Хямд өртөгтэй загварлаг хувцас өмссөний төлөөс

Хуучирсан мэдээ: 2022.06.22-нд нийтлэгдсэн

Хямд өртөгтэй загварлаг хувцас өмссөний төлөөс

Хямд өртөгтэй загварлаг хувцас өмссөний төлөөс

Дэлхий дахинд “Fast fashion” буюу хямд өртгөөр бүтсэн орчин үеийн загварлаг хувцас трэнд болж байна. Даанч түргэн хоол биед сайнгүй байдгийн адилаар “түргэн загвар” байгальд хор хөнөөлтэй. Загварын чиг хандлага хурдацтай өөрчлөгдөхийг дагаад хямд өртөгтэй хувцсыг олноор нь үйлдвэрлэх болсонтой энэ нь холбоотой.

Үүний үр дүнд бүсгүйчүүд шүүгээ дүүрэн хувцастай атлаа өмсөх юмгүй болжээ. Оксфам судалгааны байгууллагаас гаргасан нэгэн судалгаанд дурдсанаар хүн бүрийн шүүгээнд дунджаар 57 ширхэг өмсдөггүй хувцас байна гэжээ. Их Британид жил бүр сая тонн хувцас хаягдаж, үүний 20 хувь нь хогийн цэг дээр очиж байна.

Гэтэл хямд хувцас худалдаж авсны бодит төлөөс нь юу вэ? Хувцас үйлдвэрлэхийн тулд байгалийн асар их нөөц баялгийг ашиглаж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бий болгодог. Хувцас загварын салбар нь агаарын тээвэр, далайн тээврийн салбарыг нийлүүлснээс ч илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг гэдгийг НҮБ мэдээлсэн. Тодруулбал, энэ нь дэлхийн нийт хүлэмжийн хийн 8-10 хувийг эзэлдэг аж.

Загварын салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн ихэнх нь хувцас үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдээс үүдэлтэй. Хувцасны гол түүхий эд болох хөвөн нь дэлхийн тариалангийн талбайн 2.5 орчим хувийг хамардаг. Түүнчлэн полиэстер гэх мэт синтетик материалууд нь жилд ойролцоогоор 342 сая баррель газрын тос шаарддаг юм байна. Хувцсыг өнгө оруулахын тулд жилд 43 сая тонн химийн бодис ашигладаг. Мөн мэдээж их хэмжээний ус хэрэглэдэг аж.

Их Британийн Байгаль орчны аудитын хорооноос гаргасан тайланд дурдсанаар, нэг цамц, хос жинсэн өмд үйлдвэрлэхэд 20 мянган литр ус зарцуулагдана гэжээ. Түүнээс гадна хувцсыг угаахад хэдэн зуун мянган ширхэг микропластик утас ялгардаг аж.

Дэлхийн банкнаас тооцоолсноор 2030 он гэхэд хувцасны борлуулалт 65 хүртэл хувиар өсөх магадлалтай аж. Энэ нь цахим худалдааны салбарын өсөлттэй салшгүй холбоотой юм.

Хямд өртөгтэй загварлаг хувцсыг хэн хамгийн их худалдаж авч байгааг харуулсан судалгаа байдаг. Хүрээлэн буй орчныг хамгаалах “Hubbub” нэртэй байгууллагын хийсэн судалгааг харвал, 16-24 насны залуусын тавны хоёроос илүү хувь нь долоо хоногт ядаж нэг удаа цахим худалдаанаас хувцас авдаг байна. Харин бусад насны бүлгийн хувьд 13 хувь нь цахимаар хувцас худалдаж авч байна. Европын орнууд дотроос Их Британийн худалдан авагчид хамгийн их хувцас худалдаж авдаг аж.

Хувцас үйлдвэрлэгчид болон хувь хүмүүс загварын салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Үүнийг тодорхой болгох зорилгоор НҮБ-аас “Act now fashion challenge”-ийг эхлүүлсэн. Энэхүү давлагаа нь загварын салбарын нүүрстөрөгч ялгаруулалтыг багасгах нь дэлхийн дулаарлыг хязгаарлах гол хүчин зүйл юм гэсэн үндсэн санаатай.

Энэ хүрээнд “H&M”, “Adidas”, “Zara” брэндүүд дахин боловсруулсан түүхий эд ашигладаг эко цуглуулгуудаа танилцуулжээ. Гэтэл ийм цуглуулгууд нь хэт их хэрэглээг сурталчлах асуудлыг шийдэж чадахгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. “Zara” брэнд энэ шүүмжлэлийг няцааж мэдээлэл өгсөн. Тэд эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх эсвэл хэт их хэрэглээнд уриалахын тулд зар сурталчилгаа ашигладаггүй гэв.

Түргэн загвартай зэрэгцээд удаан загварын брэндүүд ч олноор төрөн гарах болсон нь сайшаалтай. Энэ нь жилд хэдхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тэдгээр нь байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай байдаг компаниуд юм. Нөгөө талаас хүн бүр тэр хувцаснуудыг авч хүчрэхээр биш юм. Лондонгийн хувцас загварын жижиг академиас явуулсан судалгаанд хамрагдсан залуусын гуравны нэг нь энэ төрлийн хувцсанд таван фунтээс илүү үнэ төлөхгүй гэж хариулжээ.

Дэлхийн дулаарлын эсрэг давлагаанд нэгдэж, хэт их хувцас худалдан авахаас зайлсхийх өөр нэг арга бол хуучин хувцас худалдаж авах юм. Мөн өөрийнхөө хуучин хувцсыг бусдад зарах, түрээслэх арга байж болно. Эцсийн эцэст бага худалдан авалт хийх нь хамгийн үр дүнтэй шийдэл гэдгийг “BBC” онцолжээ. Жилд найман хувцас шинээр худалдаж авахад загварын салбарын ялгаруулж буй хүлэмжийн хийг 37 хувиар бууруулна гэж Лидсийн их сургуулиас хийсэн судалгаагаар тогтоосон байна.

Их Британийн засгийн газар загварын салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ санаачилсан. Үүнд дахин боловсруулах төвүүдийг санхүүжүүлэх, хувцас засварын үйлчилгээний НӨАТ-ын хэмжээг бууруулах, сургуулиудад оёдлын хичээл түлхүү оруулах зэрэг багтана. Гэвч энэ арга хэмжээний аль нь ч бодитоор хэрэгжиж эхлээгүй байна. Магадгүй хувцсанд байгаль орчны татвар ногдуулах зэрэг хатуу арга хэмжээ авбал илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж