Л.Цэвээнжав: ХАА-н салбарын нөхцөл байдал, бодлого ямар байгааг судална

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Л.Цэвээнжав: ХАА-н салбарын нөхцөл байдал, бодлого ямар байгааг судална

Л.Цэвээнжав: ХАА-н салбарын нөхцөл байдал, бодлого ямар байгааг судална

Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжавтай ярилцлаа.


-Хөдөө аж ахуйн тооллогын ерөнхий мэдээллийг та манай уншигчдад хүргээч?

-Манай улс хөдөө аж ахуйн тооллогыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн анхдугаар тооллогыг 2012 онд хийж байсан. Олон улсад энэхүү тооллогыг Хүн ам, орон сууцны тооллогын дараа зохион байгуулахыг зөвлөдөг. 1940 онд дэлхийн 10 улс Хөдөө аж ахуйн тооллогыг зохион байгуулж байсан бол 2010 онд 128 орон, 2020 он орчимд дэлхийн 150 улс энэхүү тооллогыг зохион байгуулж байна. Цар тахлын нөлөөгөөр зарим улс энэхүү тооллогоо төлөвлөсөн цаг хугацаандаа хийж чадахгүй байх хүндрэл гарч байгаа бол манай улс энэхүү тооллогоо төлөвлөсөн хугацаандаа амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн тооллого тавдугаар сарын 21-нд албан ёсоор эхэлж, долдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.

Тооллогод газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд, харин малтай өрхийн 30 хувь нь хамрагдах бөгөөд нийт 99 мянган өрх, аж ахуй нэгж байгууллага хамрагдах юм. Ингэснээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, ан агнуур, загас зэрэг салбарын бүтцэд гарч буй өөрчлөлтийг тооцон, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэх болон цаашид хэрэгжүүлэх бодлогод шаардагдах мэдээллийг цуглуулдаг.

-Хөдөө аж ахуйн тооллого ямар үр дүнтэй вэ?

Ер нь статистик мэдээлэл чанартай сайн байх нь иргэдэд, аж ахуй нэгж байгууллагуудад, төрийн бодлого хэрэгжүүлэгчдэд болон судлаачдад хамгийн чухал байдаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж буй тооллого, судалгаа бүрийн асуулга бүр маш ач холбогдолтой байдаг. Тухайлбал, 10 жилд нэг удаа зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн тооллогын асуулга бүр нь энэ салбарт ажиллаж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг гаргаж ирж, цаашид салбарыг хөгжүүлэхэд анхаарах гэх мэт бусад тооллого, судалгаагаар авдаггүй мэдээллийг цуглуулдаг. Өөрөөр хэлбэл, арван жилд ганцхан удаа цуглуулж болох мэдээллийг авдаг гэсэн үг. Тухайлбал, малчдад малынхаа бүтээгдэхүүнийг борлуулахад ямар хүндрэл, бэрхшээл учирч байна вэ гэдгийг, мөн манай улсын бордоо, бодисны хэрэглээ ямар байгаа эсэх, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, газрын ашиглалт, газрын эзэмшил хэр байгааг, салбарын ажиллах хүчний мэдээлэл, түүнд тулгамдсан асуудал, ургацын хаягдал, хорогдлын хэмжээ болон шалтгааныг дэлгэрэнгүй судална.

Эдгээр бүх мэдээлэл дэлхийн 150 улстай харьцуулагдаж, манай улс тухайн асуудлаар дэлхийд хаана явж байгаагаа ч харах боломжтой болох юм.

-Одоо үргэлжилж буй хөдөө аж ахуйн тооллогын энэ удаагийн онцлог нь юу вэ?

-Энэ удаагийн тооллого нь цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлог. Дэлхийн бусад улс ч тооллогод нь учирч буй хүндрэл бэрхшээлээс шалтгаалан мэдээлэл цуглуулах янз бүрийн арга ашиглаж байна. Үндэсний статистикийн хороо нь статистик мэдээллийн арга аргачлал, мэдээлэл цуглуулах үйл явцын хувьд олон улсын түвшинд дээгүүрт ордог. Тухайлбал манай улс 2021 онд ААНБ-ын тооллогоо анх удаа 100 хувь цахимаар зохион байгуулсан.

Хөдөө аж ахуйн тооллого нь цахимаар хийхэд хүндрэлтэй учраас бид энэ тооллогын мэдээлэл цуглуулалтад 100 хувь таблет ашиглаж байна. Бид мэдээлэл цуглуулалтад таблетыг 2013 оноос ашиглаж эхэлсэн туршлагатай.

Таблет ашигласнаар маягт хэвлэх, түүнийг зөөвөрлөх, шивэх гэх мэт бичиг хэргийн зардлаас гадна цаг хугацаа хэмнэж, тооллогын явцыг шууд хянах боломжтой болж байгаагаараа давуу талтай. Бид аль аймгийн, аль сумын хэн гэдэг тоологч, мэдээлэл цуглуулагчид ямар асуудал тулгарч байгааг шууд хянаж чадаж байна. Ингэснээр тухай бүр холбогдох заавар, зөвлөмжөөр хангаж ажиллаж байгаа учир тооллогын мэдээлэл цуглуулалт төлөвлөсөн хугацаандаа явагдаж байна.

Мөн Үндэсний статисткийн хороо нь цаашид тариалангийн талбай, ургацын хэмжээг ургамлын төрлөөр нь тооцоход сансрын зураг ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, өрх, аж ахуй нэгж байгууллага хашаандаа ч байна уу, том талбайд ч байна уу ногоо тарихад бид сансрын зураг (Machine learning арга) ашиглан ямар ногоо тарьсан эсэх, хэр их хэмжээтэй ургац авсан эсэхийг тооцож гаргадаг болох юм. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас мэдээлэл цуглуулахгүйгээр сансрын зураг ашиглан газар тариалангийн статистик мэдээллийг гаргадаг болох юм. Тэр ч бүү хэл, усалгаа нь хэр байгаа эсэх, хэр их хэмжээтэй ургац авахыг тооцоолж болно гэсэн үг. Энэхүү тооцоог 2021 онд туршилтаар хийсэн бөгөөд аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ удаагийн тооллогоор тус аргачлалын суурь мэдээлэл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 2021 онд тариалан эрхэлсэн өрх, аж ахуй нэгж байгууллагуудын тариалсан талбайн цэгийг төмс, манжин, байцаа, буудай гэх мэтээр ангилан мэдээллийг нь таблет ашиглан цуглуулж байгаа юм. Маягтаар мэдээлэл цуглуулж байхад тариалсан талбай бүрээр нь талбайн цэгийг хатгах боломжгүй байсан юм.

-Өрхийн байршлыг газрын зураг дээр тэмдэглэх нь ямар ач холбогдолтой вэ?

Манай улс дэлхийд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг цөөн улсын нэг. Малчид малаа дагаад нүүдэллээд явдаг. Өөрөөр хэлбэл, хаана өвс ногоо, ус байна, түүнийг дагаад явдаг. Гэтэл зах зээлээс, аймаг, сумаасаа хол ч нүүсэн байдаг. Тиймээс бид малчин өрхийн байршлын координатыг 2017 оны Мал тооллогоос эхлэн цуглуулдаг болсон. Зөвхөн энэ үзүүлэлтийг цуглуулж, судалснаар хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлогууд, мөн зам тээвэр, дэд бүтцэд хийж буй хөрөнгө оруулалтын үр дүнг ч гэсэн үнэлэх боломжтой болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өрхийн байршлыг тэмдэглэснээр тухайн өрхийг уулархаг бүс нутагт оршиж байна уу, далайн түвшнээс дээш хэдэн метр өндөрт аж төрж байна гэх зэргийг нь мэдэж, судлаачдад цаашид гүнзгийрүүлсэн судалгаа хийхэд нь дөхөм болно.

Тариаланчдын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн н.Дорж хашаандаа хүнсний ногоо тарихад сансрын зураг дээр энэ хэсэгт нь төмс, энэ хэсэгт нь манжин тарьсан байна гэж талбайг нь хэмжин, хэдий хэмжээний ургац хураасныг нь гаргана. Ингэснээр дараа нь иргэн н.Цэцгээ тус бүс нутагт ногоо тарихаар болбол тухайн газраас хэдий хэмжээний ургац хураан авах боломжтой вэ, хэр их усалгаа, бордоо хэрэглэх үү зэрэг шийдвэр гаргах боломжтой болох юм.

-Урьд нь ямар аргаар хөдөө аж ахуйн тооллогыг хийдэг байсан бэ?

-Өмнө хэлсэнчлэн маягтаар мэдээллээ цуглуулдаг байсан. Жишээлбэл, “Танайх хэдий хэмжээний га талбайд ногоо тарьсан бэ?” гэж ерөнхий асуулт асуудаг байлаа. Харин одоо талбай дээр нь очиж, цэг хатган байршлыг нь тэмдэглэж, асуулт асууж байна. Мэдээллийн үнэн бодит байдал ч давхар шалгагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хатгасан цэг үнэн байна уу, ямар ногоо тарьсан эсэхийг нь хиймэл дагуулын хамгийн өндөр нарийвчлалтай зураг ашиглан өнгөний утгыг алгоритимчлах замаар шалгах боломжтой болж байгаа юм.

-Энэ тооллогыг хийснээр дан ганц хөдөө аж ахуйн салбарт бус бусад эдийн засаг, нийгмийн салбарт ч хэрэг болох юм байна гэж ойлголоо. Зөв үү?

-Тийм. Хөдөө аж ахуйн салбарт л гэхэд л мал аж ахуй, газар тариалан, ой, загас, ан агнуур багтаж байна шүү дээ. Газар тариалангийн бүхий л хүндрэл, бэрхшээл, ололт энэ тооллогоос харагдана. Ингэснээр манай улс хэдий хэмжээний буудай тариалах хэрэгтэй вэ, гурилын үйлдвэрийн хүчин чадал хэр вэ гэх зэрэг мэдээллийг гаргана. Эргээд эдийн засагт салбарт ч ашиглах мэдээлэл гарна. Ямар хүндрэл бэрхшээл байгааг гаргаснаар төрийн бодлогууд ч боловсруулагдаж, аль бүс нутагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх үү, ямар шалтгаантай өрх, аж ахуй нэгж байгууллагуудад ямар бодлого хэрэгжүүлэх үү, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчинд ямар бодлого хэрэгжүүлэх үү гэхчилэн бусад салбаруудад ч хамаарах юм.

 -Тооллогын явц хэр байгаа вэ? Иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Бид 380 таблетаар мэдээлэл цуглуулж байгаа. Таблет хүрэлцэхгүй байгаа учир тооллогыг гурван бүст хувааж хийж байна. Нэгдүгээр бүс буюу Булган, Орхон аймгууд тавдугаар сарын 21-ээс зургадугаар сарын 3-ны хооронд, тариалалт голчилсон буюу Сэлэнгэ, Төв, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад зургадугаар сарын 6-19-ний хооронд, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Улаанбаатар, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгуудад зургадугаар сарын 24-өөс долдугаар сарын 8-ны хооронд тооллого зохион байгуулна.

Эхний бүсийн тооллого дуусвал дараагийн бүс рүү таблетаа зөөгөөд ашиглаж байна. Ялангуяа нэг болон хоёрдугаар бүс нь газар тариалангийн нутаг учир илүү их цэг хатгах ажиллагаа ихтэй. Гуравдугаар бүс нь мал аж ахуй голлосон нутгууд. Түрүүн хэлсэнчлэн таблетад мэдээлэл оронгуут сервер лүү шууд дамжиж орж байгаа учир бид явцыг шууд харж байна. Тухайлбал, мэдээлэл цуглуулагч Сүрэнгийн мэдээлэл орж ирэхгүй байхад хугацаа алдахгүйгээр Сүрэнд ямар асуудал гарсан эсэхийг тодруулж, арга хэмжээ шуурхай авснаар тооллого шуурхай явж байна. Нөгөө талаар төрийн үйл ажиллагаа цахимжихын хирээр иргэд мэдээллийн чухлыг ойлгодог болсон байна. Мэдээллээ бүрэн зөв, үнэн өгөх нь эргээд статистик мэдээлэл, нотолгоонд суурилсан төрийн бодлого хэрэгжинэ гэсэн хүлээлттэй болсон нь харагдаж байна.

-Тооллого хийж буй албаны хүмүүст ямар хүндрэл бэрхшээл учирч байна вэ?

-Бэрхшээл гэхээсээ илүүтэйгээр орон нутагт манай тоологч нар анх удаагаа таблет ашиглан судалгаа авч байна. Анхандаа таблетаа ашиглаж чадахгүй байх зэрэг хүндрэл гарч байсан бол богино хугацаанд хэрэглэж сурлаа. Гэхдээ таблетаар мэдээлэл цуглуулахад хялбар, бичиг цаасанд хэмнэлттэй байна гэсэн.

-Тооллогын талаарх мэдээллийг хаанаас харах боломжтой вэ?

-Үндэсний Статистикийн Хорооны бүх статистик мэдээлэл “www.1212.mn” сайтад нээлттэй байдаг. Бүх тооллого, судалгааны мэдээллийг иргэд авч ашиглах боломжтой. Хувь хүнийг нууцлалыг хангасан өгөгдлийг ашигласнаар гүнзгийрүүлсэн судалгаа хийх бололцоо бүрддэг. Манай Үндэсний Статистикийн Хороо өгөгдлийн нээлттэй байдал, хамрах хүрээгээрээ дэлхийд есдүгээрт, зүүн өмнөд Азидаа нэгдүгээрт ордог. Бид статистикийн мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийг зорьдог.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж