Ц.Саранцацрал: Нойрны хямралтай үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Ц.Саранцацрал: Нойрны хямралтай үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн

Нойр нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт юм. Гэвч хүмүүс ажлын ачаалал, нийгмийн стресс бухимдал зэрэг олон хүчин зүйлийн улмаас нойрны хямралд өртөх нь бий. СЭМҮТ-ийн Поликлиник хэсгийн Настны эрүүл мэнд хариуцсан амбулаторийн үзлэгийн эмч Ц.Саранцацралтай нойрны хямрал, түүнийг эмчлэх талаар ярилцлаа.

-Нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?

-Нойргүйдэл гэдэг нь ямар ч өвчний хамгийн эхний шинж тэмдэг байдаг. Хүн бүр нойрны хямралд орж болно. Тухайн хүний сэтгэл санааны байдал, бие эрхтэний өвчин, хүрээлэн буй орчны нөлөө, эмийн зохисгүй хэрэглээ, ахуйн дэглэм зэрэг олон хүчин зүйлийн улмаас нойргүйдэл үүсдэг. Жишээ нь, унтахын өмнө их идэх, кофе уух нь нойр сэргэх нөхцөл болдог. Иймд амьдралын хэв маяг нойр хэвийн байхад чухал нөлөөтэй.

-Нойр дутуу байх нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нойргүй удаан явбал ядарч, сульдана, ой тогтоолт муудна. Мөн ажлын бүтээмж, эрч хүч буурах, анхаарал төвлөрөхгүй байх, гэрэл дуу чимээнд дургүй, ууртай болно. Сэтгэцийн талаас өөрчлөлтүүд их илэрснээр сүүлдээ бие махбодын өвчин болдог.

-Унтахын өмнө гар утас үзэх нь нойрны хямралд оруулдаг хүчин зүйл мөн үү?

-Гар утаснаас хэт ягаан туяа ялгарч байдаг. Энэ нь хүний нойрыг сэргээдэг. Унтахаасаа хоёр цагийн өмнө гар утас, согтууруулах ундаа, кофе болон бусад зүйлсийн хэрэглээгээ зогсоох хэрэгтэй. Харин усанд орж, дасгал хөдөлгөөн хийж, унтахдаа бэлдэх нь зүйтэй. Мөн дуу чимээ бага, агаарын солилцоо сайтай орчин бүрдүүлж унтах хэрэгтэй.

-Нойргүйдэлд орсон хүн ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Нэгэнт нойргүйдэлд орсон бол эмийн эмчилгээ шаардлагатай. Гэхдээ эхлээд юунаас болж нойргүйдэлд орсон бэ гэдэг шалтгааныг тодорхойлно. Хэрвээ хувь хүний ахуйн дэглэм, хүрээлэн буй орчноос шалтгаалсан бол түүнийг засч сайжруулах хэрэгтэй. Харин сэтгэл санаа, бие махбод, эмийн зохисгүй хэрэглээнээс үүдсэн нойргүйдлийг эмчийн заавар, зөвлөгөөгөөр эмчилнэ.

-СЭМҮТ-д нойрны хямралтай хүн хэр их хандаж, үйлчилгээ авдаг вэ? 

-Үйлчилгээ авч буй хүмүүсийн ихэнх хувь нь нойрны асуудалтай ирдэг. Covid-19-ийн улмаас нойргүйдэл нэмэгдсэн. Энэ нь хөл хорионоос үүдэлтэй стресс бухимдал, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой.

Нойргүйдлийг даван туулах зөвлөмж

  1. Амьдралын буруу хэвшлийг засах замаар
  2. Та унтах үедээ аль болох чимээ шуугианыг багасгах хэрэгтэй.
  3. Харанхуй орчинд унтах
  4. Аль болох тухтай унтахыг хичээх хэрэгтэй
  5. Бүтэн өдрийн турш хэрэглэдэг уух зүйлсийн хэмжээг багасгах.

Өдрийн туршид хэт их цай, эсвэл кофе уухгүй байх (ялангуяа оройн цагаар)

  • Хэрэв согтууруулах ундаа хэрэглэдэг бол хэрэглэх хэмжээгээ багасгах.
  • Тамхиныхаа тоог аль болох багасгах.
  • Унтахаасаа өмнө идэх, эсвэл уухаас зайлсхийх
  • Тогтмол цагт хоолоо идэх, орондоо орохоос 2-3 цагийн өмнө юм идэх
  • Тогтмол дасгал хийх
  • Унтахаасаа өмнө амрах цаг гаргах
  • Өдрийн цагаар нойрмоглохоос зайлсхийх
  • Өглөөд тогтмол цагт босч байх
  • Оройд тогтмол цагт орондоо орж байх
  • Унтахгүйгээр орондоо хэвтэхээс зайлсхий

Амьсгалын дасгал хийх замаар

Удаан амьсгал авах (3 секунд)
Амьсгалаа удаан, зөөлөн, тайван гаргана (3 секунд)
Дахин амьсгаа авталаа түр завсарлана (3 секунд)

  • Цээжээ биш, цээжнийхээ хөндийг ашиглан хамраараа амьсгалаарай
  • Оройн цагаар сандал дээр тухтай суугаад, 5-10 минутын турш дасгалаа хийгээрэй.

Л.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж