Гишүүдийн тоо: Үгүйсгэх мянга, өмөөрөх ганц шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.06.21-нд нийтлэгдсэн

Гишүүдийн тоо: Үгүйсгэх мянга, өмөөрөх ганц шалтгаан

Гишүүдийн тоо: Үгүйсгэх мянга, өмөөрөх ганц шалтгаан

Хууль боловсруулах нэг хэрэг. Батлах өөр хэрэг, хэрэгжүүлэх бүр адармаатай юмсанж. Хууль иргэн хоорондын харилцааг зохицуулж чадаж байгаа нь эргэлзээ төрүүлэх болов. Хууль хүн бүхэнд эрх тэгш үйлчилдэг байхыг хэн хүнгүй хүсэмжилж, тэр ч бүү хэл аргаа бараад хүн ёсны хэм хэмжүүрийг нэхэх болжээ. Хууль үйлчлэхгүй болохоор шударга байдлыг хүссэн иргэд шүүх, хуулийнхныг буруутгах бол тэд үзэмжээр бус, хуулийн дагуу хэргийг шийддэгээ учирладаг. Харин хуулийг нь УИХ тогтоодог.

Тэдний баталсан хууль өнөөгийн арчаагүй, анхиагүй, ядуу, гуйлгачин, шимэгчид, хавтгайрсан халамжийг бий болгосон учраас хүйтэн хошуутай эцэг малаар хууль тогтоогчдоо дуудаад уджээ. Үүнийг ч УИХ-ын дарга зөвшөөрсөн юм.

 УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль тогтоомж нь эрх зүйн чанаргүй, шинжлэх ухааны үндэслэл, тооцоонд суурилаагүй, амьдралтай нийцэхгүй, хууль тогтоомжтой зөрчилдсөн, мөрдөгдөж буй хуулийн зүйл, заалтыг дордуулдаг хариуцлагагүй байдал арилахгүй байгааг энэ дашрамд тэмдэглэе.” /УИХ-ын намрын чуулганыг хааж хэлсэн үгээс 2021-01-29/

Энэ бүх завхрал, гажуудал УИХ-д биш тогтолцоонд байна гэж МАН хоёр жилийн дараа дахин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ)-ийг дахин хийхээр ард иргэдээс санал асуух гэж байна. Ингэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүний тоог нэмэх талаар ярих юм.

Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм бэ, тэр шударга ёс чинь” гэсэн үг монголчуудад таалагдсан шалтгаан нь ердөө тэр.

ТОГТОЛЦОО БА ТООЦООЛОЛ

2020 оны сонгуулиар санал өгсөн хүмүүсийн зөвхөн 42 хувь нь МАН-д саналаа өгсөн ч тэд УИХ-ын 76 суудлаас 62-ыг нь авч, төрийн эрхийг үргэлжлүүлэн барьж буй. Энэ хэрээр сонгогчдод гэхээсээ намдаа хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд УИХ-ын гишүүн болдог гэдгийн тод жишээ нь өнөөгийн парламент болчихлоо. Үзэл бодлын нарийн зааг, ялгаагаар ялгардаг болчихсон өнөө цагт өнөөх УИХ-ын гишүүн нь сонгогчдоо загнаад, даргаа дагаж долоогоод буйн шалтгаан УИХ-ын бус намын дарга хүчтэйн нотолгоо. Тийм тул тойргийнхоо орон гэргүйчүүдэд тусламж үзүүлж үзээгүй байж намын даргын өрөөний халаалтыг яриад суухдаа ичихгүй байна.

Сүүлийн УИХ-ын сонгуулийг хийхдээ Монгол Улсыг нийт 29 тойрог болгосон агаад түүний 20 нь аймаг, 9 нь нийслэлийнх болсон билээ. Нийт хүн амын талаас илүү хувь амьдардаг нийслэлд 24 мандат, үлдсэн 52 нь орон нутагт оногдож байна гэсэн үг. Гэсэн атлаа сонгогчдынх нь 60 хувийн санал цөөнх болчихсон гээд бодвол тогтолцоонд асуудал бий. Жалга, довны үзлийг өөгшүүлсэн энэ тогтолцооны гайгаар нийслэлд хүүхдээ цэцэрлэгт явуулахад сугалаа сугалуулж, сургуульд дөрвөн ээлжээр хичээллэхэд хүргэдэг бол хөдөөд суралцах хүүхэдгүй байхад нь сургууль, цэцэрлэг барьж, сумын төвийн клубын байшин барихад хотын татвар төлөгчдийн мөнгийг хуваарилдаг. Сонгогчдодоо таалагдах гэж тэр. Тиймээс энэ балай тогтолцоог өөрчлөхийг бүхий л нам дэмжиж байна.

100 ЯМААНД 60 УХНЫ ЗӨВТГӨЛ

Гаднын жишгээс харвал, Монгол шиг хүн амтай улс орны парламент 100-150 гишүүнтэй байдаг аж. Хамгийн гол нь парламентын гишүүний тоо цөөн байх тусам Засгийн газраа хянах чадваргүй болдог. Үүний хамгийн тод жишээ нь “ЖДҮ” гэх хэрэг байсан. Парламентын даргаа огцруулж, шинэ засаг байгуулан, эрх мэдлийг авахын тулд УИХ дахь МАН-ын бүлэгт 33, 32-ын гэж хоёр хуваагдаад, сөрөг хүчнийхээ оролцоотойгоор асуудлыг шийдсэн. Үүний шагнал болгож Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих сангаас хэлэлцсэн юм шиг хүү багатай зээл авцгаасан.

Нөгөөтэйгүүр, эрх баригчдын УИХ дахь эл хуваагдлыг өөртөө хамгийн ашигтайгаар эргүүлсэн хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга бөгөөд ҮАБЗ-ийг урьд өмнө нь байгаагүй эрх мэдэлтэй болгох хуулийг барьцаалагдсан гишүүдээр батлуулсан. Ингэснийхээ ачаар үгэнд нь ороогүй шүүгчдийг халдаг, томилдог болсон билээ. Өөр олон ч хуулийг “төмсөгдөн” гишүүдээр батлуулсан нь нууцгүй үнэн. Тэр тоолонд иргэд хохирч бүлэглэл завшсан юм.

Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог цөөлөх нь явуургүй санаа мэт боловч улс орны хэмжээнд аваад үзвэл чухал ажил. Монгол Улс 1992 онд 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болжээ. Шинэ Үндсэн хуулийг батлахад нэг гишүүн 27.6 мянган хүн төлөөлж байсан бол өдгөө 44.7 мянган иргэнийг төлөөлж байна гэх тооцоо бий. Энэ утгаар нь аваад үзвэл, парламентын тоог нэмэх шаардлагатай. Түүнээс ч илүү чухал зүйл нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр тэдэнд нөлөөлөх нөлөөллийг багасгана.

Тэднийг лоббидож, авлигадаж, асуудлаа шийдүүлэх гэвэл өмнөсөө олон хүнтэй тохиролцох хэрэг гарна. Тэр хэрээр луйвар ил болох магадлал ихэснэ. Нэг нь намын даргаа хараад, улсын эрх ашгийг хөсөрдүүлэх кноп дарлаа гэхэд ичих булчирхайтай нь эсрэг зогсох нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, 76 гишүүнд нөлөөлөх нэг хэрэг, 150 гишүүнд нөлөөлөх амаргүй хэрэг. Парламент хүчтэй байх нь дэлхийн бодлогыг тодорхойлолцдог хоёр том хөрштэй манайх шиг улсад тэдний нөлөөнд автахгүй байх давуу талтай.

Жилээс жилд, сонгуулиас сонгуульд босго нь намсаж, бодлого нь жижгэрсээр буй парламентын сонгодог утгыг өнөөдрийн гишүүдээс харах нь өөрөө утгагүй.

Багцлахад амархан өнөөгийн парламентын гишүүний тооноос болоод өнөөдөр эрх баригч намын генсек УИХ-д сонгогдоогүй хэр нь даргаас нь ч дутахгүй нөлөөтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж