилд 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Үүнд:

  • Мод-хүнсний хоршил бүхий өрхийн аж ахуйг дэмжих, говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро ойн зарчмаар 30 сая мод,
  • Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод,
  • Орхон, Булган аймаг орчимдоо 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж