Энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Т.Доржхандын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Д.Цогтбаатарын хувьд ард түмэн өөрсдөө төлөөлөгчөө сонгох нь зүйтэй гэж байгаа бол Т.Доржхандын тухайд Сонгуулийн хуулийг өөрчилж, холимог системийг оруулах нь ирээдүйн 30 жилд ашигтай гэсэн юм.
Д.ЦОГТБААТАР
УИХ-ын гишүүн
-Сонгуулийн тогтолцоо мажоритар байх нь зөв. Яагаад гэвэл гишүүд иргэдийнхээ нүд рүү харж байгаад сонгогдоод сурчих хэрэгтэй. Даргын цүнх барьж гүйгээд жагсаалт руу орж ирээд хэрэггүй. Ард түмэн өөрсдөө сонгоно. Пропорциональ тогтолцоотой ихэнх орнууд холбооны шинж чанартай улсууд байдаг. Нийгэм дэх бүлгүүдийн ашиг сонирхлын хуваагдал биш, бүс нутгийн хэдэн зуун жилийн соёл иргэншлийн өөр хоорондын жижиг ялгаа байдаг учраас үүнийг нэгтгэж өгөхөөр пропорциональ тогтолцоог гаргаж ирсэн байгаа юм. Тиймээс Монгол Улсад энэ тогтолцооноос илүү мажоритар систем байх нь оновчтой. Манайх шиг жижиг, ерөнхийдөө нэг үндэстнээс бүрдсэн оронд пропорциональ тогтолцоо хэрэггүй. Пропорциональ тогтолцоогоор хүмүүсийг сонгохоор гудамжинд жагсаал цуглаан болохгүй гэж яриад байна. Иргэдийн жагсах эрх гэдэг энэ улсын засаглалд оролцож буй хэлбэр байхгүй юу. “Надад таалагдахгүй бол би гараад жагсах эрхтэй. Намайг жагсаахгүйн төлөө амьдралыг сайжруулж өг. Амьдрал нь муудаж байгаа бол тэр хүн гарч ирээд үгээ хэлэх эрхтэй”. Энийг байхгүй болгохын төлөө сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж байгаа бол хэзээ ч тийм юм байх ёсгүй. Ардчилсан тогтолцоотой бол дуу хоолойгоо хүргэх эрхтэй байх ёстой. Пропорциональ тогтолцоотой орнуудад жагсаал болдоггүй гэж хэн яриад байгаа юм. Тавьж буй зорилготойгоо уялдахгүй зүйл яриад байна.
Т.ДОРЖХАНД
УИХ-ын гишүүн
-Өнөөгийн сонгуулийн тогтолцооны үр дүн хангалтгүй байна. Өмнөх 30 жил бид тодорхой түвшинд алдчихлаа. Гэхдээ дараагийн 30 жилд бид алдаа хийх эрх байхгүй. Ийм болохоор тогтолцооны өөрчлөлтийг өнөөдөр хийх хэрэгтэй байна. Тиймээс бид иргэдтэй уулзаж тогтолцооны өөрчлөлтийг хийе, Засгийн газрыг цомхон болгоё, бизнесээ хийе, гадна дотны хөрөнгө оруулалтуудыг татдаг байя, өөрсдийнхөө байгаа төсвийн эх үүсвэрээр 76 гишүүнийг санхүүжүүлэхээсээ илүү урт хугацааны эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалтуудыг хийдэг байя, санхүүжүүлдэг байя. УИХ нь бодлого ярьдаг байя, үүнийг та дэмжиж байна уу гэхэд бүгд л дэмжиж байна. Мөн яагаад парламентын ардчилал гэж, яагаад нэг хүний засаглал биш юм бэ? Яагаад нэг намын засаглал биш юм бэ? Яагаад ардчилал хүний эрх ийм чухал юм бэ гээд ярихаар иргэд маань маш их дэмжиж байна. Үүнд хот, хөдөөгийн ямар ч ялгаа алга. Иргэд маань энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй юм байна. Өнөөдрийн амьдралаар бид нар 30 жил амьдрах нь боломжгүй. Гучин жил гэдэг бол хүний амьдралын нэг үе, тухайн хугацаанд хөгжсөн улсууд маш их байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос улс 25 жилийн хугацаанд хөгжсөн байдаг юм. 1961 онд Өмнөд Солонгос улс хөгжлөөрөө Ази тивд араасаа нэг юм уу хоёрт ордог байсан шүү. Израиль улсыг бүгдээрээ мэдэж байгаа, дайны дараа газар нутаг байхгүй гээд явж байсан, газар нутаг зааж өглөө. Тэр нь болохоор жижигхэн газар нутаг, намаг шалбаагтай дээр нь ялаа шавсан газар байсан. Ийм газар тэд төмсөө тарьж байна, технологи инновацид хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Бүтэн 20 жилийн дотор, өнөөдөр Израиль улс хөгжилтэй улс болсон. Дэлхийн банк санхүүгийн төвүүд, мөн хөрөнгө оруулалтын банкуудаар израиль, еврей хүмүүс байна. Тэгэхээр 20-30 жилийн хугацаанд хөгжсөн улс үндэстний сайн жишээнүүд дэлхий дээр дүүрэн байна.
Холбоотой мэдээ