Японы эрдэмтэд өмхий үнэр гарахаас сэргийлсэн хогийн сав зохион бүтээв. Тус улсад бүгчим зуны улирал ирж байгаа тул таагүй үнэрийн улмаас жоом, шавж хүртэл үүрлэх магадлалтай байдаг аж. Ялангуяа өдөр бүр загас идэж байгаа тохиолдолд хогийн сав өмхийрдөг байна.
“Clean box” нэртэй энэхүү хогийн савыг бүтээхдээ ердийн хөлдөөгчний технологи ашигласан бөгөөд хог хаягдлыг -11 хэмд хадгалж, бактер үржихээс сэргийлэх ажээ.
Хүмүүс таагүй үнэрээс сэргийлэхийн тулд зарим хог хаягдлаа гал тогооны хөлдөөгчид хадгална гэж ярихыг сонсоод Наканиши Кинзоку Когё энэ санааг гаргасан байна. Хөлдөөгчинд хогоо хийснээс хогийн савандаа хөлдөөгч хийх нь илүү дэвшилтэт санаа байжээ. Японд 2016 онд хийсэн нэгэн судалгаагаар таван хүн тутмын нэг нь хөргөгч, хөлдөөгчдөө хог хийх гэж оролдсоныг тогтоосон байна.
“Clean box” хогийн савны анхны хязгаарлагдмал тоотой бүтээгдэхүүн 2019 онд худалдаанд гараад, тэр даруйдаа зарагдаж дуусчээ. Тиймээс энэ оны дөрөвдүгээр сард олон нийтийн санхүүжилтийн кампанит ажил өрнүүлсэн байна. Өдгөө “Clean box” хогийн сав Японы хаа сайгүй, цахилгаан барааны дэлгүүрүүдэд 48 мянга орчим иенээр зарагдаж байгаа аж.
Хогийн савны багтаамж 20 литр бөгөөд 69х23х44 см хэмжээтэй, цахилгаан зарцуулалтын хувьд өдөрт есөн иен байх юм байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ